Прокурор С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосноо тайлбарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Манай Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд дуудаж, гурван жил орчим заргалдаад өнгөрөгч сард ялагдал хүлээсэн ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал С.В.Паушокт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын V хэлтсээс 2009 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 буюу “татвар төлөхөөс зайлсхийсэн”, мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 буюу “шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн” гэж үзэн дээрх эрүүгийн хэргийг үүсгэж байв.

“Алтан Дорнод Монгол” компани нь 2007-2008 онд нөхөн татвар, хүү, торгууль, алданги зэрэг нийт 75 тэрбум төгрөгийн татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт нийт 52 тэрбум төгрөг, нийт 127 тэрбум төгрөгийн төлбөртэй болох нь татварын улсын байцаагч, Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Мөн тус компани “Магнай трейд” ХХК-нд шатах, тослох материалын үнэ 413.2 сая, үл хөдлөх хөрөнгийн татварт 18.5 сая, өөрийн компанийн 368 ажилчдын цалинд 349.7 сая, нийгмийн даатгалд 140.6 сая төгрөгийн өртэй болсон аж.

Харин Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдрийн 88 тоот тогтоолоор “Алтан Дорнод Монгол” компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин уг шийдвэр гарсны дараа хэвлэлээр прокурорын байгууллага хувийн ашиг сонирхлын үүднээс хэрэгсэхгүй болгосон мэтээр  мэдээлэл гарах болсонд УИХ-д тайлбар хүргүүлжээ.

Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.В.Паушокийн хэрэгт хяналт тавиад Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан “Татвар ногдох орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн аж. Мөн тус компани нь санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж, татварын байгууллагад хүргүүлдэг байсныг татварын улсын байцаагчийн мэдүүлэг, ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр батлагджээ. Улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн шинжээч “Алтан Дорнод Монгол” ХХК нь татвараас зайлсхийгээгүй, хууран мэхлээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Ийм шийдвэр гаргахад мөн өөр нэг зүйл нөлөөлсөн юм байна. Аливаа хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол иргэний нэхэмжлэл, гомдлыг хангахаас татгалздаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг дуусан дуустал иргэний гомдол нэхэмжлэл зогсдог учир С.В.Паушокийн эрүүгийн хэргийг дуусгахгүй л юм бол Засгийн газар ч, бусад этгээд ч өр төлбөрөө авч чадахгүйд хүрээд байсан аж. Түүнчлэн ОХУ-ын хуулиар эрүүгийн хэрэгт холбогдуулж өөрийн иргэнээ гадаад улсад шилжүүлж өгөхийг хориглосон байдаг учир С.В.Паушок манай улсад биечлэн ирэх хүртэл хэрэг шийдэгдэхгүй хэвээр байна. Харин энэ хэргийг хэрэгсэхгүй болгосноор одоо Засгийн газар болон бусад бүх авлагатай этгээд өрөө шүүхийн шийдвэр биелүүлэх албаар дамжуулан авах нөхцөл нь бүрдэж байгаа тухай УЕП-оос тайлбарлажээ.

ХЗДХЯ-наас УИХ-д уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор Монгол Улс өрөө авахад хүндрэлтэй болж болзошгүй боллоо гэж танилцуулсанд хариу тайлбар өгөхдөө “С.В.Паушокийн бүх хөрөнгө манай улсын банкны барьцаанд хэвээр байж байгаа учир Арбитрын шүүхийн шийдвэрээр гүйцэтгэл хийгээд юмаа авах эрх нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, үүсгээгүй ШШГЕГ-т  нээлттэй байгаа” гэв.

Түүнд мөн Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 буюу “шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн” гэх хэрэг үүсгэсэн байсан нь маргалдагч талуудын эвлэрлээр хаагджээ.

Нийслэлийн прокурорын газраас гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох дээрх шийдвэрт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос дээд шатны прокурорт ямар ч гомдол, хүсэлт гаргаагүй аж. Тийм байхад хөндлөнгөөс прокурорын шийдвэрийг мушгин гуйвуулж, гүтгэсэн мэдээлэл тарааж эхэлсэн учир тус газраас дээрх тайлбарыг гаргаж байгаа юм байна.

Эцэст нь Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Прокурор, шүүх, хуулийн байгууллагын ажилтнууд хуульд заасан үүргийнхээ дагуу шийдвэрээр нь эргүүлэн өөрийг нь гүтгэх юм бол Эрүүгийн хуулийн 259 дүгээр зүйлээр хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мушгин бичээд байгаа хүмүүст анхааруулъя” гэж цахим хуудастаа мэдэгджээ.

Тэрээр мөн шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хатуу хориглосон байдгийг сануулаад “Гүтгэсэн мэдээлэл тарааж, прокурорын шийдвэрт хууль бусаар нөлөөлөхийг оролдож байгаа нь улс төр, бизнесийн бүлэглэлийн зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Тэд бол “Алтан Дорнод Монгол” компанийн алтны дөрвөн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг зогсоож дампууруулаад өнгөтэй, өөдтэйг нь авч, хэрэггүй гэснээ Засгийн газрын өрөнд шахаж үлдээх гэсэн бүлэг хүмүүс. Тэд намайг өөрсдийг нь мэдэхгүй, өөрсдийгөө сүүдэрт, далд байна гэж бодож байгаа байх. Гэвч би үүнийг бүгдийг нь харж байгаа. Энд албан тушаалын хэнээ туссан хонзогногчид бас нийлсэн байгаа” гэжээ.

Ямартаа ч “Алтан Дорнод Монгол”-ын хэргийг хэрэгсэхгүй болгосноор Монгол Улс тус компаниас нэхэмжилсэн их хэмжээний хохирлоо авах хугацааг ойртуулж   байгаа гэж ойлгож болохоор аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top