Монгол Улс коронавирусний тархалтыг дотооддоо алдаагүй ч цар тахлын эдийн засаг дахь нөлөөлөл халдвар тархсан улс орнуудтай ижил хүнд тусаж буй билээ. Оны эхний улиралд эдийн засаг 10.7 хувиар агшсан бол зургаадугаар сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрээд байна.
Эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг уруудуулсан энэ хүнд нөхцөл байдал хувь иргэн бүрийн амьдралд ямар нэг байдлаар нөлөөллөө тусгаж байгаа юм. Цаашид эдийн засгийн хүндрэл үргэлжилж, ядуу, эмзэг бүлгийн иргэдэд хүндээр нөлөөлж магадгүй байгаа учраас Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банктай хамтран нийгэм, эдийн засгийн байдлыг хянах мэдээллийг цуглуулах судалгааг хийсэн байна.
Тодруулбал, тавдугаар сарын 22-29-ний өдрүүдэд “Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны эхний үе шатыг явуулсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт судалгааны дүнг албан ёсоор танилцуулсан юм. Судалгааг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд 2018 онд хамрагдсан 2000 өрхийг сонгон явуулахад, хамрагдалтын түвшин 66.7 хувьтай байжээ.
ГУРВАН ӨРХ ТУТМЫН НЭГИЙНХ НЬ ЦАЛИНГИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ
Цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлснийг уг судалгаа харуулж байна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулжээ. Коронавирусний тархалтаас шалтгаалан өрхүүд бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа нь тасалдсан болон үйлчлүүлэгчийн тоо буурсан зэрэг нь орлого буурахад голлон нөлөөлсөн байна. Малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулжээ. Коронавирусээс шалтгаалсан сөрөг нөлөөнд цалинтай хөдөлмөр эрхэлдэг хүн ам харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэгийнх нь цалингийн орлого буурчээ. Нийт өрхийн 73 хувь, ялангуяа ядуу өрхийн 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлээс эхлэн ямар нэгэн хэлбэрээр бэрхшээлтэй тулгарчээ. Өрхийн гишүүн нь ажилгүй болсон өрхүүд нийт өрхийн 12 хувийг эзэлж байна. Судалгаанд оролцсон нийт 1334 өрхийн долоон хувь нь хөдөө аж ахуйн бус бизнесээ зогсоох шаардлагатай болсон бол 64 хувь нь хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн гэж хариулжээ.
ЯДУУ ӨРХҮҮДИЙН 28 ХУВЬ НЬ ХООЛГҮЙ ХОНОЖ БАЙНА
Ядуу иргэдийн хувьд хүнсний баталгаат байдал нь чухал асуудал. Тэгвэл судалгаанд оролцсон ядуу иргэдийн бараг тал хувь нь сүүлийн 30 хоногт мөнгө, санхүүгийн дутагдал болон үнэ өссөний улмаас хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байна.
Мөн ядуу дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн ядуу дөрвөн өрх тутмын нэг нь ирэх долоо хоногийнхоо хоол, хүнсний хангалттай байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Судалгаанд оролцсон нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь нь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна. Гурван өрх тутмын нэг нь хоол хүнс хүрэлцэхгүй нь гэж санаа зовсон байна. Харин гурван өрх тутмын хоёр нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт тэдэнд нөлөөлсөн гэж хариулжээ. 2020 оны хоёр, гуравдугаар сарын хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь хүнсний баталгаат байдлын үр дүнд тусгагдсан байна. Ядуу дөрвөн өрх тутмын гуравт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сөргөөр нөлөөлжээ. Тэдний 47 хувь нь хоол хүнс хүрэлцэхгүй гэж санаа зовсон, 40 хувь нь эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс идэх боломжгүй үе байсан, 42 хувь нь цөөн хэдхэн нэр төрлийн хоол хүнс хэрэглэсэн, 28 хувь нь хоол идэж чадахгүй өнгөрөөсөн, 23 хувь нь бага хоол идсэн байна гэж хариулжээ. Хөдөөгийн өрхүүд хүнсний хомсдолд өртөх магадлал багатай мэт боловч суурьшлаар харахад статистикийн хувьд ямар нэгэн ялгаа ажиглагдахгүй байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ӨРХҮҮДИЙН ОРЛОГО БУУРСАН
Коронавирус бүх салбарын бизнес эрхэлдэг өрхүүдэд сөргөөр нөлөөлж буйг мөн уг судалгаа харууллаа. 2020 онд нийт өрхийн 17 хувь нь хөдөө аж ахуйн бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй юм. Тэгвэл нэгдүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн 73 хувь нь орлого буурсан, 16 хувь нь ямар ч орлогогүй болсон гэж хариулжээ. Ялангуяа үйлчилгээний салбарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн 18 хувь коронавирусээс шалтгаалан ямар ч орлого олоогүй байна. Цар тахлаас шалтгаалан үйлчлүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Мөн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон нь бизнесийн орлого буурсан гол шалтгаан болжээ. Харин цар тахлын үед бараг бүх хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах боломжтой байгааг судалгаа харууллаа. 2020 онд нийт өрхийн 25 хувь нь мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байна. Тэгвэл Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98 хувь нь нэгдүгээр сарын 27-ноос хойш ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байжээ. Гэхдээ зах зээлийн хязгаарлагдмал байдал нь тэдний бүтээгдэхүүн борлуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Өрхийн 58 хувь нь сүүлийн сард хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй гэж хариулжээ. Нэгдүгээр сараас хойш малын үнэ өссөн ч малын гаралтай бүтээгдэхүүний үнэ, ялангуяа ноолуурын үнэ нэлээн буурчээ. ҮСХ-ноос нэгдүгээр сараас хойш малын гаралтай гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 6-12 хувиар өссөн гэж мэдээлсэн нь Хэрэглээний үнийн индексийн өсөлттэй ижил түвшинд байна. Гэсэн хэдий ч ноолуурын үйлдвэрлэл багасаж түүхий эдийн эрэлт буурсантай холбоотойгоор үнэ нэлээн буурахад хүрчээ. 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дүнгээр нийт малчин өрхийн 90 орчим хувь нь ноолуурын үйлдвэрлэл эрхэлж байсан бөгөөд тэдний мал аж ахуйн орлогын 71 орчим хувийг ноолуурын үйлдвэрлэл эзэлж байжээ. Ноолуурын үнийн өсөлт нь 2016-2018 онд хөдөөгийн ядуурал буурахад дорвитой нөлөө үзүүлж байсан юм. Хөдөө аж ахуйн хөдөлмөр эрхлэгчид ердийнхөөрөө ажиллах боломжтой байсан ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн уналт, бүтээгдэхүүнээ борлуулах боломж хязгаарлагдсан зэрэг шалтгаанаар тэдний орлого буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн үйл ажиллагааны орлого нь буурсан гэж нийт өрхийн 70 хувь нь хариулжээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж чадсан өрхийн 87 хувь нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүний үнэ буурсан гэж хариулжээ.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас судалгааны дараагийн шатыг наймдугаар сарын сүүлээр есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
Сэтгэгдэл ( 5 )
ядуу хүн хамгийн жаргалтай нь стресстэхгүй бясалгадаг
Судалгаа явуулаад л болоо юу тээ? Судалгаанд үндэслээд ядуу өрхүүдддээ туслах арга хэмжээ авахгүй юм уу тээ?
30 JIL BUHEL BUTEN ULS ORNIG SUIRUULSEN DARHLAGDSAN HULGAICHUUDIN GAISHUUDEE MONGOLCHUUDIG HUNDLUNGUUS ALGUUR USTGAL HIISEN GENOTSIDSHUUDEE,BUGDIIG ZUV YOS JURAMAAR EH ORONIHOO TULUU HIISEN BOL UDIID UNDUR HUGHILTEI YADUU UVCHIN ULSGULUNGUUR UHEH ZOVLONGUI DIVAAJIN BAIH BAILAA ,UGUI YU,
olsood l ,chalaasnii mongogui.
ene chini deedsuuded ter dundaa Zasgiin gazart ymar ch patlii baihgui shuu dee setguulch ee !