Беларусьт зориулсан төлөвлөгөө Европын холбоонд байгаа юу?

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

“Беларусь бол Европ биш. Энэ улс Европын хил дээр, Европ, Орос хоёрын дунд байрладаг” хэмээн өгүүлсэн аж үйлдвэрийн еврокомиссар Тьерри Бретоны  үгс олон хүмүүсийг гайхахад хүргэжээ. “Бретон газарзүйн байрлалыг бус, улс төрийн бодлогын талаар ярьсан” хэмээн түүний туслах залруулахыг хичээсэн хэдий ч тусыг эс олов.

Европын Холбоо /ЕХ/-ны өндөр албан тушаалтан иймэрхүү мэдэгдэл хийнэ гэдэг нь Беларусийг Оросын нөлөөнд байгаа гэдгийг урдын адилаар хүлээн зөвшөөрөөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр.

Гэвч энэ удаад бүх зүйл өөрөөр өрнөх юм болов уу. Беларусь дахь нөхцөл байдалтай холбогдуулан хэрхэн ажиллах талын ойлголт ЕХ-нд бий юу. Лукашенкод ямархуу дарамт шахалт үзүүлэх бол. Украины “майданы” үеийнх шиг Брюсселийн зүгээс Беларусийн эрх баригчид болон сөрөг хүчний хооронд дундын зуучлагч болохыг оролдох болов уу.

Беларусийн Европт эзэлж буй байр суурийн талаар Тьерри Бретоны хэлсэн үг тийм ч оргүй зүйл биш аж. ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын дээд хэмжээний төлөөлөгч Жозеп Боррель испанийн EI Pais-д ярилцлага өгөхдөө: “Беларусьчууд ааваа эсвэл ээжээ сонгож байгаа биш. Тэд зөвхөн эрхчөлөө ба иргэний эрхээ л шаардаж байна. Жагсаал цуглаан дээр нь европын ямар ч туг далбаа алга. Тэгээд ч ЕХ-ны зүгээс Беларусийг хоёр дахь Украин болгон хувиргахыг огтхон ч хүсэхгүй байгаа” хэмээн өгүүлсэн билээ.

Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская өнгөрөгч мягмар гарагт  Европарламентад цахимаар оролцохдоо “Беларусь дахь эсэргүүцлийн жагсаалууд геополитиктэй ямар ч холбоогүй” хэмээн онцлон дурдсан байна. Тэрээр “Беларусьт Оростой ямар ч хамааралгүй ардчилсан хувьсгал явагдаж байна. Европтой ч мөн адил” хэмээн өгүүлжээ.

Харин Москвагийн зүгээс нөхцөл байдлыг өөрөөр дүгнэж байгаа бололтой. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Беларусьт явагдаж буй үйл явцыг геополитик, өөрөөр хэлбэл, “зөвлөлт улс задарсны дараах газар нутгийн төлөөх тэмцэл” хэмээн нэрлэсэн бол, Украины туршлагыг давтах вий хэмээн ЕХ  болгоомжилж байгаа аж. “Дундын зуучлал бол өнөөгийн нөхцөл байдлаас аврагдах цор ганц гарц хэмээн ярьж буй нөхдөд сануулахад, манай барууны түншүүд 2014 онд Киев дэх “майданы” үеэр хэрхэн “зуучилсныг” битгий мартаарай. Тухайн үед ЕХ-ны эрхэм төлөөлөгчид дундын “зуучлагч хийн” гэрээ хэлцэлд хүрч, түүнээс ямархуу үр дүн гарсныг бид бүгд санаж байгаа” гэж Лавров онцолсон байна. 2014 оны хоёрдугаар сарын 21-нд тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Янукович болон Украины парламент дахь сөрөг хүчний удирдагчдын хооронд Украин дахь улстөрийн хямралыг зохицуулах тухай хэлцэл  ЕХ-ны зуучлалаар хийгдсэн хэдий ч үр дүнд хүрээгүй. Харин олон хүний амь хөнөөгдөн, Янукович төрийн эрх мэдлээ хадгалах боломжгүй болсны дараа хэлцэлд гарын үсэг зурагдсан юм. Майданы удирдагчид Януковичийг огцрохыг хатуу шаардан, идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар Янукович зугтахад хүрч, ЕХ болон АНУ хэлцлээ биелүүлэлгүй “Улс төрийн занга” тавьсан талаар хожим нь нэг бус удаа гомдоллож байсан билээ.

ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар Беларусьт жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлтэй хамаарал бүхий албан тушаалтнуудад хориг тавих тухай саналыг дэмжсэн байна. Зөвлөлтийн харьяанд байх үед хатуу ширүүн дарангуйлал үйлдэж байсан беларусийн албан тушаалтнуудтай холбоотойгоор ЕХ шинэ хориг арга хэмжээнүүд авах хүсэлтэй байгаа талаар Германы Гадаад харилцааны сайд Хайко Маас видео уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн аж.

ЕХ-ны төлөөлөгчийн өгүүлснээр, хориг арга хэмжээнүүдийн зорилго болон хамрах хүрээ хараахан тодорхойгүй байгаа бөгөөд хоригт хамрагдах албан тушаалтан, байгууллагын нэрсийг тус холбооны гадаад бодлогын хэлтэс гаргах болно гэжээ.

 

ЕХ ЯАРАЛТАЙ ЯРИА, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ХИЙВ

 

Өнгөрөгч баасан гарагт ЕХ-ны гишүүн 27 орны дээд хэмжээний дипломат төлөөлөгчид уулзалт хийн, 2016 онд цуцлагдсан Беларусийн удирдлагатай холбоотой хоригийн талаар авч хэлэлцсэн юм. Тус орон дахь хуулийн үйлчлэл сайжирсан талаар ЕХ мэдэгдэл хийсний дараа хоригийг цуцалж байсан бөгөөд тухайн үеийн хориг арга хэмжээнүүд ихэвчлэн зэвсэг үйлдвэрлэлийн компаниуд руу чиглэн, тэдний хөрөнгийг “царцаан”, хилийн хориг тавьж байсан аж.

ЕХ-ны видео ярилцлагууд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэл амтай ялалт болон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг хүч хэрэглэсний дараа болсон байна. “Бид тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн тодорхой этгээдүүдийг ЕХ-ны хоригт хамруулахыг эрмэлзэж байна” хэмээн Маас өгүүлжээ.

Ярилцлага хэлэлцүүлгийн үеэр Австри, Швед, Герман улс хориг арга хэмжээний хатуу чанга багцыг санал болгож байсан бол, Чех, Дани, мөн Балтийн тэнгисийн улс орнуудын зүгээс Лукашенко болон сөрөг хүчний хооронд зуучлал хийхийг уриалсан бөгөөд харин Литва улс хүчирхийлэлд өртөн гэмтэж бэртсэн олон зуун хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр амласан байна.

 

БЕЛАРУСЬ ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ МЕРКЕЛИЙГ ЦОЧРОЛД ОРУУЛЛАА

 

Хориг арга хэмжээний талаар Маасын хэлсэн үгс уг яриа хэлэлцээрийн өмнө Германы канцлер Ангела Меркелийн төлөөлөгчийн хэлсэн үгтэй утга санаа нь  ижил байв. Штеффен Зайберт “Беларусьт энгийн номхон жагсагчдын эсрэг зэрлэг балмадаар хүч хэрэглэн баривчилж хорьсон явдал эрхэм канцлерыг цочролд оруулсан” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. “Бидний үзэж буйгаар, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэм буруутнуудын эсрэг авах хориг арга хэмжээнүүдийн талаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай” гэж Зайберт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мөн Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Беларусь дахь хүний эрхийг зөрчиж, ардчиллын үнэт зүйлсийг бусниулж буй этгээдүүдийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээнүүд авах шаардлагатай” хэмээн өөрийн Твиттер хуудсанд бичсэн аж.

 

ЛУКАШЕНКОГИЙН “ХОНОГУУД ХОРОГДСООР” БАЙНА УУ

 

Герман дахь Төв болон Зүүн Европын судалгааны Маршалл төвийн захирал Йорг Форбриг DW-д ярилцлага өгөхдөө, “Лукашенкогийн төгсгөл ойртож байна” хэмээн онцолжээ. Тэрээр “Беларусь дахь эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил хаялтууд зөвхөн Лукашенког төрийн эрх мэдлээс холдуулах ганцхан гол шаардлагыг тавьж байгааг бид харж байна. Харин Лукашенко энхийн замаар холдох нуу үгүй юу гэдгийг нарийвчлан ажиглах шаардлагатай” гэж нэмэн дурдсан байна.

Форбриг “ЕХ-ны хориг арга хэмжээнүүд Лукашенкод шууд нөлөөлөн төрийн эрх мэдлээс мөдхөн бууна гэдэгт төдийлөн найдахгүй байгаа хэдий ч тэдгээр нь ЕХ-ны зүгээс Беларусийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагийн тод илэрхийлэл болно” хэмээн өгүүлжээ. 

Украин дахь Оросын үйл ажиллагаа ЕХ-ны хувьд аймшиг байсан бөгөөд түүнийг ахин давтагдах вий гэх болгоомжлол Лукашенког засгийн эрхэнд үлдээхээс илүүтэйгээр анхаарал татаж байгаа аж. Словенийн ерөнхий сайд Янеш Янза Politico-д ярилцлага өгөхдөө: “Беларусийн хямралд Оросын шууд оролцоог ЕХ-ны зүгээс хэрхэвч гаргуулахгүй байх, Беларусьд чиглэсэн удаан хугацааны стратегийг боловсруулах, сөрөг хүчинд туслах, Лукашенко-той шууд хэлцлүүд эхлүүлж, шинээр сонгууль явуулахад ЕХ анхаарах хэрэгтэй” хэмээн сануулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top