КОВИД-19 хүн төрөлхтөнтэй хамт “МӨНХӨД” орших уу

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Британийн Засгийн газрын дэргэдэх  Гамшгаас хамгаалах эрдэм шинжилгээний зөвлөх баг /SAGE/-ийн гишүүнээр ажиллаж байсан профессор Марк Уолпорт: “КОВИД-19 нь вакцин хийсний дараа салхин цэцэг шиг “мөнхийн дархлаа” хэзээ ч тогтохгүй бөгөөд томуугийн вакцин шиг давталттай хийлгэх шаардлагатай” хэмээн өгүүлсэн байна. Хэрэв Британид халдварын тохиолдол цаашид нэмэгдсээр байвал үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа нийтийг хамарсан хөл хорио тогтоож болзошгүй гэх болгоомжлолын өнгө аяс дээр энэхүү хурц сэрэмжлүүлэгтээ бодит байдлын тухай дурджээ.

Тэрээр ВВС Radio 4-ийн “Өнөөдөр” хөтөлбөрт оролцохдоо: “Энэ вирус ямар ч хэлбэртэй байсан бидэнтэй хамт мөнхөд оршин, давтан вакцинжуулалтыг шаардах бөгөөд яг л ханиад томуу шиг байнгын давтан хамгаалалт зайлшгүй шаардагдах болно” хэмээн ярьсан аж.

“Энэ аюулт вирус ахин хяналтаас гарч ч магадгүй. Тэгвэл тухайн үед нийтийг хамарсан хөл хорио тогтоохын оронд илүү үр дүнтэй, зорилтот арга хэмжээнүүдийг ашиглах нь зүйтэй” гэж эрдэмтэн анхааруулсан байна.

Тэрээр “Бүх нийтийг хамарсан хорио цээр нь тийм ч оновчтой зөв шийдэл биш гэдгийг хүмүүс батлаад байгаа. Эхэн үед тийм байхаас ч өөр аргагүй байсан байх. Одоо харин бид энэ асуудалд илүү бодитой, үр дүнтэй хандах нь чухал. Орон нутгийн хяналтыг сайжруулахын тулд оношлуурын тоог нэмэгдүүлэн, цаг тухай бүрд нь заавар зөвлөмжийг өгч байх хэрэгтэй” гэж онцлон өгүүлжээ.

Манчестэр болон Лестэрт орон нутгийн хорио цээрийг тогтоож, Олдхэм, Блэкбернд шөнө дөлөөр айлд зочлохыг хориглоод байгаа. “Улс оронд ээлжит хорио цээр тогтоохоос зайлсхийж чадах эсэх нь NHS Test and Trace системийн ажиллагаа болон төр засгийн зүгээс орон нутгийн түвшинд хэрхэн хамтран ажиллахаас шалтгаална” хэмээн Том Манчестэрийн захирагч Энди Бернхэм анхааруулан хэлжээ. Тэрээр “Одоо биднийг үнэхээр хүнд хүчир хэдэн сар хүлээж байгаа бөгөөд ямархуу муу үр дагаварт хүрч болзошгүйг таамаглах боломжгүй юм. Энэ вирустэй холбоотой хамгийн хүнд хэцүү цаг үе бидний өмнө байгаа учраас түүнд бид бүх талын бэлтгэлтэй байх ёстой” гэж нэмэн сэрэмжлүүлсэн байна. Мөн тэрээр Sky News-т ярилцлага өгөхдөө: “Хорио цээрээс болж олон нийт ядарч туйлдаж байгааг би сайн ойлгож байна. Гэвч бид тусгаарлалтаас хэтэрхий эрт яаран гарчихсан бололтой. Вакцингүйгээр энэ вирустэй хамт хэрхэн аж төрөх талаар бид хүмүүсийг бэлтгээгүй байсан. Одоо хүнд цаг үе тохиож байгааг харж байгаа хэдий ч эдгээр хязгаарлалтын арга хэмжээнүүд зайлшгүй чухал гэдэг тал дээр бид засгийн газартай санал нэг байгаа. Бүрэн хэмжээний хорио цээрээс татгалзахын тулд бид сайн хамтарч ажилласан, гэвч олон нийтэд оновчтой, тодорхой мэдээлэл дамжуулах чиглэлээр улам илүүтэй суралцах ёстой гэж бодож байна” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Дээр өгүүлсэн профессор Уолпортын тайлбар бол ДЭМБ-ын тэргүүний зүгээс  коронавируст цар тахал хоёр жилийн дотор алга болно хэмээн мэдэгдэл хийсний дараа гарч ирсэн аж. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус: “1918 онд испани ханиадыг ялахын тулд хоёр жил шаардагдсан. Тэгвэл өнөөгийн технологийн салбар дахь ололт амжилтууд КОВИД-19-ийг бүр ч богино хугацаанд зогсоох боломжтой” гэсэн юм.

Их Британид хорио цээрийг цуцалсан цагаас хойш долдугаар сард анх удаа халдварын үзүүлэлт нэгжийн хязгаарыг давж гарснаас үүдэн “Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн” үр дүнгийн талаар нухацтай хэлэлцэх шаардлага үүссэн байна. Халдварын шинэ тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх нийтийг хамарсан хөл хориог ахин тогтоох шаардлагатай хэмээн зарим эрх мэдэлтнүүд үзэж байгаа аж.

Английн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн сард Daily Telegraph-д ярилцлага өгөхдөө: “Нэг удаагийн хөл хорио бол цар тахлын “Цөмийн саатуулагч хүчин зүйл” болж чадсан хэдий ч улс орны хэмжээнд хоёр дахь удаагаа хөл хорио тогтоох боломж бараг үгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

Гэвч Испанид тохиолдсон шиг 100 мянган хүн тутамд 142 халдвар буюу Европ дахь хамгийн хурдацтай халдвар тархалтын нөхцөл байдлаас зайлсхийхийг эрх мэдэлтнүүд хичээж байгаа аж. Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан The Daily Telegraph-д ярилцлага өгөхдөө: “Хэрэв халдвар тархалтыг барьж чадахгүй алдахад хүрвэл нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд зохих арга хэмжээнүүдийг авах ёстой гэж та нар мэдээж бодно. Тухайн үед нээлттэй байгаа зарим зүйлс үүнд хамрагдах нь ойлгомжтой” хэмээн өгүүлсэн байна.

Түүний энэхүү сэрэмжлүүлгээс харахад, хэрэв Англи улсад Испани шиг халдвар өсөх хандлага ажиглагдвал хоёр дахь удаагийн үндэсний хэмжээний хөл хориог тогтоохыг үгүйсгэхгүй байгаа бололтой.

 “Биднийг нэлээн хэцүүхэн намар, өвлийг хүлээж байна. Одоогоор Их Британи дахь өдөр тутмын халдварын тохиолдол өнгөрөгч зургаадугаар сарын эхтэй харьцуулахад хоёр дахин ихэссэн бөгөөд есдүгээр сард сургуулиуд хичээллэж эхлэхээр бүр ч илүүтэй нэмэгдэж магадгүй” хэмээн бас нэгэн албан тушаалтан сонинд ярилцлага өгөхдөө анхааруулсан байна.

 

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top