СУРВАЛЖИЛГА: “ГЭР” хүүхдийн урлангаас

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Хичээл сургуулийн хөл хорио тогтоон хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой газар цөөхөн байсан гэхэд хилсдэхгүй. I хороололд байрлах гар зураг болон гар урлалаар сургалт явуулдаг “Гэр” хүүхдийн урланд хүүхдүүд яг л гэртээ байгаа юм шиг аз жаргалтай инээлдэн шуугиж, хөгжиж байгааг харахад сэтгэл өег байлаа. Тус урлангийн нэгдүгээр давхарт бяцхан углаашнуудыг эрийтэл өрсөн байх нь хайр татам. Тэдний гараар бүтсэн  өөрсдөө будаж чимэглэсэн бүтээлүүд, ханан дээрх зураг энэ өрөөг гэрэлтүүлнэ. Гэрэл гэгээтэй, амьд цэцэгсийн анхилам үнэр үнэртэж, тавиур дүүрэн номууд хараа булааж, ойд аялах мэт орчин үеийн загвар хийцтэй модон сандал ширээнүүдтэй кафе угтлаа. Нэг давхарт багш бүсгүй угтан мэндэлж, амтат лемоны шүүсээр дайлж, ширээнд суухыг  урив. Түүнийг Ц.Дэгмү гэдэг. “Манай урлан 2017 онд байгуулагдсан. Энэ хугацаанд 200-300 хүүхдийг хамруулж бие бялдар, оюун ухааныг нь хөгжүүлэх сургалтыг явуулжээ.  Өнгөрсөн онд кофе шопоо нээж бүх насныханд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин,сургалт, лекц явуулах боломжтой номын өргөөтэй болж өргөжөөд байна даа” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэв.

Уран зураг зурах хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн сууна. Цахим орчин гар утасны тоглоом, зурагтнаас хол амьд харилцаан дээр тулгуурлаж сургалтын үйл ажилагаа нь явагддаг.  Мөн хүүхдүүд тус урланд хамрагдсанаар гоо зүйн өндөр мэдлэгтэй болж төлөвшиж, өөрийгөө олоход нь тусалдаг аж. Туслах багш С.Далайжаргал  “Манай урлангийн онцлог нь хүүхдийн зурсан зургаар түүний сэтгэлзүйн байдал, гэр бүлийн асуудлыг судлан тогтоох, эмчлэх сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг байна. Хүүхдүүд өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй тул зураг зурдаг. Тэд зургаараа дамжуулан өөрсдийн айдас, баяр баясгалан, мөрөөдөл, итгэл найдвар, зүүд гээд маш их зүйл ийг өгүүлдэг. Мөн хүүхдийнхээ зурсан зургаар та гэр бүлийн байдал, тэдний зан чанар болон өөрийнхөө тухай дүгнэлт хийж болдог”  гэсэн юм. Амралтын өдрүүдээр  хоёр ээлжээр өглөө 10-13 цаг хүртэл,  15-18 цагийн хооронд  хоёр ээлжээр хичээллэнэ. Найман удаагийн хичээл нь ердөө л 35 мянган төгрөг гэж байлаа. Энэ хүү хоёр давхар байшинд жинхэнэ амьдрал өрнөж байна. Мягмар гарагаас бусад өдөр номын сан, кофе шоп, мөн ардын уламжлалт бий биелгээ, уртын дууны хичээл хүртэл заадаг. Урлангаа санасан хүүхдүүд маань ч пижигнээд л ороод ирнэ шүү дээ.

“Гэр” хүүхдийн урланд гар урлал болон цаас, гарын доорх материал, төрөл бүрийн хаягдлыг ашиглан хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэх сургалтууд ид өрнөж байв. Энэхүү сургалтаар хүүхэд бүр урлагийн мэдрэмжтэй төлөвшилтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүн болох бүрэн боломжтой ажээ. Тав тухтай тохилог орчинд сургалтанд хамрагдаж буй хүүхдүүд олон найз нөхөдтэй, авьяас чадвартай болжээ. Хүүхдийн энерги цацарсан энэхүү өргөөнд хүүхдээ даатгасан эцэг, эхчүүд сэтгэл амар ажлаа хийдэг аж. Хүүхдүүд уйдах чөлөөгүй, дуртай бүтээлээ бяцхан гараараа амилуулж, ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохоо итгэл дүүрэн эргэцүүлэн бодно. Энэхүү урлангийн кофе шопын ном дүүрэн өргөөнд зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид цуглаж шүлэг найргаа уншиж, номын нээлтээ хийж, уулзаж ярилцан үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг. Магадгүй “Гэр хүүхдийн урлан”-д хүмүүжсэн олон бяцхан жаалуудаас ирээдүйн авьяаслаг найрагч, зохиолч, зураач, уран бүтээлч төрөх ч юм билүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top