Хуш модны самрыг болц нь гүйцээгүй байхад хууль бусаар түүж, тээвэрлэж байгаа асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өчигдөр мэдээллээ. Тус яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс улсын төсөвт үйлдвэрийн газар хушин ой бүхий аймаг, сумдад самрын ургац, тархац ямар байгааг судалжээ. Судалгаанд хамрагдсан газруудаас найман аймгийн 25 сумдын ойн санд хуш модны самар их ургацтай, 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсийн ойн сан дунд ургацтай байгааг судлаачид хэллээ. Ингэснээр Монгол Улсын хушин ой бүхий газруудын 39.7 хувь нь сайн, 60.3 хувь нь дунд ургацтай байгаа аж. Мэдээллийн эхэнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Байгалийн баялаг болсон хушин ойгоо хамгаалах, иргэдэд зөв зохистой ашиглуулах, эргээд нөхөн сэргээх шаардлага үүсээд байна. Самар түүх хугацаа болоогүй байхад түүснээс болж олон асуудал үүсэж, нийт хушин ойн 40 хувь доройтолд орсон харамсалтай мэдээг хэлье. Мөн самрын болц гүйцээгүй байхад унагаах гэж хүчилснээс иргэд модноос унах, цаашлаад амь насаа алдах, гэмтэж бэртэх асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр бүх зүйлийг зохих зөвшөөрлийнх нь дагуу хийвэл аль, аль талдаа асуудал үүсэхгүй” хэмээн онцоллоо.
Хуш модны самрыг зөвшөөрөлгүй түүх буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд 5.4 сая төгрөгөөс 27 сая төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох, нэгээс таван жил хорих эсвэл нэгээс таван жил зорчих эрхийг хязгаарлах хуулийн заалттай байдаг гэнэ. Иймээс хуулийн хугацаа буюу есдүгээр сарын 15-наас өмнө самар түүхийг хориглодог байна. Иргэд хуш модны самрыг түүхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатайг БОАЖ-ын Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэллээ. Тэрбээр “Иргэд хуш модны самрыг түүхдээ нэгдүгээрт, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Мод руу авирснаас унаж бэртэх, амь насаа алдах, зэрлэг амьтдын дайралтад өртөх гэх мэт эрсдэл үүрч байна. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд ойд гал гаргах асуудал түгээмэл гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гуравдугаарт, самрын ишийг түнших тохиолдолд зөөвлөгч хэрэглэж, зөв технологийн дагуу самар түүх хэрэгтэй” гэв. Хуш модны самрыг түүхдээ 30 хувийг түүж, 70 хувийг байгальд нь үлдээх ёстой байдаг аж. Энэ нь ойг эргээд нөхөн сэргээх боломжийг олгохоос гадна самран идэштэн амьтдын хоол хүнсийг үлдээж байгааг мэдээллийн үеэр онцоллоо. Самрыг зөвшөөрөлгүй болон буруу техникээр түүснээс шалтгаалж хуш мод дахин сэргэх боломжгүйгээр гэмтэж байгаа тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэн хэдий хэмжээтэй түүх талаар тайлбар хиймээр юм.Хоёр гурван хүүхэд саатуулчихаад сонин хэвлэлээр өөрийгөө од болгоод байх хэрэггүй.МУУ эр дайнд хөөрнө гэж энэ байх аа?