Ардчилсан үндэсний чуулган-2020: Жо Байден амжилтаа улам бататгаж чадав уу

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Байден өөрийн сонгуулийн кампанит ажлыг  “Үндэстний сэтгэл санааны төлөөх тулаан” хэмээн зарлаж, “Хүмүүст хамтдаа цугларах цаг ирлээ. Энэ бол партизаны хором  бус, харин америкийн агшин байх ёстой” хэмээн өгүүлжээ.

Түүний кампанит ажил бол “Итгэл найдварын замаар” эвлэлдэн нэгдэх, өөрчлөн байгуулах том боломж гэж тэрээр онцолсон байна. Ирэх арваннэгдүгээрсард хэрэв тэр ялагдахад хүрвэл энэ нь өнгөрөгч пүрэв гарагийн орой намын хурал дээр болсон явдалтай огт хамаагүй, тэгээд ч одоогоор олон нийтийн санал асуулгад тэргүүлж яваа намынх нь ч буруу биш байх болно гэжээ.

Ингээд түүнийг онцгойлж буй гурван гол зүйлийг авч үзье.

Зорилтот байг оносон

Иймэрхүү чухал илтгэлд тайзны ур дүй, хэв засал нь агуулгатай дүйцэхүйц ач холбогдолтой юм. Үүнийг орхигдуулснаас болж хамгийн гоё уран хэллэгүүд ч хүний чихэнд наалдахгүй өнгөрч болно.

Трамп болон бүгд найрамдахчууд Байдены эсрэг дайралт хийхдээ 77 настай Жо Байден “Насны доройтолд орсон” гэх өнцөгт голчлон төвлөрч, түүнд онцгой дарамт үзүүлж байгаа хэдий ч тэр бууж өгсөнгүй. Тэрээр Ковид-19-тэй холбоотой Дональд Трампын үйлдлүүд болон 2017 онд Шарлоттсвиллд цагаан арьстнуудыг эсэргүүцсэн жагсаалд хүч хэрэглэсэн зэргийг онцлон дурдаж, шударга ёсны уур хилэнгээ илэрхийлсэн юм. Мөн аюулт тахлаар ойр дотныхноо алдсан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад буй хүмүүсийг тайвшруулахын тулд тусгайлан утсаар холбогдсон байна.

Хүнгүй хоосон танхимд сэтгэл хөдөлгөм үг хэлнэ гэдэг тийм ч амар эд биш. Гэвч “цахим” өвөрмөц нөхцөл байдал Байденд ашигтайгаар эргэж, хязгаарлагдмал хэв загварын улмаас түүний хэлсэн үг нуршуу биш, товч бөгөөд тодорхой болжээ. Тэрээр 1984 оноос хойшхи ардчилагчдын  хамгийн богино илтгэлийг тавьсан төлөөлөл болов.

Жо Байден улстөр, олон нийтийн үйл хэрэгт бараг хагас зуун жил оролцохдоо олон мянган удаа үг хэлж байсан хэдий ч өнгөрөгч пүрэв гарагийн орой асар хүчирхэг илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийн дунд үед Трамп өөрийн Твиттер хуудсанд агуулгыг нь шүүмжлэхийн оронд “зүгээр л хоосон үгс” хэмээн тэсэлгүй бичсэн нь түүний үгс хэр “чанга” байсныг илтгэж байна.

Байдены эвслийг байгуулав

Обамагийн бүрэн эрхийн хугацаа дууссан цагаас АНУ-ын Ардчилсан намын дотор илэрхий задрал ажиглагдсаар байна. Нэг талаас сенатын гишүүн Берни Сандерс тэргүүтэй дэвшилтэт үзэлтнүүд ашиг орлогын тэнцвэрт бус байдал, арьс өнгөөр ялгаварлах шударга бус явдал, хүрээлэн буй орчны доройтол зэрэг асуудлуудыг шийдэхэд засгийн газрын түрэмгий маягтай хөтөлбөрүүд хэрэгтэй мэтээр хамгаалдаг бол, Байдены багтдаг нөгөө талын прагматик үзэлтнүүдийн хувьд тогтвортой өөрчлөлт болон хоёр намын зөвшилцлийг голчлон анхаарсаар иржээ.

Харин өнгөрөгч пүрэв гарагийн орой Байдены хэлсэн үгээс харахад, ардчилагч-сонгогчид энэхүү зөрчлөө хэдийн шийдэж чадсан бололтой. Тэгээд ч, Жо Байден хэрэв арваннэгдүгээр сард ялалт байгуулахыг хүсэж байвал дэвшилтэт талынхан болон алинд нь ч багтдаггүй дундынхны дэмжлэгийг авах арга хэрэгслийг олох шаардлагатай юм. 

Байдены гол зорилго бол дундын “бүсээр” дамжуулан сэтгэл гонсгор бүгд найрамдахчууд болон нам бус сонгогчдод хүрэх явдал. Тэрээр Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хэдий ч “Өөрийг нь сонгосон хүмүүс болон дэмжээгүй хүмүүсийн төлөө ч хичээнгүйлэн ажиллах болно” гэдгээ онцлон дурдсан билээ.

Эвсэл байгуулах нь сонгуульд ялах түлхүүр юм.

Байдены багийнхан Жон Касич мэтийн экс бүгд найрамдах амбан захирагчид болон Элизабет Уоррен, Берни Сандерс гэх мэт дэвшилтэт талын томчуудыг өөрсдийн талдаа нэгтгэхийг хичээн, долоо хоногийн турш хичээнгүйлэн зүтгэсэн нь зохих үр дүнд хүрчээ. Одоо Жо Байдены хувьд, Трамп болон түүний багийнхны зүгээс ойрын үед ирж болзошгүй “хүчтэй шуургыг” сөрөн давж чадна гэдэгтээ итгэл төгс байх л үлдлээ.

Зан төлөвшил нь бодлогоос ч чухал

Трампыг ялах ардчилагчдын гол стратеги нь нэр дэвшигчдийн зан төлөвшлийн зөрүүтэй байдал дээр тоглолт хийх явдал бололтой. Одоогийн ерөнхийлөгчийн буруутай шийдвэрээс болж өрөөл татанхай болсон гэх жишээ  яригдаж байсны зэрэгцээ 13 настай Брайден Харрингтон гэх зөрүүд хүүгийн яриа пүрэв гарагийн орой чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Байден түүнтэй хэрхэн нөхөрлөж, өөрийн зөрүүд зангаа засаж залруулж чадсан туршлагаа хуваалцсан хэмээн хүү магтан өгүүлжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст таагүй ханддаг Трампын зан авирт дургүй америкчуудад тодорхой нөлөөлж чадна гэдэгт ардчиллынхан найдаж байгаа аж. 

Байденыг хэчнээн өр нимгэн, өрөвч зөөлөн хүн болох талаар ардчиллынхан хэдэн өдрийн турш ярьцгаасан бөгөөд үүнийг тэр илтгэлээрээ батлахыг оролдсон байна. Тэрээр “Хайртай хэн нэгнээ алдах нь хэчнээн хэцүүг би сайн мэднэ. Цээжин дотор том хар зүйл зангиран, амьдрал гэгч хэчнээн хатуу ширүүн, шударга бус болохыг чи мэдрэх болно” хэмээн өгүүлсэн нь олон нийтийн зүрх сэтгэлд ойр сонсогдож чаджээ. Жо Байден хэдэн жилийн өмнө нэг хүүгээ алдаж байсан билээ.

Байден ерөнхийлөгчийн албан тушаалд тэмүүлж байгаагаа  илтгэх элдэв зүйлс яриагүй бөгөөд зөвхөн Трамп юу хийсэн тал дээр дэлгэрэнгүй тайлбар хийжээ. Харин өөрийнх нь мөрийн хөтөлбөр, улстөрийн бодлоготой холбоотойгоор зөвхөн Covid-ийн асуудлаар нарийвчлан ярьсан байна. Учир нь, энэ сэдэв одоогоор америкчуудад юу юунаас илүүтэйгээр чухал байгаа нь мэдээж.

Хэрэв Байден ялалт байгуулж, Цагаан ордны тэргүүн болсон тохиолдолд сонгогчид түүнээс юуг хүсэн хүлээж байгаа бол.

Олон хүний хувьд Трампыг тухайн албан тушаалаас зайлуулж л байвал хангалттай байж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Гэвч эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин гээд ардчиллын тулгуур асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хуулийг засаглах хүнд хүчир ажлууд нэлээн байж таарна.  Тэгээд ч тэрээр Дональд Трамп хэмээх нэргүйнхээ төлөө олон сонгогчдоос “чимээгүй” дэмжлэг авах магадлалтай байна. Трамп америкчуудыг үнэхээр “залхаасан” бололтой.

Эх сурвалж: Bbc.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top