Д.Рэгдэл: Ковид-19-ын эсрэг бие илрүүлэх оношлуур гаргаж авсан нь монгол эрдэмтэд дэлхийн түвшинд ажиллаж байгаагийн илрэл

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Монгол эрдэмтэд Ковид-19 вирусын халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа суусан эсэхийг оношлох оношлуур гарган аваад байгаа билээ. Энэ оношлуурын ач холбогдол хийгээд цаашдаа монголдоо үйлдвэрлэх асуудлаар ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.
 


-Академич Ц.Оюунсүрэнгээр ахлуулсан хэсэг эрдэмтдийн бүтээсэн ковид-19 вирусын халдварыг оношлох оношлуур амжилттай туршигдлаа. Энэ ажил хэрхэн явагдсан талаар та мэдээлэл өгөөч?

-Ковид-19 гэдэг энэ өвчлөлтэй холбоотойгоор дэлхий даяар үндсэндээ 2 төрлийн оношлуур хийж байгаа. Нэг оношлуур нь тухайн  вирус хүний биед  яг орж уу, үгүй юу гэдгийг үздэг. Үүнийг онгоцны буудал дээр гаднаас ирж байгаа хүмүүсийг  оношлоход одоо ашиглаж байгаа. Энэ бол PCR дээр үндэслэсэн оношлуур юм. Нөгөө оношлуур нь короно вирусээр өвчлөөд дархлаа тогтсон эсэхийг тогтоодог оношлуур юм. Үүнийг манай эрдэмтэд 2 сар гаруй хугацаанд ажиллаад  гаргаж авч чадлаа. Өөрөөр хэлбэл короно вирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг тогтоодог  оношлуурыг гаргаж аваад байна. Гаргаж авсан оношлуураараа монголд өвчилсөн хэсэг хүн дээр  туршсан нь  амжилттай болсон. Өөрөөр хэлбэл, хүний биед дархлаа үүссэнийг тогтоож байгааг нотолсон. Үүний мөрөөр Улсын онцгой комисс,  Шадар сайд тэргүүтэй хүмүүс,  ЭМЯ, БШУЯ  анхаарч тус оношлуурыг Монгол улс  цаашдаа үйлдвэрлэх  асуудлыг ярьж эхлээд байна. Энэ бол баяртай үйл явдал. Короно вирусээр өвчлөөд дархлаа тогтсон эсэхийг илэрүүлдэг энэ оношлуурын хувьд монгол эрдэмтэд өөрсдийнхөө мэдлэг чадвар дээр тулгуурлаад хэрэгцээтэй зарим бодисын урвалжийг гадаадаас авчраад, мөн дотооддоо байсан нөөцөө ашиглаад асар бага зардлаар  гаргаж авсан. Эрдэмтдийн баг хоёр  сар гаруйхан  хугацаанд 3 ээлжээр 24 цагаар ажилласан. Ингэхдээ ШУТС, ШУА-иас бага зэргийн санхүүгийн дэмжлэг авсан.  Шинжлэх ухааны салбарын санхүүжилт энэ онд тааруу байсан хэдий ч бид бага  хэмжээний санхүүжилт олгож чадсан. Эрдэмтэд маань ажлын хөлс  гэж огт аваагүй. Үнэхээр эх оронч сэтгэлээ гаргаж энэ оношлуурыг  хийлээ.

-Бага зардлаар богино хугацаанд гаргаж авсан гэлээ. Тэгэхээр чанарын хувьд энэ байдал нөлөөлөх үү?

-Оношлуурын чанарын хувьд эргэлзэх зүйл байж болно. Яагаад гэвэл цөөхөн хүн дээр туршсан. Гэхдээ бүх хүн дээр дархлаа тогтож байгааг гаргаж ирж чадаж байгаа учраас  найдвар төрүүлж байгаа. Хоёрдугаарт энэ оношлуурыг гаргаж авдаг технологи нь  дэлхий даяар хийдэг нэг л  технологи. Манай эрдэмтдийн гаргаж  авсан энэ оношлуурыг  нэг талаас  инноваци гэж харж болно. Нөгөө талаас нь монголын эрдэмтэд дэлхийн түвшний технологиор оношлуур гаргаж авч байна гэж үнэлж болно. Би өөрөө химич хүний хувьд хэлэхэд “Энэ бол баталгаатай оношлуур” гэж хэлнэ.  Гэхдээ сая ЭМЯ, БШУЯ, ШУА-ын  гурван талт уулзалт саяхан болсон. Энэ үеэр тус оношлуураар  дахиад 100 орчим хүнд туршиж дархлааны түвшинг хэдэн хувьтай илрүүлж байна гэдгийг мэдэж авъя. Үүний дараа оношлуур хийх цехийг барьж байгуулах асуудалдаа орьё гэж тохирсон. Шинэ засгийн газрын сайд нар шуурхай хандаж байгаад ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд би их баяртай байна. Бид эхний ээлжинд ЭМЯ-наас 100 хүнийг оношлох зардлыг хүсч байгаа. Тооцоогоо гаргаад манай эрдэмтэд БШУЯ болон ЭМЯ-нд өгчихсөн. 100 хүнээ оношлоод үр дүнг нь гаргахад 2 сар орчим хугацаа орох байх. Тэгээд дараа оны төсөв рүү цех барих зардлыг суулгаад явах байх гэж найдаж байна.

-Үйлдвэр байгуулахад хэдий хэмжээний төсөв хэрэгтэй байгаа вэ. Мөн үйлдвэр байгуулснаар ямар ач холбогдолтой гэж харж байна?

-Ер нь бол их зардал орохгүй. Академич Ц.Оюунсүрэнгийн багийнхны  гаргаж өгсөн тооцоогоор  бол 600 орчим сая төгрөгөөр энэ цехийг байгуулна.

Цех байгуулснаар хэд хэдэн ач холбогдолтой. 2021 онд хүн төрөлхтний эрүүл мэндийн өмнө тулгараад байгаа том сорилтын нэг бол дархлаажуулах асуудал байгаа. Асар их халдвартай өвчин учраас короно вирусын вакцин гарч дархлаажуулж байж энэ өвчнөөс хүн төрөлхтөн аюулгүй хамт оршин тогтнож чадна. Миний бодлоор вакцин хийгээд тэрний дараа дархлаа тогтож уу,  үгүй юу гэдгийг нэг хүн дээр дор хаяж  3-4 удаа шалгаж үзнэ. Жишээ нь ОХУ-ын гаргасан энэ вакциныг бид авна гэж үзвэл энэ нь 2 бүрэлдэхүүнтэй вакцин байгаа. Тиймээс шат бүрийн дараа дархлаа тогтсон эсэхийг шалгаж магадгүй. Иймээс дархлаа тогтсон эсэхийг шалгах ажил бол ДЭМБ-ын өмнө тулгамдаж байгаа асуудал болов уу. Бид нар вакцинаа гаднаас авна. Харин дархлаа тогтсон эсэхийг өөрийнхөө оношлуураар тогтоодог болбол монгол улсын хувьд том амжилт. Бид анх удаа молекул биологи, генийн инженерчлэлийн  түвшинд ийм оношлуурыг гаргаж авч байна. Цех байгуулахын нэгдүгээр ач холбогдол энэ. Хоёрдугаарт энэ оношлуурыг нэгэнт хийчихсэн юм чинь бусад вирусын гаралтай томуу, томуу төст өвчнүүдийн дархлааг оношлодог оношлууруудыг энэ суурин дээр хийгээд явах  баазтай болчихно. Улмаар монгол улсад томууны оношлогоо хийдэг тогтвортой өөрийн хүчин чадал бий болох юм. Тэгснээр монгол улс ямар ч томуу, томуу төст өвчний  дархлаа тогтсон эсэхийг хийж чадна гэсэн үг. Энэ бол монгол улсын нэг бахархал болно.

Ер нь өндөр түвшинд бэлтгэгдсэн  сайн эрдэмтэдтэй байна гэдэг бол яг хурц асуудал тулгарсан үед ингэж мэдэгдэж байгаа юм. Эрдэмтэд юм хийдэггүй, цаасан тайлан тушаагаад мөнгө аваад байдаг гэдэг яриа их байдаг боловч энэ дунд хүн нь бэлтгэгдээд боловсроод явж байдаг. Сая бол үндсэндээ энэ оношлуурыг 2 сар хүрэхгүй хугацаанд гаргаж байна гэдэг бол дэлхийтэй харьцуулахад өндөр хурдаар хийж байна гэсэн үг. Яагаад гэвэл, энэ түвшний эрдэмтэн монголд байгаа юм байна гэдэг нь л үндсэндээ илэрч байна шүү дээ.  Энэ цехийг барих явдал бол зөвхөн Ковид-19 гэдэг өвчинтэй холбоотой бус бусад вирусын гаралтай өвчин холбогдох том ажил болж цаашаа хөгжиж явах ёстой юм. Ядаж л монгол хүний хэдэн хувь нь томуу өвчний  дархлаатай байдаг юм бэ гэдгээ гаргахад л монголын эрүүл мэндийн шинжлэх ухаанд маш хүчтэй түлхэц өгнө.

-Короногийн халдвар аваад эдгэсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг бол оношлох  боломжтой боллоо. Харин халдвар авсан эсэхийг оношлох оношлуур гаргах боломжтой юу?

-Тийм боломж байгаа. Ярилцлагын эхэнд би 2 төрлийн оношлуурын талаар товч ярьсан. Манай улс одоо гаднаас хүмүүсээ авч ирээд бүгдийг тусгаарлах байранд байлгаж байна. Ийм оношлууртай  бол тэднийг тусгаарлах шаардлагагүй шууд үзээд гэр лүү нь явуулах боломжтой. Дэлхийн статистик мэдээллээс ковидын халдвар авсан хүмүүсийн  20-40 хувь нь өөрөө өвчилснөө мэдэхгүй тусаад эдгэрчихдэг  гээд байгаа.  Тэгж сүргийн дархлаа тогтсон хүн монголд хэд байдаг юм гэдгийг ч энэ оношлуур гаргах боломжтой. Вакцин хийх шаардлага гарвал нэгэнт  өөрөө туссанаа мэдэхгүй эдгээд дархлаатай болчихсон хүнд вакцин хийх шаардлагагүй, хэмнэлт гарах гээд олон давуу талтай.

Хүний биед вирус яг  орж уу гэдгийг тогтоодог энэ оношлуурыг мөн л  PCR технологи ашиглаж бүтээж байгаа. Дэлхий даяар бүгд адилхан. Монголд ч гэсэн бэлэн тийм оношлуур авчраад  үзэж байна.

Тиймээс монгол эрдэмтэд үүнийг хийнэ гэвэл хийнэ. Саяны оношлуурыг хийсэн Ц.Оюунсүрэн академичаар ахлуулсан багийнхан ч  хийж чадна. Хамгийн гол юм бол PCR-ын урвалыг явуулахад хэрэглэдэг праймэр /primer/ гэж юм байдаг. Тэрнийгээ манайх хийж чадахгүй байгаа юм. Тэрийг манайх хийх чадалтай эсвэл байнгын ханган нийлүүлэгчтэй болчих юм бол  асуудалгүй хийнэ. Гэхдээ  өнөөдөр гаднаас авч байгаа PCR-аар оношилдог оношлуураас хямд хийж чадах уу, үгүй юу гэдгийг хийж үзэж байж харах ёстой.  Хамгийн чухал юм бол хүн шүү дээ. Хийж чадах хүмүүс нь байна. Хийх боломж байна.

Яг одоогийн нөхцөл байдалд бол вакцинжуулалт явагдаж дуустал гаднаас авч байсан нь эрсдэл багатай. Дараа нь бид өөрсдөө зөвхөн энэ ковид-19 биш бусад томуу, томуу төст өвчний вирус хүний биед орж уу, үгүй юу гэдэг оношлуур хийе гэвэл хийгээд л явчихна.

-Үйлдвэр гэхээр томоор төсөөлөгдөөд байна л даа. Байр сав ажиллах хүчний хувьд ч тэр?

-Энэ бол үйлдвэр. Гэхдээ нэг өрөөнд томоохон ширээн дээр явагдах л  ажил. Барууны орнуудад ширээний технологи, ширээний үйлдвэр гэж ярьдаг даа. Одоо орчин үед үйлдвэрлэлүүдийг үнэлэхдээ аль хэр оюун ухаан, мэдлэг шингэсэн байна гэдгээр нь үнэлдэг болсон. Бидний яриад байгаа энэ үйлдвэр нь харахад жижиг боловч асар их оюун ухаан шингэсэн үйлдвэрлэл юм. Том үйлдвэрийн дамжлага явагдахгүй. Үндсэндээ томоохон ширээн дээр бүх багажаа тавиад тал талд нь сууж байгаад дамжуулаад хийгээд явчих боломжтой ажил. Гэхдээ энэ цех ашиглалтад орсны дараа  олон талаар ашиглах боломтой. Дээр ярьсан гурван талт уулзалтын үеэр  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Яам оношлуур хийдэг цехийн байр савыг шаардлагатай үед нь бэлдээд өгөхөд бэлэн байна”  гэсэн. Байр сав гаргаад өгнө гэдэг бас том дэмжлэг. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал “100 хүндээ дархлааны оношлуураа хэрэглээд, үр дүн эерэг сайн гарч ирэх юм бол нөөцөө дайчлаад цех байгуулах зардлыг бүтээнэ” гэж хэлж байгаа. Тэгэхээр бүтээгч эрдэмтэд нь академид байна. Гурван талаасаа ингээд зүтгэхэд цехийг богино хугацаанд байгуулчина гэсэн итгэлтэй байна. Байр сав бэлэн болох юм бол гаднаас ганц нэг багаж, тоног төхөөрөмж захиалаад 2 сарын дотор цех босоод ирэх боломжтой гэж үзэж байгаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uzye de(14.146.93.113) 2020 оны 08 сарын 21

zugeer hogjuulsen baih. uildverlene geheer l tegeed tag bolchihdog yum manai lut ertemden bagsh professor doctoruud. Odoo uneheer uildverleh ni uu yah ni ve haray da. Jaahan buruu yumaar chuluu hoolgochihev uu de manai jujigchin professoruud? Ireh ovol dahiad sedervel naad onoshluur lut sain ajillana gej l huleeye. Surag chin aldarval tegeed hudlaa tosviin mongo shamshigduulsan gej l bodohoos.

0  |  0
1(119.40.103.6) 2020 оны 08 сарын 21

Чадсан л байна шүү дээ. Чадсан гэдгээр нь бахархах нь зөв юм бишүү\n

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 20

erdemtedee demjij ajillah estoi mongoliin tor !!! , erdem shinjilgeenii mundag ajiltanguudaa todruulj ajild ni demjleg bolohgui bol uls hogjihgui shdee

0  |  0
Дарь(192.82.73.69) 2020 оны 08 сарын 21

Экспортоор хэн ч авахгүй. Бүгдэд нь хямдханаар байгаа.

1  |  0
зочин(122.201.23.226) 2020 оны 08 сарын 21

Гадаад оронд танилцуулж үр дүнг шалгуулаад экспортонд гаргаач

1  |  0
Top