Хичээл сургалт тасралтгүй явагдаж байж хүүхэд хөгждөг. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дүрэм журмыг баримталж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр болсон билээ. Цэцэрлэгийн бэлтгэл, бүртгэл, сургалтын үйл явц хэрхэн явагдах талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа.
-Өмнөх жилүүдэд цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдаж байсан. Энэ жил хэрхэн явагдах талаар эцэг, эхчүүд хамгийн их асууж байна л даа?
-Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг нийслэл хотод энэ сарын 17-ны өдрөөс уламжлалт аргаар явуулж эхэлнэ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд гурван настан 77 хувь, дөрвөн настан 81 хувь, таван настан 100 хувь хамрагдах тооцоо гарсан. Улсын хэмжээнд 3-5 насны хүүхэд 232 мянга байгаагаас 205 мянгыг нь цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байна. Нийслэлд 39 мянга, хөдөө орон нутагт 112 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Энэ хамрагдалтыг хувиар үзвэл 88 хувьтай болох юм. Ажлын таван өдөр хуучин цагийн хуваариараа ажиллаад, бямба, ням гарагт амарна. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй гэвэл гэртээ цахим хичээлээ үзэх нь нээлттэй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд багштайгаа зөвшилцөж, хүүхдийнхээ боловсролд анхаарах ёстойг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Нэг багшид ногдох цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнө нь хэтэрсэн, нэг анги 30-40 хүүхэдтэй байдаг байсан. Энэ жилийн тухайд нэг анги 20-оос дээшгүй хүүхэдтэй байна. Гэтэл цэцэрлэгийн хүртээмж хэр байгаа вэ?
-Улсын хэмжээнд 1469 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 939 нь төрийн өмчийн, 529 нь төрийн бус өмчийн цэцэрлэг. Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. 2020 онд 55 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 100 шахам цэцэрлэг ашиглалтад орсон. Цаашид цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөл барих ажлуудыг хийнэ. Тиймээс хоёр настнууд цэцэрлэгт явахгүй, шинээр ашиглалтад орох цэцэрлэг зэргээ харьцуулаад үзэхээр анги танхим хүртээмжтэй байна гэж үзэж байна.
-Энэ жилийн тухайд хоёр настнууд гэртээ өнжинө гэдэгт эцэг, эхчүүд дургүйлхсэн өнгө аяс ажиглагдсан. Ажил төрөл хийх боломжгүй боллоо гэдэг янз бүрийн л шалтгаан байдаг байх?
-Улсын хэмжээнд энэ жил 77 мянга гаруй хоёр настнуудгэртээ өнжихөөр болж байна. Хоёр настнууд бие бялдрын хувьд арай балчир, шинэ орчинд дасахдаа удаан, дархлаа тогтоогүй байдаг. Тийм учраас цэцэрлэгт яваад ханиад томуу олон дахин тусах, гэдэс гүйлгэх гэх мэт өвчлөлд өртөх нь амархан байдаг. Тиймээс олон дахин эмчилгээ хийлгэж антибиотикын хордлогод орох зэрэг эрсдэл их үүсдэг. Намар сэрүүн орохоор ханиад томууны дэгдэлтэд хоёр насныхан хамгийн их өртөж, х үүхдийн эмнэлэг дүүрч, шалан дээр хүртэл хүүхдүүд хэвтдэгийг эцэг, эхчүүд хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ. Сүүлийн жилүүдийн тоо баримтыг харахаар аравдугаар сарын дунд үеэс хоёр настнуудын 60-70 хувь нь өвчтэй гэх шалтгаанаар цэцэрлэгтээ ирэхээ байчихдаг. Тийм учраас гэр бүл, эцэг эхийнх нь асрамжинд байлгаж цахим сургалтаар хөгжүүлэх бодлого баримталж байна. Хамгийн сайн “багш” аав, ээжээс нь илүү байхгүй гэдгийг хэлмээр байна. Хүүхэд гурван нас хүрээд ирэхээр дархлаа тогтоод бие бялбар нь торниун болчихдог учраас цэцэрлэгт явах боломжтой болно шүү дээ.
-Тэгвэл таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилготой байгаа. Эцэг эхчүүд маань хүсвэл цахимаар ч хүүхдээ хөгжүүлэх боломжтой юу?
-Дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар сургуульд элсэхийн өмнө бүх хүүхдийг дор хаяж нэг жил цэцэрлэгт суралцуулах нь зүйтэй гэж үздэг. Тиймээс таван настнуудаа цэцэрлэгт 100 хувь хамруулна. Энэ нь бага боловсролд, цаашлаад амжилттай суралцах суурь нь болж тавигддаг. Улсын хэмжээнд өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт 321 мянган хүүхэд байснаас 263 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Цэцэрлэгийн хүртээмж 84.2 хувьтай байсан бол энэ жилийн тухайд хоёр настнууд хамрагдахгүй учраас таван настнуудыг бүрэн хамруулах боломжтой гэж харж байна. Гурваас дөрвөн настнууд маань үргэлжлүүлэн цэцэрлэгтээ хамрагдаад явна.
-Хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулъя гэсэн ч амьдралын нөхцөл тааруу, зорилтот бүлгийн хүүхдүүдийг хэрхэн анхаарч байгаа вэ?
-Амьдралын нөхцөл байдал тааруу, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдийн хоол тэжэээлийн дутагдал, суурь өвчнөөс сэргийлж хороо, багийн Засаг даргын тодорхойлолтоор цэцэрлэгт хамруулна.
-Өглөө бүр хүүхдүүдийн халууныг хэмжиж оруулах уу?
-Тэгнэ. Амны хаалттай, халуунгүй, нус нь гоожоогүй, сэжиг бүхий шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийг дотогш оруулна. Цэцэрлэг дотроо бол амны хаалт зүүхгүй. Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж, цэцэрлэгийн орчны ариутгал цэвэрлэгээг тогтмол хийнэ. Хэрэв танай хүүхэд халуунтай байвал харьяа дүүрэг, хорооны эмнэлэг рүүгээ хандаж үзүүлэхийг зөвлөж, акт бичүүлнэ.
-Жил бүр эцэг, эхчүүд цэцэрлэгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэж өгдөг. Энэ нь амьдралын боломж тааруу хүмүүст багагүй дарамт болдог. Энэ жилийн тухайд мөн л бэлдэж өгөх үү?
-Энэ жил цар тахлын давлагаа хэзээ нэмэгдэх, буурахыг мэдэхгүй байгаа учраас магадгүй байдал хүндэрвэл дахин хөл хорио тогтоож ч мэднэ шүү дээ. Энэ эрсдэлээ тооцоолоод дээр хэрэглээний зүйлсийг эхний гурван сараар нь бэлдүүлж авна. Хичээл хэвийн үргэлжилбэл дараагийн гурван сарынхыг нь тухайн үедээ бэлдүүлэхээр шийдсэн.
-Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд юу захиж хэлэх вэ?
-Эцэг, эхчүүд гадуур хүүхдээ авч явахгүй байх, гараа ариутгах, угаах, амны хаалт зүүх, хүүхдээ шим тэжээлтэй хоолоор хангах, дархлааг нь дэмжих, эрт унтуулах гэх зэргээр хоёр дахин хариуцлагатай байх хэрэгтэй байна. Цэцэрлэгтээ хүүхдүүд маш сурдаг. Аав, ээжүүд маань хүүхдүүддээ өөрөө үлгэрлэж байж зөв дадал хэвшлийг суулгаж, эрсдэлээс хамгаалж чадна шүү дээ.
Сэтгэгдэл ( 7 )
СХД ийн 111р цэцэрлэг 5 настай 88 хүүхэд л авна. 90 хүрвэл сугалуулна гээд байна. Бас харъялалын дагуу түр оршин суугаа хаягтай хүүхдийг авагүй гэхийн энийг яаж шийдэх вэ?
БЗДийн 63р цэцэрлэг сугалаагаар 5настай хүүхэд авна гэж байна хэдий болтол онлайн, сугалаа нэрээр хүүхэд хохирох ёстой юм
миний зээ 3настай ноднин жил цэцэрлэгт хамрагдсан Одоо ангийн багш нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй авах боломжгүй гэсэн гэнэ Хаана хандаж учир зүйг олох вэ
5 настай хүүхдүүдийг бүгдийг нь бүртгэнэ гэж хэлчихээд бүргүүлэхгээд очиход зөвхөн нөөцөнд авч бна гэхийн 2 өөр юм яриаад бх юмаа
хүүхдүүд гэртээ байсан нь дээр дээ
Сайхан мэдээ байна. Гэхдээ цэцэрлэгийн барилгуудын агааржуулалтын системийг сайжруулахгүй бол хүүхдүүдийн дунд тархдаг амьсгалын замын өвчинөөр олон хүүхдүүд өвдөх магадлал өндөр байгаа. Өмнөх жилүүдэд цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэг эхлээд удалгүй өвдөж эмнэлэгт ор олдохгүй шалаар хэвтдэг талаар мэдээлэл их байсныг дахиж давтмааргүй байна даа. Одлоо бүр ч анхааралиай байх цаг үе болж байна,энэ муухай өвчнөөс үүдээд. Иймээс цэцэрлэгийн барилгын агааржуулалтын системийг сайжруулах талаар дорвитой арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.
Амжилт хүсье. Ажлаа мэддэг сайн дарга шүү