Монгол-Хятадын стратегийн түвшний зөвлөлдөх уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 10

Монгол-Хятадын Гадаад хэргийн сайд нарын тав дахь удаагийн стратегийн түвшний зөвлөлдөх уулзалт цахимаар болж өнгөрлөө.

Энэ уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лүо Жаохуй нар оролцсон байна.

Дээрх уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа,бүс нутаг болон олон улсын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лүо Жаохуй хэлэхдээ “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа коронавируст халдварын хүнд цаг үед хоёр тал харилцан бие, биедээ тусалж, халдварт өвчний эсрэг тодорхой үр дүнд хүрлээ. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын ард түмэнд 30 мянган хонь хандивлахаар болсон нь хоёр улсын харилцааны хамгийн эерэг үйл явдал байлаа. Цаашид хоёр улс хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хүнд бэрх цагийг хамтдаа даван туулна гэдэгт итгэж байна” гэжээ.

Монгол Улсын зүгээс коронавирустэй тэмцэх БНХАУ-ын бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ өндөр үр дүнд хүрснийг дурдаад шинээр бүрдсэн Засгийн газар БНХАУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолжээ. Түүнчлэн Монголын талаас “Нэг Хятад” бодлогыг үргэлж дэмжихээ илэрхийлсэн байна.

Хоёр улс хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, худалдааны эргэлтэд анхаарна гэдгээ уулзалтын үеэр илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д(114.184.9.75) 2020 оны 08 сарын 10

Цахим сүлжээн дээрх мэдээллээс харахад Монголыг тэр нэг Хятад бодлогодоо оруулчихсан юм шиг харагдах юм. Монголд эх оронч, зөв стратеги хэрэгтэй байна шүү.

1  |  1
Top