Сонирхогчдын боксын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019”-ийн “Шилдгийн шилдэг тамирчин”, ОУХМ Э.Цэндбаатартай ярилцлаа. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн болзол хангах тулааныг Узбекстаны боксчин М.Миразизбектэй хийж, хүрэл медаль хүртсэн билээ.
-Хэрэв коронавирус гараагүй бол та өдийд Токиод олимпын наадамд оролцож байх байлаа. Хөл хорионы үед бэлтгэл сургуулиа хэрхэн базааж байв?
-Бэлтгэл сургуулилтаа өдөрт гурван удаа хийж байгаа. Шигшээ багийн маань сургуулилт өглөө 10 цагт, орой 16 цагт байдаг. Мөн өглөө бүр долоон цагаас босож гүйдэг. Оройн цагаар хүчний бэлтгэлийг фитнест хийдэг. Хөл хорио тогтоосон ч тамирчид бид бэлтгэлээ тасралтгүй хийсээр л байна. Хэзээ нэгэн өдөр энэ вирус дуусах л байх.
-Токиогийн олимп нэг жил хойшлогдоогүй бол таны форм хэр байх байсан бол?
-Тамирчид бид дөрвөн жилийн турш олимпд л бэлддэг. Олимпын аварга болохын төлөө бүтэн дөрвөн жилийг зориулдаг. Нэг жил хойшлоход алдсан алдаагаа засах, өндөр формтой болох л цаг хугацаа. Хэрэв хойшлоогүй байсан бол миний форм яг болчихсон байсан. Би нэлээд өндөр формтой байсан. Олимпын аварга болно ч гэсэн итгэл найдвар төрж байсан.
-Одоо хүртэл Токиогийн олимпын эрх олгох тэмцээний хуваарь тодорхойгүй байна. Ийм нөхцөлд бэлтгэл хийх хэцүү байх даа?
-Манай төр засаг тамирчид биднийг байр хоолоор хангаж, бэлтгэл сургуулилтыг алдагдуулахгүйгээр маш их харж үзэж байгаа. Түүний ачаар олимпын эрхийн тэмцээнүүд тодорхойгүй байгаа ч гэсэн сургуулилтаа хийсээр л байна. Хөл хорио удахгүй цуцлагдаж рингэн дээр гарах мөчийг л хүлээж байна даа.
-Рио-2016 оны олимпын эрх авсан түүхээсээ хуваалцвал?
-2013 онд насанд хүрэгчдийн Улсын аварга болж байсан. Харин надад хожигдсон тамирчныг Азийн аварга болон Дэлхийн аваргын тэмцээнд явуулсан. Намайг жаахан байна гээд холбооноос зохицуулалт хийж байсан. Би тэдэнд гомдоогүй ээ. 2014 онд мөн л Улсын аварга болоход надад хожигдсон тамирчныг олон улсын тэмцээнд явуулж байсан. Харин дараа нь 2015 онд дахин Улсын аварга болоод анх удаа олон улсын А зэрэглэлийн том тэмцээнд оролцох байсан боловч мөн л явуулаагүй. Шалтгаан нь надад хожигдсон тамирчин маань илүү туршлагатай байсан. Харин олимпын эрхийн тэмцээнд намайг явуулахаар шийдсэний эцэст Риогийн олимпд явсан даа.
-Олон улсын сонирхогчдын боксын холбоо найраа, авилгатай нь эрт үеэс мэдэгдсэн гэж ярьдаг. Н.Төгсцогт хүртэл сонирхогчдын боксын булхайнаас болоод мэргэжилийн боксод орсон. Үнэхээр тийм байдаг юм уу?
-Тийм ээ. Монголдоо ч биш л дээ. Дэлхийд бол найраатай. AIBA буюу олон улсын боксын холбоо булхайтай шүүлтээрээ илт давуу хожсон тамирчдыг дардаг. Казак, Узбек улсын тамирчидтай таарвал ер нь л шударга бус тулаан болно. AIBA-д олон тамирчин гомдож явдаг байх.
-Та ч гэсэн Токиогийн олимпын дараа мэргэжлийн боксод орно гэдгээ зарласан байгаа. 2019 онд ОХУ-д болсон дэлхийн аваргаар Узбекстаны боксчинд шүүгчийн будлианаар ялагдсан гэдэг. Манайхан заргалдаад дийлээгүй юу?
-Тэр тамирчныг би мэднэ л дээ. Би түүнийг хожсон. Бүх зүйлээрээ би л илүү байсан. Би хожигдсон бол хожигдсоноо хүлээн зөвшөөрдөг. Хэдий манайх заргалдаад дийлээгүй ч би өөрийгөө ялсан гэж бодсоор л байгаа. Би дэлхийн аваргад маш өндөр формтой орсон. Дараа дахиад таарах л байлгүй. Тэр тулаан дээрээ л илүү байна гэж бодож байна. Би олимпдоо орно. Авч чадаагүй зүйлээ заавал авна. “Халаасанд байсан” миний медаль байхгүй юу.
-Та ирэх олимпод 24 настай тоглоно. 24-тэйдөө мэргэжилд ороход арай эрт гэж санагддаг уу. Токиод түрүүлсэн ч, түрүүлээгүй ч мэргэжилд орно гэж ойлгож болох уу?
-Ямар ч эргэлзээ байхгүй мэргэжлийн боксод орно. Бокс бол залуу насны спорт шүү дээ. Хэдий залуу ч гэсэн би Рио-2016 оны олимп дуусаад мэргэжилд орох бодолтой байсан. Хэрвээ би тэр үед мэргэжлийн боксод орчихсон байсан бол Монголын ард түмнийг баярлуулаад л явж байх байсан. Залуу хүн цаг хугацааг хүлээлгүй боломж байгаа дээр нь л ашиглаад авах хэрэгтэй. “Арай болоогүй байх аа” гэж хэлсэн хүмүүсийн үгэнд орсноороо би өөрийгөө алдсан гэж боддог.
-2016 онд Риогийн олимпод 19 настай оролцсон. Туршлага дутсан байх, гэхдээ шагналт тавдугаар байрт орсон. Харин энэ удаад Токиод хүн болгоны мэддэг, жингийнхэн эмээдэг боксчны хувьд очих гэж байна. Сэтгэл зүй ч огт өөр байна биз дээ?
-Надад ямар нэгэн айж эмээж байгаа зүйл байхгүй. Би рингэн дээр гарахдаа эх орноо боддог. Дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэстэй шүү гэж боддог. Сэтгэл зүйн хувьд өрсөлдөгчөө аль хэдийн ялчихсан гардаг. Өөрийгөө маш их зоригжуулдаг даа.
-2017 онд сахилгын шийтгэл хүртэж, хүнд гэмтсэн гэж хэвлэлээр нэлээд нүдүүлсэн. Зарим хүн Цэндээ Токиод заавал түрүүлж, тэр гэмээ цайруулна гэх юм. Энэ нь сэтгэлийн дарамт болдог уу?
-Үгүй. Харин ч намайг хурцалж байна. Рио-2016 оны олимпын дараа хүн болгон л намайг хөөргөж байсан. Бүгд л “андаа, найз аа, ах аа” гээд л. Тийм том амжилтад хүрч үзээгүй залуу хүн хөөрсөндөө алдаа гаргасан байх. Ёстой шүдээ зуугаад яаж эргэж ирдгийг харуулсан даа. Хүн алдаж болно, эргэж босдог л байх ёстой.
-Риогийн таны өрсөлдөгч Шакур Стивенсон одоо мэргэжилд од болсон байна. Та мэргэжлийн боксын продюсер, менежертэй болсон уу?
-Болсон. “Сэрүүн Групп”-ийн захирал Э.Булгантамир гэж хүн байгаа. Намайг мэргэжлийн бокс руу алхуулж байгаа миний менежер.
-Мэргэжлийн боксод мэдээж дэлхийн аварга болох зорилготой байгаа. Хэнтэй тулалдахыг хүсэж байна вэ?
-Мэдээж байлгүй яах вэ. Олимпын хоёр удаагийн аварга Украйн улсын тамирчин Василий Ломаченко, АНУ-ын тамирчин Жастин Мэйвэтр Жонс нартай тулалдаж үзмээр байна. Хамгийн гол өрсөлдөгч бол Шакур Стивенсон. Шакур Стивенсонтой дахин таарч ялахыг хүсэж байна.
А.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Wow Ene bol mash hovor zayah setgel zuitei zaluu bna.mash hol yavna daa.gavyat tsolii n ogchihhui yagaad bgaan bol