Зээлийн хүүний тухай унших ёстой мэдээлэл

2020 оны 08 сарын 26

Зээлийн хүүг бууруулах стратегийг  Улсын Их Хурлаар батлан, хэрэгжүүлснээр 2023 он хүртэлх хугацаанд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурна гэсэн төсөөллийг холбогдох албаныхан өгч буй.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүү буураасай гэсэн хүлээлт байгаа нь дамжиггүй. Гэхдээ эдийн засгийн  агуулгаараа бол хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг тэмцэгч төв талбай дээр гарч жагссанаар  зээлийн хүү гэдэг зүйл автоматаар буурах боломжгүй. Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж ирсэн хүчин зүйлсүүдийг хаа хаанаа анзаардаг, мэддэг байх ёстой.

Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир өөрийн эрхлэн гаргасна “Монголын Хөгжлийн Зам: Сургамж, Сорилт, Боломж” номдоо ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙХАД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС-ийн талаар бичсэнийг эшлэн хүргэе.


 

“Эдийн засагт зээлийн хүү өндөр байгаа асуудал сүүлийн 25 жил бодлогын түвшинд яригдсан ч банкны зээлийн дундаж хүү жилийн 17 орчим хувьтай өндөр хэвээр байна. Монголбанкнаас жил бүр тогтмол хийж ирсэн ‘Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн хөгжил, санхүүжилтийн байдал’ түүвэр судалгаанаас ЖДҮ-ийг хөгжүүлэхэд учирч буй гол саад бэрхшээлийн нэг нь санхүүжилт, түүний зардал гэсэн нийтлэг үр дүн гарсаар байна. 

Зээлийн хүү өндөр байгаа асуудал нь бодлого боловсруулагчид, судлаачдын анхаарлын төвд байж, идэвхтэй судлагдаж ирсэн сэдвүүдийн нэг юм. Эдгээр судалгааны ажлууд нь ялгаатай аргазүй, хугацааны ялгаатай цаг үед хийгдсэн хэдий ч, ерөнхийдөө нийтлэг адил үр дүнд хүрч, одоо эмпирик баримтын түвшинд хүрээд байна.

Тухайлбал, зээлийн хүүг нягтлан бодох бүртгэлийн задаргаагаар авч үзвэл:

 (1) зээлийн хүүний түвшний 60 орчим хувийг банкны эх үүсвэрийн дундаж хүү

 (2) үлдсэн 40 орчим хувийг зээл, хадгаламжийн хүүний зөрүү бүрдүүлж байна.

Хүүний зөрүүний дийлэнх хэсгийг банкуудын үйл ажиллагааны зардал (20 хувь), зээлийн эрсдэлийн зардал (15 хувь) болон банкуудын ашигт ажиллагаа бүрдүүлдэг (Ган-Очир 2016, Голомт банк 2017).

Хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлөгч микро болон макро хүчин зүйлсийг эдийн засгийн загвар, эконометрикийн арга ашиглан эдийн засгийн түүхэн хугацааны тоон өгөгдөл болон банкуудын панел тоон өгөгдөл ашиглан судлахад дараах нийтлэг үр дүнгүүд гардаг. Банкуудын эх үүсвэрийн зардал өндөр байхад:

1) өндөр, тогтворгүй инфляц, түүнийг дагасан бодлогын хүүний өндөр түвшин,

2) банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн,

3) санхүүгийн салбар дахь долларжилт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт,

4) дотоод эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал,

5) макро эдийн засгийн богино давтамжтай мөчлөг,

6) хөрөнгийн зах зээлийн сул хөгжил (үнэт цаас, бондын зах зээл нь хадгаламжийн бүтээгдэхүүнийг орлох сонголт болох хэмжээнд хүрч хөгжөөгүй),

7) банкуудын үйл хөдлөл буюу зардал, орлого, балансын бүтэц зэрэг нь нөлөөлдөг (Ган-Очир 2009, 2016).

 

Харин банкны зээл, хадгаламжийн хүүний зөрүүнд:

1) макро эдийн засгийн эрсдэл (инфляци, өсөлт, ханш),

2) банк хоорондын захын хүү, түүний хэлбэлзэл, 3) зээлийн эрсдэл буюу чанаргүй зээл,

4) валютын ханшийн эрсдэл,

5) зээл, хадгаламжийн зах зээл дэх төвлөрөл, өрсөлдөөний бүтэц (Herfindahl-ийн индекс, төвлөрлийн харьцаа),

6) санхүүгийн зах зээлийн ерөнхий хөгжил (банкны актив/ДНБ, хөрөнгийн захын үнэлгээ/ДНБ),

7) заавал байлгах нөөцийн хувь,

8)өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур (эрсдэлийг хумих арга хэмжээ),

9) банкуудын үйл ажиллагааны зардал,

10) банкуудын хүүгийн бус цэвэр зардал,

11) орлого авчирдаг активын нийт активд эзлэх хувь,

12) банкны удирдлагын ур чадвар буюу нийт зардал, орлогын харьцаа,

13) банкны өргөжилтийн үр өгөөж (economy of scale) буюу нэгж зээл эсвэл хадгаламжид ногдох зардал зэрэг нөлөөлдөг (Ган-Очир 2006, 2009, 2016).

Зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх судалгааны ажил нь ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг эмпирик байдлаар тодорхойлсон хэдий ч, эдгээр нөлөөлөгч хүчин зүйлс яагаад зээлийн хүүг өндөр түвшинд байх чиглэлд нөлөөлж байгаа ‘цаад шалтгаан’-ыг гүнзгийрүүлэн тайлбарлах нь бодлогын арга хэмжээ авахад чухал юм.

Учир нь зээлийн хүүг бууруулахын тулд түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг хүүг бууруулах чиглэлд өөрчлөх ёстой. Гэхдээ энэ өөрчлөлтийн эдийн засгийн бүтэц, суурь хүчин зүйлсээс нь авч үзэхгүй тохиолдолд зээлийн хүү тогтвортой буурахгүй, захиргаадалтын аргаар хүчээр бууруулах тохиолдолд бага түвшиндээ тогтвортой хадгалагдахгүй эргэн өсөх, бусад сөрөг нөлөөллийг бий болгох эрсдэлтэй.

- Монголын эдийн засаг гадаад шоконд хэт өртөмтгий. Манай улсын нийт экспортын 90 орчим хувийг түүхий эдийн экспорт дангаар бүрдүүлдэг. Нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ руу экспортолдог. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон инфляцийн хэлбэлзлийн 50 хувийг гадаад шокууд (эрдэс бүтээгдэхүүний үнүүд болон ГШХО-ын өөрчлөлт) тайлбарладаг.

- Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц нь тогтворгүй, өндөр байж ирсэн.

- Макро эдийн засгийн бодлого нь мөчлөг дагасан шинжтэй хэрэгжиж ирсэн. Төсөв алдагдалтай байхын хэрээр түүнийг засгийн газрын дотоод бондоор санхүүжүүлж ирсэн. Үүнийг эдийн засгийн онолд төсвийн зардлын хувийн хөрөнгө оруулалтыг шахан гаргах үзэгдэл гэж нэрлэдэг. Нээлттэй эдийн засгийн онолоор төсвийн зардлын тэлэлт нь цэвэр экспортыг ‘шахан гардаг’ буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн сулрах дарамтыг бий болгодог болохыг тайлбарладаг.

- Гадаад валютын нөөцийн хүрэлцээ бага, улс орны өр өндөр түвшинд хүрсэн.

- Санхүүгийн тогтвортой байдал хэврэг явсаар өнөөг хүрлээ.

- Санхүүгийн зах зээл дээрх төв банкны оролцоо хэт өндөр явж ирсэн.

- Банкуудын үйл хөдлөл мөчлөг дагасан шинжтэй байж ирсэн. Банкууд зайлсхийж болох зээлийн эрсдэлд ‘захиргаадалтын зээл’, ‘мөчлөг дагасан үйл хөдлөл’ зэрэг олон шалтгаанаар орсоор байна.

-Санхүүгийн долларжилт өндөр. Долларжсон эдийн засагт их хэмжээний ханшийн сулралт бий болох нь долларжилтыг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын тэнцэлд сөргөөр нөлөөлдөг тул ‘хөвөх айдас’-ыг бий болгож валютын ханш чөлөөтэй хөвөх боломжийг хязгаарладаг. Манай орны хувьд депозитын 29 хувь нь гадаад валютаар байршиж байна. Үүний зэрэгцээ нийт гадаад өрийн хэмжээ 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 29.9 тэрбум ам.долларт хүрсэн. Иймд төгрөгийн ханшийн сулралт нь гадаад өрийн дарамтыг давхар бий болгохоор байна.

-Банкны салбарын бүтэц, өрсөлдөөний хэлбэр. Банкуудын хэмжээ нь харилцан ялгаатай тул харьцангуй жижиг банкуудын хувьд том банкуудтай нэг зах зээлд хамт оршин байхын тулд харьцангуй өндөр хадгаламжийн хүү амладаг. Ялангуяа, тусгай нөхцөлт хадгаламж буюу том дүнтэй хадгаламж эзэмшигчдэд өндөр хүү амлаж эх үүсвэр (төгрөг болон ам.долларын аль алин дээр) татах өрсөлдөөн байсаар байна.

-Санхүүгийн бизнес эрхлэх эрсдэл өндөр. Манай улсад санхүүгийн бизнес нь өндөр эрсдэлтэй бизнесүүдийн нэг юм. Ялангуяа, өрнөл-уналтын мөчлөг нь богино, далайц томтой, улс төрийн тогтворгүй байдалтай, засаглал, институци нь бүрэлдэж тогтоогүй, гадаад шоконд өртөмхий зэрэг олон суурь шалтгаан дурдаж болно. Гэхдээ санхүүгийн байгууллагын ашиг нь эрсдэлийг удирдсаны урамшуулал болж ирэх учиртай.

-Хөрөнгийн зах зээлийн сул хөгжил. Санхүүгийн зах зээлийн хөгжил нь хүүний шилжих механизм сайжрахад эергээр нөлөөлдөг болохыг олон судалгаа бий. Гол үндэслэл нь эх үүсвэр бүрдүүлэх олон хувилбарууд бий болсноор банкны зээлийн эрэлтийн хүүнээс хамаарах мэдрэмж нэмэгддэг явдал юм. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүний өөрчлөлтийг аль зах зээл илүү хурдан мэдэрч байна тэр зах зээлийн үйл ажиллагаа илүү идэвхтэй болно.

-Чанаргүй зээл барагдуулах эрх зүйн орчин төгөлдөр бус. Эрх зүй болон институцийн орчин сул байх нь асимметрик мэдээллийг бий болгох, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах зэрэгт хүндрэл үүсгэж, санхүүгийн зуучлалын зардлыг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд зээлийн маргааныг шийдвэрлэх харилцаа нь олон шатны шүүх хурал, түүнийг дагасан цаг хугацаа алдалт, холбогдох зардлыг нэмэгдүүлж, банкны үйл ажиллагааны зардлыг өсгөж байна. Зарим зээлийн маргаан 8 жил хүртэл үргэлжилж байгаа баримт бий. Түүнчлэн эрх зүйн эрсдэл буюу шүүхийн шатанд гарч буй шийдвэр нь найдваргүй зээлдэгч гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхад тусалсан байдлаар гарах ‘зүй бус хандлага’ ч ажиглагдаж байна.

-Институци, засаглалын чанар сул хэвээр байна. Сайн институци бүрдсэн үед хэн тухайн ажлыг хийхээс үл хамааран тухайн байгууллагын гаргах шийдвэр, арга хэмжээ нь цаг хугацааны хувьд харилцан нийцтэй байх учиртай. Сайн засаглал тогтсон үед хууль ёс бүрэн хэрэгжиж, үйл хөдлөл, шийдвэр бүрийн хойно хариуцлага дагалдах ёстой. Институци, засаглалын чанарыг сайжруулахгүйгээр ‘байгалийн баялгийн хараал’- ыг тойрч гарахгүй. Иймд зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт нь төрийн макро болон бүтцийн олон бодлогын реформыг шаардах тул институци, засаглалын чанарыг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай.

Эдгээр зээлийн хүүнд нөлөөлж буй макро хүчин зүйлс нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах, инфляцыг өдөөж, улмаар бодлогын хүү өндөр байхад хүргэх зэрэг сувгаар нөлөөлж байгааг төвөггүйхэн харж болно.

Эндээс бодлогын хүү буурах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх суурь орчныг бүрдүүлэхгүйгээр зээлийн хүү буурахад хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарна.

Ханшийн болон инфляцын тогтвортой байдлыг хадгалахын тулд бодлогын хүү зохистой түвшинд байх ёстой. Бодлогын хүүг эдийн засгийн суурь нөхцөлд нийцгүй бага түвшинд ‘хүчээр’ тогтоосноор эдийн засагт долларжилт бий болж, магадгүй эдийн засгаас ‘эх үүсвэр зугтан гарах’-д хүрнэ. Өөрөөр хэлбэл, ханшийг хүчээр барих, бодлогын хүүг нийцгүй бага түвшинд тогтоох нь төгрөг цаас болж, түүнд хэчнээн өндөр хүү амлаад ч хүмүүс түүнийг эзэмшихийг хүсэхгүйд хүргэх эрсдэлтэй.

Энэ үед зээлийн хүүний тухай бус, үндэсний мөнгөн тэмдэгттэй байх эсэх тухай, эдийн засгийн аюулгүй байдлын тухай илүү том асуудлууд яригдана. Энэ лав нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар тангараг өргөсөн бодлого боловсруулагчдын хүсэх сонголт биш. Иймд нарийн тооцоо, үндэслэлтэй алсыг харсан бодлогын үр дүнд л ханшийг хэзээ сулруулах, бодлогын хүүг хэд дээр байлгах зэрэг нь тодорхойлогддог” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рнрнрн(103.111.68.3) 2020 оны 08 сарын 26

нрнрнр

0  |  0
нрн(103.111.68.3) 2020 оны 08 сарын 26

нрнр

0  |  0
mgl(103.57.93.198) 2020 оны 08 сарын 26

ymar azgui ard irged be zaaval heden mongo huulegchdiin mongond huuluulj amidrah uchirtai yu coohon irgedee ednii moljilgoos salgaj chadah aaviin huu baina uu

1  |  0
mgl(103.57.93.198) 2020 оны 08 сарын 26

ymar azgui ard irged be zaaval heden mongo huulegchdiin mongond huuluulj amidrah uchirtai yu coohon irgedee ednii moljilgoos salgaj chadah aaviin huu baina uu

1  |  0
Иргэн(103.111.68.3) 2020 оны 08 сарын 26

Банкуудаа баян байлга, иргэд нь ядуу байг гэж байгаа юм байна. Хүү бууруулах ядаад байх юу байх вэ дээ худлаа онол яриад,бодлогын хүүг ,8 хувьд бариад, банкнуудын зээлийн хүүг буулгах ёстой, эсвэл гадны банк оруулж ирэх хэрэгтэй

1  |  0
Top