Коронавирус цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт үүсч буй тодорхой бус нөхцөл байдлын улмаас хөгжиж буй улсуудад хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлж байна. 2020 оны гуравдугаар сарын байдлаар 100 тэрбум ам.долларын хөрөнгийн гадагшлах урсгал бий болсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үед хөгжиж буй улсуудын хөрөнгийн гадагшлах урсгалын 28 хоногийн гулсах дундаж утга хамгийн ихдээ 0.8 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 4.1 тэрбум ам.долларт хүрч огцом нэмэгджээ.
Хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор хөгжиж буй орнуудын валютын ханш суларч байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар зарим хөгжиж буй орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш ихээхэн суларчээ.
Эрдэс бүтээгдэхүүн экспортлогч Бразил, Мексик, Өмнөд Африк зэрэг улсуудын валютын ханш ам.долларын эсрэг огцом суларсан үзүүлэлттэй байна.
Ер нь бол оршин суугч бусын хөрөнгө оруулалт нь хөгжиж буй улсуудын хувьд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүжилтийн зардлыг бууруулах, улмаар эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Гэвч улс орнуудын хооронд өрнөх худалдааны дайн, геополитикийн сөрөг үйл явдлууд, дэлхийн хэмжээний цар тахал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсэх нь хөгжиж буй улсуудаас гэнэт хөрөнгө гадагшлах урсгалыг бий болгож, санхүүгийн системд эрсдэл учруулдаг. Коронавирусний улмаас улс орнууд яг л тийм эрсдэлтэй тулгараад байна.
Сэтгэгдэл ( 0 )