Хөх тэнгэр, хөрст газарт дуурссан ХӨГЖМИЙН ИХ ОНОЛЧ

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн нэрт онолч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Пүрэвжавын ХАЯНХЯРВАА багш маань Сугар гарагийн "Харагчин үхэр" өдөр тэнгэрийн орноо дэвшиж газар эзгүйрсэн харуусалт мэдээ Монгол даяар түгэхийг сонсоод хамтдаа уран бүтээл туурвиж, аав хүү хоёр шиг дотно явсны хувьд энэхүү үгэн зулыг бадраах ёстой хүний нэг нь би байж болох гэж өөрийгөө зоригжуулсан нь энэ. Яах вэ, албан ёсны эмгэнэл сонин хэвлэлээр аль хэдийн цацагдсан. Энэ мундаг хөгжмийн зохиолчтой 1990-ээд оны үед анхлан танилцаж, “ТҮМЭН ЭХ” чуулгын уран сайхны удирдагч байхад нь дууны шүлгэрхүү юмаа зориглон авч очсоноор бид хоёрын дотносох үүд хаалга нээгдсэн юм.

Улмаар нийслэл хот үүсэн байгуулагдсаны 360 жилийн ойд зориулан зарласан дууны уралдаанд ХАЯН багштайгаа “ӨРГӨӨ ЦАГААН ХОТ” дуугаар оролцож “Гутгаар байр”-ын шагнал хүртсэн нь надад томоохон урам зориг өгсөн билээ. Тэрхүү дууны:

Амгалан хөх тэнгэртээ

Алтан соёмбо намираастай

Алдарт жанжны талбайдаа

Аялгуу дууны шуранхайтай

Өрнө, Дорныг холбосон

Өргөө цагаан хот минь

Хар Хорумаас түүхтэй

Хамаг монголын нийслэл ээ!... хэмээх мөртийг ихэд таашааж байж билээ. Энэ дуу одоо дуулагддаг эсэхийг мэдэхгүй, нийслэлийн дарга, даамлууд ч бараг мэдэхгүй биз дээ. Харин дээрх ойд зориулан гаргасан номонд шүлэг нь баахан үг, үсгийн алдаатай гарсан байдаг. Уг нь надаас өөр хүн байсан бол Улаанбаатар хотын сонины сурвалжлагч байхдаа араас нь хөөцөлдөх л байсан байх. За энэ ч яахав.

Дараа нь Чөлөөлөх дайны ялалтын 60 жилийн ойгоор “Ялалтын намар” дуу хамтран хийсэн ч нэг их яваагүй учир үгийг нь дахин өөрчилснөөр ЦДБЭЧ-ын Хормейстр, хөгжмийн зохиолч О.ЭРДЭНЭЦОГ дүү мөн дайны ялалтын 70 жилийн ойгоор “ДӨЧИН ТАВАН ОНЫ НАМАР” дуу зохиож, тэрхүү түүхэн ялалтын ойд зориулсан “БАЯРЫН КОНЦЕРТ”-д анх удаа Цэргийн чуулгын "Хоор"-той дуулагдаж олны хүртээл болсон төдийгүй тус чуулгын урын санд орж, өдгөө баргил хоолойтнуудын дуулах дуртай дуу болсон юм. Энэ мэтчилэн ХАЯН багш бид хоёр Баянгол дүүргийн тухай дууг ч хийж л байлаа. Харамсалтай нь, өдий олон жил өнгөрөхөд нотыг нь ч авчих ухаан байсангүй дээ. Дараа нь Цэргийн сургууль дүүргэсэн офицер бидний төрөлх сургууль болох эдүгээгийн ҮБХИС-ийн 85 жилийн ой 2000-аад оны эхээр тохиож, дууны уралдаан зарлагдсан юм. Тэр уралдаанд:

Жанжин Сүхээр алдраа өргөж

Жавхаалаг залуусаар эгнээгээ тэлсэн

Дархан орондоо дуутай, цуутай

Даяар монголдоо нэртэй, сүртэй

Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн

Оюуны ундраа офицерын хийморь

Үндэсний батлан хамгаалахын их сургууль

Үйлс нь өөдөө номын далай... хэмээх “НОМЫН ДАЛАЙ ИХ СУРГУУЛЬ” дууны шүлгээрээ ХАЯН багштайгаа оролцож “ТЭРГҮҮН БАЙР”-ын шагнал хүртэж байв. Тэр цагаас чинагш арваад жилийн дараа буюу 2013 онд тус сургуулийн захирал Я.ЧОЙЖАМЦ генералын тушаалаар албан ёсны “СҮЛД ДУУ”-гаар батлагдаж, улмаар сургуулийн орчинд хөшөөнд мөнхөрч, улмаар бид хоёрыг урьж хүндэтгэл үзүүлсэн зэрэг сайхан дурсамж л үлдлээ дээ.

Тухайн өдөр дууныхаа хөшөөний дэргэд зургаа татуулах болоход ХАЯН багш маань "Шүлэггүй дуу гэж хаана ч байдаггүй юм. Миний хүү тэргүүнд нь зогс" гэж хэлж байсан холч ухааныг нь мөхөс би вээр одоо л ойлгож байна даа. "Ер нь П.ХАЯНХЯРВАА багш ҮБХИС-тай хөгжмийн цэрэг байсан 1940-өөд оны үеэс холбогдсон байдаг. Тэр чанараараа 1970-аад оны эхэн үед Д.МЯЛ гэдэг хүнтэй:

Харийн дайсан халдсан жилүүдийн

Дарийн утааг үер шиг нэвтлээд

Халхын гол, Хянганы даваанд

Дайчин ялалтын тугийг өргөлцсөн

Офицер бүхний эрдмийн ундраа

Олны хайртай Ерөнхий дээд сургууль

Даргалах алдрын эрхэм өлгий

Дайчин бидний хайртай сургууль... гэсэн дайчин цогтой сайхан дууг зохиосон билээ. Тийм учраас 1970-1980-аад онд суралцаж байсан Цэргийн сургуулийн сонсогчид бид энэ л сайхан дууны аялгуунд жигдэрч, цэгцэрсэн гэж хэлэхэд нэг их ташаа болохгүй байх аа. Цэргийн чуулгыг өдий зэрэгтэй байх үндэс суурийг бат тавилцаж өгсөн Монгол Улсын Ардын жүжигчин Д.МЯАСҮРЭН, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.ГУНААЖАВ багш нартай ч мөн л аав хүү нар шиг ойр байж, хамт уран бүтээл туурвиж, бай шагналд хүрч байснаа дашрамд тэмдэглэхэд ойворгон болохгүй байх аа. Сэтгүүлч сэтэр зүүсний хувьд ХАЯН багшийнхаа тухай төвийн сонин хэвлэлд нэг бус удаа сурвалжилга, тэмдэглэл бичиж байсан төдийгүй “МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ-93” ботид “Эстрадын эцэг ч гэж хэлж болох” хэмээх түүний тухай бичсэн хөрөг нийтлэл нь орсон байдаг. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.НАСАНБУЯН энэ хүнийг багшаа гэж дээдлэн хүндэтгэж, бид хоёр жил бүрийн цагаан сараар очиж гүн хүндэтгэлтэйгээр золгодог байлаа. Харамсалтай нь, энэ жил “КОРОНА” гэдэг адын хар тахлаас болж энэ уламжлал тасарсан төдийгүй, уулзах боломж гарахгүй байтал ийм харуусалтай юм тохиодог байж. Буянтай хүн бурхны орныг зорихдоо бусдыг сандраалгүй, өөртөө ч амар, өрөөлд ч төвөг учруулалгүйгээр чимээгүйхэн оддог гэсэн. Тийм тавилан ХАЯН багшид маань заяажээ. Монгол зон олондоо "Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа", "Хонгор нутгийн түмэндээ" зэрэг ард түмний зүрх сэтгэлийг дэвэлзүүлсэн олон сайхан дууны аяыг бичсэн, мөн цэргийнхний омог, хийморийн галыг бадраасан олон арван цоглог маршийн хөгжим зохиосон ХАЯН багш маань эрхэс тэнгэрийн орондоо их хөгжмийн аялгуугаа туурвиж, эх сайхан Монгол орон руугаа өнө мөнхөд илгээхээр бурхны орныг зорьж дээ.

 

МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч

Гомбын БААТАРНУМ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.165) 2020 оны 08 сарын 29

Монгол тулгатны зуун эрхэм-д оруулаасай гэж их хүлэсэн дээ. Ум ма ни бад ми хум.

0  |  0
Zoloo(139.5.218.61) 2020 оны 08 сарын 21

Um ma ni bad me hum

0  |  0
Top