Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үндсэндээ дуусаж, УИХ-аар хэлэлцэхээр өргөн барьсан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа гурван бодлогын баримт, бичигт тусгасан. Эдийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх уриатай шүүх, эрүүгийн хэрэг, хувийн эрх зүйн шинэтгэл болон бусад гэсэн шинэчлэлийг хийнэ" гэв.

Түүнчлэн "Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ. Ингэснээр үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно. Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг. Манайх шиг задгай газар байхгүй. Санхүүгийн задгай, түүнд дөрөөлсөн зээл олгох, иргэд хохирох орчныг бүрдүүлээд байна, бид. Тиймээс энэ бүхнийг цэгцэлж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ" гэж ярилаа. 

Үүнээс гадна "Манай улс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чаддаггүй.  Энэ бол хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой ял гэж үздэг. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх саналаа гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагдахгүй байна. Тиймээс хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхээр төсөл нь бэлэн болсон. Хуульчийн мэргэжлийн үйл ажилалгаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог болно. Үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах зохицуулалт орж ирж байгаа. Өнөөдөр маш их хуульчдыг бэлтгэж байна. Харамсалтай нь, ажлын байрны шаардлага хангасан хуульчид төгсөж гарахгүй байна. Хүний хувийн мэдээлэлд халдаж байгаа үед тухайн хүнд нь сигнал ирдэг зохицуулалтыг хийж өгнө. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмнэг, донтой хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэнэ. Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана" хэмээн тодотголоо. 


 Мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

-Олон нийт Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл мэдээлэл хийж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнд та тайлбар өгнө үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн 20-иод жил яригдаж, хөндөгдсөн. Өнгөрсөн жил парламент нэлээн урт хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг дунд баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад үндэсний зөвшилцөл явагдсан. УИХ-д суудалтай, суудалгүй нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх талыг оролцуулсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас зөвшилцөх Ажлын хэсэгт орж ирж, тэр яриад байгаа 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Үүнийг УИХ баталсан. Тухайн үед ямар агуулгаар хэлэлцэж, баталсан талаар хүмүүс огт дуугархгүй байгаа юм. Тухайлбал, энэ яамны ширээ, барилга нь төрийн өөрийнх нь өмч юм. Баялаг зүйл бол төрийн нийтийн болон ард түмний өмч гэдэг агуулгаар оруулж ирсэн. Энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгодог хэлбэрийг болиулж байгаа юм. Тэр лицензийг УИХ болон Засгийн газрын түвшинд олгодог л болж байгаа юм. Товч агуулга нь ердөө л энэ. Одоо Үндсэн хуулийг дагаж гарах хуулиуд орж ирнэ. Үүнээс өөр зүйл хэлж чадахгүй.  

-Өдрийн зээлийг хязгаарлана гэлээ. Үнэхээр тийм шаардлага үүссэн үү. Ямар үндэслэлээр өдрийн зээлийг хязгаарлах гэж байгаа юм бэ? 

-Дэлхий нийтээрээ санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар бүртгэлтэй байдаг юм билээ. Бид дэлхий нийтийн жишгээс дандаа эсрэг юм ярьдаг. Ийм агуулгаар амьдрах боломжгүй. Тэнд мөнгө угаасан үгүйг та, бид хоёр нотолж чадахгүй. Нотолж чадахгүй учраас бүртгэлжүүлэх л ёстой. Өдрийн зээл бол иргэдийг маш их дарамтад оруулдаг. Эргээд эд хөрөнгөгүй болгодог тал руу л явж байгаа юм. Ломбардыг нэг мөр хаах тухай яриагүй, зөвхөн бүртгэлтэй болгох асуудлыг л ярьж байна. 

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгахаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа юм бэ?

-Холбогдох байгууллага руу нь бичиг явуулсан. Хэд, хэдэн хэргийг сэргээсэн гэж тайлбарлаж байна. АТГ, УЕПГ, ТЕГ зэрэг байгууллага хэргүүдээ нэгтгэх байх. Би яг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц дээр очсон. Удахгүй хурал нь зарлагдана. Яг энэ үед тоо баримт нь тодорхой болох байх гэж бодож байна.

-Шүүхээс ял авсан хэд, хэдэн хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа цагдан хоригдсон. Энэ нь хэд, хэдэн хуулийг зөрчсөн гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон нь Монгол Улсын хоёр ч хуулийг ноцтой зөрчсөн. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчлөө гэдгийг хэлсэн. Би тэр хүний гэм буруугийн асуудлыг огт яриагүй шүү. Үүнийг нь шүүх шийднэ. Нэгдүгээрт, тэр хүний гишүүний бүрэн эрх нь дараагийн хүн тангарагаа өргөтөл хадгалагдаж байсан. Энэ тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар бол УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, тэр хүний нэр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэнээр хаалт үүсэж байгаа юм. Үүнийг давхар зөрчсөн. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч тайлбараа өгөх ёстой. УИХ-ын гишүүний дархлаа бол төрийн дархлаа шүү гэдгийг гишүүд ярьж байгаа гэдгийг хэлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 18

ББСБ ЛОМБАРД утсаар зээл АПП уудыг цэгцэл..Санхүүгийн мэдлэггүй ч юм уу хэнэггүй ч юм уу хүмүүс утсаар зээл аваад ямар их өрөнд орохоо тооцоолохгүйгээр зээл аваад сүүлд нь төлж чадахгүйгээсээ болоод бөөн өрөнд орцгоож байна..Хоногийн 0.27 хувь..хүүнээс гадна сард тогтмол төлөх шимтгэл...хугацаа хэтэрвэл зээлсэн мөнгөн дүнгийн 50 хувииг автоматаар нэмэх гэх мэт ямар нэгэн аргаар МӨНГӨ НЭМСЭЭР ТӨЛӨХӨД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДӨЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШҮҮ.ЗАЛУУСАА БОЛЖ ӨГВӨЛ УТАСНЫ АПП аас ЗЭЭЛ БИТГИЙ АВ гэж зөвлөе 100000 зээлээд хэд болгож төлөхөө заавал тооц..Ер нь зээл дунд заавал нэг заль явж байдаг шүү

0  |  0
bi(192.82.69.221) 2020 оны 08 сарын 18

Udriin zeelees gadna huvi hun zeel gargaj mungu huulj bgaag burmusun boliulah heregtei.uunees bolj olon hun ed hurungu oron gergui bolj bn .shuuhed ugdug shuuhiin shiidver garguulaad shiidver guitsetgegch nartai huivaldan hunii hurungiig uneguiduulj luivardan bulaaj avch bn.

0  |  0
хэрийн(182.160.36.186) 2020 оны 08 сарын 18

ломбарднаас гадна валют арилжааны цэг ченжүүдийн ажиллагааг цэгцэлж валют солих асуудлийг төр гартаа авбал яасан юм бэ Үүний чинь цаана мөнгө угаах гээд зүсэн зүйлийн булай нуугдаж байгааг хэн ч үгүйсгэхгүй

0  |  0
Top