Банкуудын эх үүсвэрийн долларжилт НЭМЭГДЭХ хандлагатай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Монгол Улсын арилжааны банкуудын активын долларжилт буурч, эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх хандлагатай байна. Банкны салбарын активын долларжилтын хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч, 2020 оны зургаадугаар сарын байдлаар 9.5 хувьд хүрчээ.

Харин эх үүсвэрийн долларжилтын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм. Зургаадугаар сарын байдлаар харилцах, хадгаламжийн долларжилт өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар өсөж, 33 хувьтай гарчээ.

Үүн дотроо харилцахын долларжилт 45.6 хувьтай байгаа бол хадгаламжийн долларжилт 28.6 хувь байна. Түүнчлэн харилцах, хадгаламжийн бодит долларжилт 25.9 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 нэгж хувиар өсжээ.

Валютын хадгаламжийн дийлэнх хувийг иргэдийн хадгаламж, валютын харилцахын дийлэнх хувийг ААН-ийн харилцах бүрдүүлж байна. 2020 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын хадгаламж нь нийт хадгаламжийн 28.6 хувь буюу 4162.3 тэрбум төгрөг (1474.4 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээтэй байна.

Хувийн байгууллагаас татсан эх үүсвэр хамгийн өндөр долларжилттай байна.

Иргэдийн харилцах, хадгаламжийн долларжилтыг авч үзвэл ААН, байгууллагуудтай харьцуулахад бага түвшинд буюу 2020 оны зургаадугаар сарын байдлаар 26.3 хувьтай байна. Энэ нь оны эхнээс 2.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэдийн валютын харилцах, хадгаламж нь 3831 тэрбум төгрөгтэй тэнцэх буюу нийт валютын харилцах хадгаламжийн хэмжээнд харьцуулбал 62.5 хувийг эзэлж байна.

Хувийн байгууллагын хувьд харилцах, хадгаламжийн долларжилт нь долларжилтын ерөнхий түвшин болон иргэдийнхээс харьцангуй өндөр буюу 55.8 хувьтай байна. Энэ нь оны эхнээс 3.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 7.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөнтөгч(59.153.84.211) 2020 оны 08 сарын 28

долларжилт гэж бичих, ярих нь зөвүү. Төгрөгжилт гэж бичиж байх юмуу. Монгол хэл МОД болжээ

0  |  0
Top