Коронавирусний улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн уналттай нүүр тулцгаагаад буй. Тэгвэл санхүүгийн зах зээл, тэрдундаа даатгалын зах зээлийн төлөв ямар байгаад анхаарал хандуулъя.
Эдийн засгийн уналтаас үүдэлтэй хүүгийн түвшний бууралт нь даатгалын компаниуд тэр дундаа урт хугацаат даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг компаниудын үйл ажиллагааны тогтвортой байдал, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байна.
Коронавирусний тархалт, хөл хорио нь даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурах, даатгалын компаниуд хөрвөх чадвар болон төлбөрийн чадварын эрсдэлд өртөх, нөхөн төлбөрийн зардал нэмэгдэх зэрэг сувгуудаар даатгалын зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ даатгалын салбар нь түр зуурын уналт, гэнэтийн эрсдэлийг хаах чадамжтай хэвээр байна гэж судлаачид тооцоолжээ.
Гэсэн хэдий ч коронавирусний үргэлжлэх хугацаа тодорхой бус байгаагаас шалтгаалан урт хугацаанд даатгалын салбарын хөрөнгө, өр төлбөрийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь тодорхой бус байна.
Зах зээлийн уг тодорхой бус байдлыг даган улс орнуудын бодлого гаргагчид гэнэтийн эрсдэлд бэлэн байх, хөрөнгийн чадавхаа хадгалах зорилгоор ногдол ашгийн хуваарилалт, хувьцааны худалдан авалтыг хойшлуулах, үйл ажиллагааны бодлогодоо анхаарал хандуулан тэвчиж болох зардлыг тодорхойлон хэмнэлтийн горимд шилжин нөөц сангаа нэмэгдүүлэхийг даатгалын компаниудад зөвлөж байна.
Түүнчлэн дэлхийн олон улс оронд даатгалын компаниуд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрсдэл өндөртэй хүн амын бүлэгт чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр цар тахалтай тэмцэхэд хувь нэмэр оруулан нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлж буй сайн туршлага олон байна.
Тухайлбал БНХАУ, Сингапур, Хонконг, Итали зэрэг улсын зарим төрлийн даатгалын компаниуд коронавирусний эмчилгээний зардлыг нөхөн төлөх заалтыг эрүүл мэндийн даатгалынхаа гэрээнд нэмэлтээр тусгах замаар халдварт өвчний эрсдэлээс хэрэглэгчдээ хамгаалж байна.
Тэгвэл Монгол Улсын даатгалын салбарын статистик мэдээлэлд анхаарал хандуулъя.
Даатгалын салбарын хөгжлийн гол хэмжүүр болох даатгалын гүнзгийрэлт буюу ДНБ-д эзлэх хураамжийн орлогын хувь хэмжээ манай улсын хувьд олон улсын түвшинтэй харьцуулахад доогуур байдаг.
Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 94.8 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 27.7 тэрбум төгрөг олгосон байна. Ингэснээр өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 8.1 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар буурч, даатгалын нөхөн төлбөр 2.4 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өсжээ. Даатгалын нөхөн төлбөрт хоёрдугаар улиралд 12.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 725.1 сая төгрөгөөр, өмнөх улирлаас 3.5 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм.
Энэ оны нэгдүгээр улиралд даатгалын гүнзгийрэлт 0.44 хувьд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.01 хувиар буурсан байна. Харин салбарын нийт хөрөнгийн хэмжээ тайлант улиралд өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсөж, өмнөх улирлаас 4.3 хувиар буурч 350 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн жилийн өсөлт бусад даатгалын төрөлтэй харьцуулахад 15.1 хувиар өсөж 286.4 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 81.8 хувийг эзэлж байна.
Давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар буурч, 54.1 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 15.5 хувийг эзэлж байна. 2020 оны 1 дүгээр улирлаас давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх 1 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор нийт хөрөнгийн өсөлт өмнөх үетэй харьцуулахад буурсан байна.
Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсөж, 9.4 тэрбум төгрөгт хүрч, салбарын 2.7 хувийг эзэлж байна. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 2020 оны 1 дүгээр улиралд нийт 40.7 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг төвлөрүүлжээ.
Үүнээс ердийн даатгалын компаниуд 40.3 тэрбум төгрөг буюу 99.1 хувь, урт хугацааны даатгалын компани 0.4 тэрбум төгрөг буюу 0.9 хувийг бүрдүүлжээ. Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 2020 оны 1 дүгээр улиралд 15.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 24.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )