-АВЛИГЫГ ХАЛАХ РЕФОРМ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА-
Энэ жил Монгол Улсын төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байхаар хуульчлан баталсан ч хэмжээндээ хүрч дийлэхгүй нь тодорхой болоод буй. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын мэдээллээр энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын их авлигачдын учруулсан хохирол 11.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь хоржоонтой юм. Коронавирусний тархалтаас сэргийлсэн хөл хорио хоёрдугаар сараас эхэлж, үндсэндээ энэ оны эхний хагас жилд эдийн засгийн цусны эргэлт удааширсан. Наадмын өмнөх мэдээллээр төсвийн орлого 1.2 их наядаар тасраад байгаа. Эхнээсээ хоёр их наядын алдагдалтай баталсан төсвийн данс улайсан байр байдалтай байна. Гэтэл авлигын эргэлт хурдацтай хэвээрээ байгаа нь бүхэл бүтэн жилийн төсөвтэй тэнцэх тоон дүнгээс харагдаж буй юм.
Сонгуулийн сурталчилгааны өдрүүд рүү эргэн өнгийвөл нэр дэвшигчдийн олонх нь Монгол Улсад тулгамдсан хамгийн хүнд асуудлуудын эхэнд авлигыг цохон тэмдэглэж байсан билээ. Хөгжил, дэвшлийн тухай хэчнээн сайхан зүйл ярилаа гээд авлигажсан тогтолцоо хэвээрээ байгаа цагт хүрч очихоор зорьсон цэг улам алсарсаар байх болно гэдгийг хаа хаанаа уг нь ойлгож байгаа л гэж найдая.
АВЛИГА... Энэ үг нийгэмд хуучраад удсан нь үнэн. Хуучрахын хэрээр улс орны ирээдүйг “живүүлж” байгаа нь бас үнэн. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахаас эхлээд, төрийн том том тендерүүд, том албан тушаалуудын наймаа гээд бүхий л нэгжид авлига үүрлэчихсэн байгаа нь бас л үнэн. Тэгээд яах вэ гэж үү. Нийгмийн эд эс бүрт нэвчсэн авлигыг байх л ёстой зүйл гэж эвлэрээд, бие биенээсээ, ирээдүйгээсээ боломжийг нь хулгайлсаар байх ёстой юу гэдэг асуултыг та бид бүгдээрээ л өөрсдөөсөө асуух цаг хэдийнэ болоод, хэтэрсэн. Нэг ёсондоо авлигыг халах реформ Монголд хэрэгтэй байна.
Статистик эргэн харахад, Авлигатай тэмцэх газрын мэдээллээр 2017 онд авлигын гэмт хэргийн улмаас манай улсад 69 тэрбум 546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирснаас, 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийг нөхөн төлүүлсэн байдаг. Авлигачдын учруулсан хохирлыг барагдуулсан хохирлын мөнгөний хэмжээтэй харьцуулахад 58 тэрбумын зөрүү 2017 онд гарч байжээ. Тэгвэл 2020 оны эхний хагас жилийн статистикаас харахад 11.8 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 25.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Тэгэхээр барагдуулаагүй хохирлын хэмжээ 10 их наяд 980 тэрбум төгрөг гэсэн үг. Авлигын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн байгаа нь сайшаалтай ч учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх механизм нь цоорхойтой байгаа нь харамсалтай. Авлига ардчилалд итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн нөөцийг багасгаж буй тул авлигын эсрэг зогсох хэрэгтэй гэдэг дээр дэлхийн улс орнууд нэгдэж буй.
Европын холбоо гэхэд жилийнхээ төсөвтэй тэнцүү хэмжээний хохирлыг авлигын улмаас үзэж буйг албаны мэдээлэлдээ тодотгосон байсан. Түүнчлэн Италийн Засгийн газар төрийн мэдлийн компаниудын захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнээс санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг зайлуулах арга хэмжээ авах болсон нь авлигын эсрэг хийж буй дорвитой үйл ажиллагаа болж, мэдээлэгдэж байсан. Энэ бол манай улс дахь төрийн өмчит компаниудын ТУЗ-д тусгаж ажиллаж болох жишээ л дээ.
Манай тухайд төрийн нэрийг барин иргэдийн боломжийг хулгайлдаг, авлигажсан систем тогтсоны энгийн нэг жишээ нь ЖДҮ. Эдийн засагч Б.Эрдэнэбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголд хэрэгжиж буй мөнгөний болон сангийн бодлого, шийдвэрүүдийн нэр, санааг нь гаднаас хараад буруу гэж хэлэхийн аргагүй байдаг. Харин бодитоор яаж хэрэгжих вэ гэдэг нь, ялангуяа аалзны тор мэт авлигадаа баригдчихсан эдийн засагтаа хэрхэн дэмжлэг үзүүлэх нь маш том асуудал. Учир нь авлигын тогтолцооны үндэс, суурь нь төрөөс эдийн засагт оролцох оролцоон дээр тулгуурладаг. Үүнийг жишээ нь бид ажиллах хүч, хүн амын чамгүй хэсгийг ажил, орлогоор хангадаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор байгуулсан санг хэрхэн тоносноос нь бэлхнээ мэднэ. Баригдсан нь л энэ болохоос баригдаагүй нь, баригдсан ч олон нийтийн анхааралд тэгтлээ өртөөгүй нь мөн бий. ЖДҮ-ийн зээл дээр тухайлаад ярихад зориулагдсан хүмүүстээ очихдоо зүгээр банкнаас авснаас нэг их хямдхан очихгүй байна гэдгийг нь бид бас мэднэ. Уг нь гурван хувийн хүүтэй зээл, гэтэл зээл авахаар хөөцөлдөгчдийн туршлагаас харахад зээлийн төслийг заавал тодорхой хүмүүсээр бичүүлж байж л амжилттай болох бөгөөд тэр нь хоёр хувь, банкны үйлчилгээний хоёр хувь, зээлийн төслийг тодорхой холбоодоор дамжуулах ёстой гээд мөн хоёр хувийн нэмэлттэй. Тэгэхээр эдгээр нэмэлтүүдийг төлөхгүй байх эрх мэдэлгүй ЖДҮ-ийн хувьд хамгийн багадаа есөн хувийн буюу зээлийг 200 хувийн нэмэгдэл үнэтэй авна гэсэн үг. Үүнээс гадна мэдээж үргүй зардлууд өчнөөнөөр гарна. Жишээ нь Төрийн банкны захирлуудын гаргасан зээл дээрээ нэмж авдаг 5-10 хувь гэх мэт. Энэ нь аливаа бараа бүтээгдэхүүнийг нэг газар хоёр өөр үнээр зарах боломжгүй гэсэн эдийн засгийн нэг үнийн хуулийг (law of one price) бид Монголд шалгаж байна гэсэн үг. Авлига, системийн гажуудалтай холбоотой үргүй зардлуудаас болоод Монголын зээлийн хүүг байх ёстойгоос нь өндөр байлгаад буй үндсэн шалтгаануудын нэг юм” гэж байсан. Мөн тэрбээр “Төрөөс Ковид-19-ийн эдийн засгийн нөлөөг багасгах дэмжлэгээ хэрхэн авлигад алдчихгүйгээр хүрэх ёстой хүмүүст нь хүргэх вэ. Багахан үйлдвэрлэлийн чадавх маань хаагдаж, хүмүүн капитал, мэдлэг туршлагыг нь устган, ажилгүйдэл, ядуурал улам бүр нэмэгдэж, энэ нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх вэ гэдгээ бид бодитоор хэлэлцэх ёстой. Энэ нь авлигаа үндсээр нь устгасан Сингапур мэтийн улсынхаас тэс өөр байна гэдэг нь ойлгомжтой байх” гэж байсныг сануулъя. Эцэст нь дахин тодотгоход, авлигыг халах реформ Монголд хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 7 )
Албан тушаалаа ашиглаж улсын хөрөнгийг өөртөө ашигласан, бусдад боломж олгосон нөхдүүдийн хувийн хөрөнгийг улсын орлого болгож 20 жилийн ял өгөхөд наад АВЛИГА гээд хөнөөл арилах болно! Эрх барьж байгаа нөхдүүд энэ хуулийн заалтыг зоригтой хийж батлах ёстой! Тэгээд гүйцээ!
Буруу хойшоо.Юуных нь авилгыг устгах вэ?Сонгууль болно бөөв арилга хандив. Засгаа бүрдүүлэх бөөн авилга юм чинь яаж арилхав дээ. Шинэ засгийн сайдын суудлын ханш хамгийн бага 800 сая,хамгийн их үнэ хүрсэн нь 1,5 тэрбум боллоо гээд гадуур жиг жуг яриа байна шүү
Татвар төлөгчдийн хяналтыг альч түвшинд хийдэг гарсан актыг биелүүлдэг хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй бол үндэсний хөрөнгөлөг хүн төрүүлэх ажил утгаа алдлаа
Одоо монгол улс хөгжих ганц гарц татвар төлөгчдийн хяналтын хуультай болж биелэлтэнд нь татвар төлөгчид хяналт тавидаг ёрөнхий хяналтын /дарга ёрөнхийлөгчийг /-ыг ард түмнээс сонгодог байсан яадаг юм
avilgachid hulgaichdiih yag unendee 100 nayad ulhun davna
авилга авсаныг шийтгэж өгсөнийг өршөөх хуулиа батлаачээ малнуудаа
АВИЛГАЧДААСАА 11,8-ГАА АВЧИХВАЛ ТӨСВИЙН МӨНГӨ БҮРДЭХ ЮМ БНА. ШҮҮХ МАШ ШУУРХАЙ, ХУРДТАЙ АЖИЛЛАХ БОЛЖ ДЭЭ...