УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй “Шүүхийн тухай хууль”-ийг гэнэт чуулганы босго давуулахаар “гэтүүлсэн” нь олны анхаарал татахын зэрэгцээ хардалт дагуулав. Тиймдээ ч хэн нэгний захиалга байж магадгүй гэх хууль босго давж чадсангүй. Үүнийг анх УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэж тавьсан нь яах аргагүй анхаарал татах асуудал болгож хувиргасан. УИХ-ын гишүүд бол хууль санаачилж, батлахаас гадна хуулийн манаач байх учиртай. Чуулганы танхимд үндэсний язгуур эрх ашиг хөндсөн ямар хууль сэмхэн гэтэж байна, хэний захиалга байж болох, хаанаа ямар алдаа байгааг ийнхүү анзаарч байх нь тэдний нэн тэргүүний үүрэг юм. Энэ удаад тэд үүргээ сайтар биелүүллээ гэж болохоор.
Учир нь хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй “Шүүхийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танхимын шүүгчийг батлах, солих эрхийг шууд өгөхөөр зүйлчилж оруулж ирсэн юм. Хуулийн нэмэлт заалтаас тодруулбал, “Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломжтой” гэжээ. “Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй” гэх шалтгааны цаана юу нуугдаж байгааг анзаарсан байх.
Уг нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол танхимын хэн нэгэн шүүгч ямар хэрэг мөрдөх гэж байгааг Ерөнхий шүүгч мэдэхгүй. Ерөнхий шүүгч “Тэр шүүгч энэ хэргийг шүү” гэж томилохгүй байхаар хуульчилсан байдаг. Тиймдээ ч шүүгчдийг хараат бус байлгах гэж хэргийг сугалаагаар, цахимаар хуваарилдаг, үүнийг Ерөнхий шүүгч ч мэддэггүй жишиг манайд бий. Тэгвэл оруулж ирж байгаа хуулийн өөрчлөлтөөр бол энэ хэсгийг авч хаяад, хэн нэгэн нь өдүүлсэн хэргээ дурын шүүгчээ захиалан шүүлгэх тийм боломжийг нээж өгөхөөр зэхэж байсныг хуулиас харж болно. Энэ үеэр Б.Энхбаяр гишүүн “Шүүхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүс нь шүүгчид өөрсдөө байдаг нь судалгаагаар гарсан. Шүүх хараат бус байна гэдэг шүүгч шүүгчээсээ хараат бус байх явдал юм. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр таалагдахгүй байгаа шүүгчээ өөр танхим руу явуулж, тоглоомын гадна үлдээхээр зэхжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгчийг “Шинэ хонгилын хаан”-аар зарлах гэж байна. Энэ хэний захиалгаар орж ирж байгаа хууль вэ” хэмээн шулуухан хэлсэн нь ийнхүү бүхнийг сэдрээсэн юм.
Эргэн сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий шүүгчийг зургаадугаар сарын 02-ны өдөр бүрэн эрхийн дагуу томилсон. Ийнхүү Ерөнхий шүүгч томилогдсон даруйд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, төрийн өндөр дээд алба хашиж байсан эрхмүүд, бүрэн эрх нь хэвээрээ УИХ-ын гишүүдийг хоморголон баривчилсан, улмаар Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчин ялласан хэмээн зарим хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. Тус маргаан өдгөө ч намдаагүй нь хардалтыг улам лавшруулж байгаа хэрэг.
Уг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг төсвийн тодотгол болон улс орны эдийн засагт тулгамдсан асуудалд тулгуурлан зарласан. Тухайлбал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон даатгал, хөгжлийн тухай гэсэн үндсэн асуудлуудыг хэлэлцэх дараалалтай байсан ч “цэс”-нд байхгүй “Шүүхийн тухай хууль” гэтэж ирсэн нь яах аргагүй хардлага дагуулж таарна. Ёстой л “Шинэ хонгилын хаан” тодруулахаар зүтгүүлсэн хууль гэдэг нь эндээс цухалзана.
Мөн үеэр Б.Энхбаяр гишүүн “Энэ заалтыг авч хаяж байгаа нь чухам юунд бэлтгээд байна вэ. Хэн гэдэг ямар ямар хүмүүсийн хэрэг Дээд шүүх дээр очихоор болж, тэнд хонгил үүсгэх гээд байгаа юм” гэдгийг ч шуудхан асууна билээ. Яаж ч бодсон Ерөнхийлөгчийн томилсон Ерөнхий шүүгч бүх хэргийг мэддэг, хэн гэдэг шүүгчээр ямар хэргийг шүүлгэх тухай бүгдийг мэддэг байна гэдэг аюул. Өөрөөр ойлгуулбал, түүнийг томилсон Ерөнхийлөгч ямар хэргийг хэнээр шүүлгэхээ мэддэг болно гэж ойлгогдохоор байна. Энд л өнөөх улс төрийн захиалга, нам эвслээр талцахдаа “Шударга ёс” нэрээр захиалгат хэлмэгдүүлэлт, хэрэг дарах, шинэ хэрэг үүсгэх, булхай луйвар явах магадлал үүснэ гэдгийг дурдаж байв. Ийм л аюултай заалт бүхий хуулийн төслийг УИХ-ын чуулганы хаалгаар оруулах гээд босго давсангүй.
Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар болон Улсын дээд шүүхээс төлөөлөл байр сууриа илэрхийлж байна лээ. Салбарын сайдын тайлбарлаж байгаагаас харвал энэ нь гэнэт орж ирж байгаа хууль биш. Шүүхийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл аж. Үүнийг өнгөрсөн парламент хэлэлцэхээр зэхэж байтал “Шүүхийн тухай хууль” өргөн мэдүүлсэн учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газраас бичиг явуулан, энэхүү төслөө буцаан татжээ. Тухайн үед татчихаад одоо гэнэт шурган орж ирж байгаа нь анхаарал татна. Нөгөө талаар татсан хууль, өргөн барьсан хууль хоёрт ямар ялгаа байв гээд хөндөх л асуудал. Мөн “Шүүхийн тухай хууль”-ийг хэлэлцэн батлахад чамгүй хугацаа шаардана, магадгүй 10, 11 дүгээр сар хүргэнэ хэмээн өгүүлсэн. Өдгөө Улсын дээд шүүх дээр 2400 хэрэг байгаа, үүнийг цэгцлэхийн тулд оруулж ирсэн хууль гэдгээ ч албаны хүмүүс тайлбарлаж байсан.
Улсын дээд шүүхийн Иргэний танхимд найман шүүгч ажиллах ёстойгоос өдгөө таван шүүгч ажлаа хийж байгаа нь хүрэлцэхгүй байна. Хоёр бүрэлдэхүүн зэрэг хуралдах, шүүгч нар танхим шилжиж ажиллах шаардлага байгаа зэргийг дуулгасан. Харин Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд Иргэний танхимд өдгөө ажиллаж байгаа таван шүүгч аливаа хэргийг шүүн хэлэлцэхэд хангалттай хүрэлцэнэ гэдгийг хэлсэн. Үнэхээр шүүгчдийн тоо хүрэлцэхгүй байж болох ч заавал яагаад хуульчилж өгсөн заалтыг авч хаяад Ерөнхий шүүгчийн эрхийг зориудаар нэмэгдүүлэх гээд байна вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ.
Эндээс анзаарч байхад шууд утгаараа шүүгч томилох бус Ерөнхий шүүгчийн эрх мэдлийг нэмэх, эрх мэдлийг ганц хүнд төвлөрүүлэх хуулийн заалт оруулж ирлээ хэмээн үзэж байгаа бололтой. Уг нь Улсын дээд шүүхийн Иргэний танхимын таван шүүгчийг Ерөнхийлөгч түдгэлзүүлээд хоёр шүүгчийнх нь эрхийг эргүүлэн сэргээсэн байна. Харин тэдний ажилгүй байх хугацааны 220 сая төгрөгийг хэрхэн шийдэх хөрөнгийн эх үүсвэр ч тодорхойгүй байгааг ч энэ үеэр дурдсан. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчдийг түдгэлзүүлэх эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийддэг. Тотдотговол, тэдний зөвлөмжөөр түдгэлздэг аж. Чухам ямар шүүгчдийг түдгэлзүүлчихээд ямар шүүгчдийг оруулж ирэх гээд байгаа юм гэдэг асуудал ч хариултгүй байсаар байна. Ерөөсөө Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг олгосноос үүдэн сөрөг үр дагавар гарах магадлалтайг УИХ-ын гишүүд тал бүрээс нь шүүмжилж, төслийг энэ удаа хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Олон нийт, шүүх засаглал гадарладаг бүхэн “Шинэ хонгилын хаан” тодруулах гээд бүтэлгүйтэв үү, яав.
Сэтгэгдэл ( 3 )
Дэлхийд шударга шүүх засаглал байхгүй орон бол Монгол Нигер 2.
NAYMBAATAR Huuli zuin said baitugai Ikh hurliin gushuun bolokh hemjeenii chadbartai hun bish ee Odoo ch sanarch ogno doo Hurdan ogtsoruulakh heregtei shuu
Энэ шүүх гэдэг байгууулагыг Элбэгдорж гэдэг хүн дампууруулсан даа.