Боловсролын шинэчлэл ба ӨВӨРМОНГОЛЧУУД тэмцэхийн учир

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31


Хятадын удирдлагуудын шийдвэрээр Өвөр Монголын сургуулиудад хэрэглэдэг хэл бичгийн сурах бичгүүдийг үндэсний хэмжээнд хэрэглэдэг хятад хэлний сурах бичгээр солих тухай асуудал хөндөгдөж, Өвөр Монгол дахь хосолмол хэлний боловсролын системд өөрчлөлт оруулах болсон нь жагсаал, эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэлээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлж байгаад анхаарал хандуулъя. Эхний удаа www.languageonthemove.com сайтын нийтлэлийг орчуулан нийтэлж байна. 



БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫГ АРЧИХ УУ!
 

КОВИД-19 халдварын аюул буурахтай зэрэгцэн Хятадын умард бүс нутаг болох Өвөр Монголын иргэд шинэ аюултай нүүр тулгарав. Тэд хос хэлний сургалттай сургуулиа алдах эрсдэлд ороод байна. Нутгийн иргэд “Хавар бид КОВИД-оос айж байсан бол намар нь бид устаж мөхөхөөс айх боллоо” гэж учирлана.

Хос хэлний боловсролын хоёр загвар

Энэ "айдас"-ыг ойлгохын тулд Өвөр Монгол дахь хосолмол хэлний боловсролын талаар ойлголттой байх хэрэгтэй. Товчхондоо бол Өвөр Монголд хос хэлний боловсролын хоёр өөр загвар байдаг. Сүүлийн 73 жилд сургуулийн бүхий л хичээлийг монгол хэлээр, хоёрдугаар ангиас эхлэн хятад хэл бичиг, гуравдугаар ангиас эхлэн англи хэл, бичиг нэмэгдэн ордог хөтөлбөрөөр явуулж иржээ. Монголчуудын санааг зовоож буй сургалтын шинэ загварын дагуу монгол хэлний сургалтаас хятад хэлний сургалтад аажмаар бүрэн шилжих юм. Ингэхдээ монгол хэл бичгийг нэмж орохоор тусгажээ. Хэдийгээр үүнийг "Хос хэлний боловсролын шинэ хэлбэр" гэж тодотгож байгаа ч энэ нь үнэн чанартаа нэг хэлний буюу бүхэлдээ хятад хэлний дунд боловсролын систем рүү шилжиж байна гэсэн үг юм.

2020 оны наймдугаар сарын 26-нд гаргасан шийдвэрийн дагуу есдүгээр сараас эхлэн Өвөр Монголын сургуулиудад хэрэглэдэг хятад хэл бичгийн сурах бичгүүдийг үндэсний хэмжээнд хэрэглэдэг хятад хэлний сурах бичгээр солино. Өөрөөр хэлбэл, эх хэл нь монгол хүүхдүүд унаган хятад хэлтэй хүүхэдтэй ижил сурах бичгээр хичээл үзэж, шууд харьцуулагдан үнэлэгдэх юм.

Өөр нэг нарийн өөрчлөлт нь хичээлийн нэр. Хятад хэл бичгийн сурах бичиг (Хятад хэлээр 汉语文) нь “Хэл бичиг” (Хятад хэлээр “语文”) гэж шинээр нэрлэгдээд байгаа бол монгол хэл бичгийн шинэ сурах бичиг “Монгол хэл бичиг” гэж нэрлэгдэх болжээ. Өмнө нь эл сурах бичиг “Хэл бичиг” гэсэн ерөнхий нэршилтэй байжээ. Нэмэлт хичээл нь хятад хэл бус монгол хэл болохыг тодотгож байна гэсэн үг. 

Зарим монголчууд үүнийг “Хойд эцэг төрсөн эцгийн байр суурийг эзэлж байна” хэмээн зүйрлэх болжээ.
 


Энэхүү шинэчлэл хэд хэдэн асуудал үүсгэж байна.

Нэгдүгээрт, унаган монгол хэлтэй хүүхдүүд дөнгөж нэгдүгээр ангиасаа эхлэн эх хэлээрээ зэрэгцэн уншиж, бичиж сурахын зэрэгцээ илүү хүнд хятад хэлний цагаан толгойг унаган хятад хэлтэй хүүхэдтэй ижил түвшинд сурч чадах уу? Эл шинэчлэл сурагчдын ачааллыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хоёрпугаарт, эдгээр монгол сурагчдад зориулж үндэсний их сургуульд элсэх тусгай шалгалтын хувилбар гаргах уу?

Өдгөө монгол сургууль төгсөгчид үндэсний их сургуульд элсэх шалгалтад хэрхэн оролцдог талаар товч танилцуулъя. Үндэсний хэмжээний элсэлтийн шалгалт хятад хэлээр явдаг хэдий ч монгол элсэгчдэд зориулж шалгалтын агуулгыг монгол хэл рүү хөрвүүлсэн байдаг. Тухайлбал, тоо, түүх, улс төр эсвэл химийн шалгалтыг улсын хэмжээнд ижил тест хэлбэрээр авдаг ба Өвөр Монголын сурагчдад зориулж монгол хэлээр орчуулсан байдаг аж. Түүнчлэн, шаардлагатай тохиолдол солонгос зэрэг албан ёсны үндэсний цөөнхийн таван хэлээр орчуулсан байх дүрэм бас бий. Жил бүр дунджаар 12 мянган монгол хүүхэд монгол хэлээр орчуулсан сурах бичгийн дагуу элсэлтийн шалгалтын тест өгдөг.

Унаган монгол хэлтэй элсэгчдийн хувьд гадаад хэл буюу хятад хэлний тест шалгалтын онооны 70 хувь, англи хэл 30 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл хятад хэлний ямар тестийг үндэсний цөөнх болсон Өвөр Монголын сурагчдад хэрэглэх вэ?

Эдгээр чухал асуултад боловсролын шинэчлэл хараахан хариулт өгөөгүй байна. Монгол сурагчид унаган хятад хэлтэй сурагчидтай өрсөлдөж чадахгүй нь мэдээж.
 


Шинэчлэл монгол соёлд халтай юу?

Өнөөгийн Өвөр Монголд монгол эцэг, эхчүүдийн 40 хүрэхгүй хувь нь хүүхдүүдээ хос хэлний сургалттай монгол сургуульд явуулдаг бол бусад нь хятад сургуульд өгдөг аж. Ийм нөхцөл байдалд боловсролын энэхүү шинэчлэл нь Хятадын нутаг дэвсгэрт монгол хэл, соёлд нөлөөлөх үү гэдэг асуулт зайлшгүй тулгарна. 

Үндэсний цөөнхийн хэлийг хэрэглэх, хойч үедээ уламжлуулан авч үлдэх боломжийг хязгаарлах явдал дэлхий дахинд түгээмэл ажиглагдаж байна.

Үндэсний цөөнхөд ээлтэй боловсролын орчин, нөхцөл үндэсний цөөнх, нутгийн уугуул иргэдийн үр хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал ач холбогдолтой болохыг дэлхийн дахинд явуулсан олон судалгаа харуулдаг. Эсрэгээрээ “ерөнхий” боловсролын систем үндэсний цөөнхийн хүүхдүүдэд ямар их хохиролтой болохыг Австралийн умард бүс нутагт уугуул хүүхдүүдийн тухай өгүүлдэг “In My Blood It Runs” (Миний цусаар гүйдэг) баримтат кино зүрх шимшрүүлэм байдлаар харуулдаг. Эх хэлний хосолмол боловсролын системийг газар дор булах аваас эл баримтат киноны гол дүр болох Австралийн уугуул арренте омгийн 10 настай хүү Дужуяны хоёр ертөнцийн заагаар итгэлгүйхэн алхах гашуун бөгөөд эмгэнэлт хувь заяаг үндэсний цөөнхийн олон тооны хүүхэд давтан туулахыг бид мэдэхгүй. 
 


Монгол хэлний хосолмол сургалтын тогтолцоо

Монгол хэлээр үндсэн сургалттай, хятад, англи хэлний нэмэлт сургалт бүхий 73 жилийн настай хос хэлний боловсролын тогтолцоо Өвөр Монголын хос хэлтэй иргэдэд тохирсон шалгарсан тогтолцоо гэдгээ хэдийнэ нотолсон.

Олон эрдэмтэн, зохиолч, уран бүтээлч, орчуулагч, багш болон бусад үлгэр дуурайлал болсон иргэд энэхүү онцлог боловсролын тогтолцооны буянаар өсөж, хөгжсөн. Энэ жил гэхэд хэд хэдэн монгол сурагч Бээжин, Тонжи их сургууль зэрэг Хятадын шилдэг их сургуульд элсэж, Өвөр Монгол дахь хятад хэлний сургалттай сургууль төгссөн үе тэнгийнхнээсээ илүү амжилттай байгаагаа харуулав. Үүний сацуу, өнөөгийн хосолмол хэлний боловсролын тогтолцоо Хятадын умард бүс нутагт үндэстэн, ястан хоорондын харилцаа, олон ястны нэгдмэл байдлыг бэхжүүлсээр ирсэн. Гэвч эл онцлог тогтолцоо нэгэнт үгүй болбоос дээрх харилцаанд өөрчлөлт гарах нь дамжиггүй. Оросын үндэсний цөөнх болох буриад монголчуудын 1980-аад онд эх хэлний сургалтаа сэргээх оролдлого 1960-аад оны хос хэлний боловсролын тогтолцоог устгасан алдаагаа ухамсарласан Зөвлөлтийн улстөрчдийн дэмжлэг аваад ч бүтэлгүйтэж байсан түүх буйг санах учиртай.

Хятадын цөөнхийн харанхуй ирээдүй

Түүх болон улс төрийн боловсрол, ёс зүйн хичээлийг 2021 оноос эхлэн хятад хэлээр заах аваас бусад хөтөлбөр удалгүй хятад хэл рүү мөн шилжих болно. Ингэснээр хэдхэн жилийн дараа монгол багш, сурах бичиг хөрвүүлэгч, зохиолч болон монгол хэл, соёлтой холбоотой салбарын төлөөлөгчид амьжиргаанаасаа сална гэсэн үг. Өдгөө ширүүн өрсөлдөн дунд чадан ядан тэмцэж буй монгол хэлээр үйл ажиллагаа явуулдаг телевиз, цахим хэвлэл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аажмаар үгүй болохыг ч үгүйсгэх аргагүй. Өвөр Монгол дахь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр бүхэлдээ хятад хэл рүү шилжих тохиолдолд хэдхэн жилийн дараа бодлого боловсруулагчид их сургуулийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд зөвхөн хятад хэлээр авах шийдвэр гаргахыг ч үгүйсгэхгүй. 

Энэ тохиолдолд монгол элсэгчид олон сая унаган хятад хэлтэй үе тэнгийнхэнтэйгээ дэлхийд хамгийн ширүүн өрсөлдөөнтэй их сургуулийн элсэлтийн шалгалтад энэ тэнцүү өрсөлдөж чадахгүйд хүрэх эрсдэл байж болох юм. Үүнтэй зэрэгцэн олон тооны ажилгүй, ядуу, ялгаварлан гадуурхагдсан иргэд гарч ирснээр Хятад улс нийгэм улс төр, эдийн засгийн асуудалтай тулгарч ч мэднэ. 
 


Сүүлийн жилүүдэд Хятадын угсаатны бодлогод томоохон өөрчлөлт орж, монгол, солонгос болон Ганьсү, Жилин, Лиаонин, Шинхай зэрэг бүс нутагт оршин суудаг үндэсний цөөнхөд тусгалаа олж байна.

Хэдийгээр Хятадын талаас боловсролын шинэчлэлтэй холбон энэхүү өөрчлөлтөө тайлбарлаж байгаа ч өөрсдийн хэврэг байр суурийг үл харгалзан өвөр монголчууд шинэчлэлийн эсрэг тэмцсээр байна. Тэд БНХАУ-ын Үндсэн хууль, үндэсний цөөнхийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон Монгол хэлний тухай хууль, журмыг зөрчиж буй Хосолмол хэлний боловсролын тогтолцооны хоёрдугаар үе шатыг эсэргүүсээр байна. Шинэчлэлийг аажмаар хэрэгжүүлж байгаа нь зөвхөн Өвөр Монгол төдийгүй, Япон, Европ дахь монголчуудыг хуулийн хүрээнд тэмцэхэд хүргэж эхэлжээ.

Энэ оны зургаадугаар сард хос хэлний боловсролын шинэчлэлийн эхний үе шатыг цуцалсан тухай цуу яриа дэгдэж эхэлсэн бөгөөд албан ёсны баримт бичиг, шийдвэр ил гараагүй байсан тул олон монголчууд үүнийг тийм ч ноцтой хүлээн аваагүй.

Гэтэл есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхээс долоохон хоногийн өмнө Өвөр Монголын Боловсролын товчоо албан ёсны баримт бичгийг ил болгожээ.

Өдгөө өвөр монгол эцэг, эхчүүд энэхүү шинэчлэлийн эсрэг тэмцсээр байгаа бөгөөд хүүхдүүдээ сургуульд нь явуулахаас татгалзаж байна. Харин багш, төрийн албан хаагчид ажлаа алдахаас эмээн, дуугүй байсаар. Зарим монголчуудын хувьд Соёлын хувьсгалын аймшигт дурсамж сэдэрч, ам нээхээс эмээж байгаа. Өөрсдийн аргагүй нөхцөл байдлын талаар олон нийтийн сүлжээнд илэрхийлэх нэгэн байв ч тэдний пост байнга устаж, үгүй болно.

Нэг зүйл тодотгоход, одоо өрнүүлж буй тэдний тэмцлийн гол зорилго үндэсний сургалтын хөтөлбөрийг үгүйсгэх бус харин хичээлийг бүхэлд нь хятад хэлээр заахын эсрэг байгаа юм.  Өвөр монголчууд шинэ сурах бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн 73 жилийн туршид хэрэглэж ирсэн шиг хичээлээ эх хэлээрээ үзнэ гэж найдсаар. Харин хосолмол хэлний боловсролын тогтолцоо нь монгол хэлийг хадгалаад зогсохгүй хятад үндэстний хөгжил дэвшил, тогтвортой байдлыг урт удаан хугацаанд бэхжүүлэх нь дамжиггүй. 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.222) 2020 оны 08 сарын 31

Манай улсын үндэсний аюулгүй байдал, хятаджилтаас хамгаалж байгаа хүмүүс бол Өвөрмонголчууд. Хэдэн жилийн дараа тэд хэл соёлоо мартвал удахгүй манайх ч бас автах байх даа. Тус улсын асуудал гэж хайнга хандах зүйл биш байх

1  |  0
Эрдэнэ(59.153.113.204) 2020 оны 09 сарын 01

дэлхийн бүх улсад байгаа монголчууд тухайн улс хятадын элчин саыдын яамны гадаа жагсаал хийцгээе

3  |  0
Hogiin halhuud(112.96.165.95) 2020 оны 08 сарын 31

Hulchgar halhuud chineegui l gololzsoor, hoorhii. Nudee uhaad mongond ogchihson yum hoino sohor hun shig haraagui dur uzuuleed l chaavaas. Hamag udirdagchid ni hyatad yuan dollaraar amia zogoodog bolohoor tag chig. Ene medeelel yadaj tavij baigaa ni gaihaltai. Bur tag chig baina shu onoodriig hurtel. Ali ongorson saraas l duuldaj bsn shu de.

2  |  1
арын монгол(192.82.69.54) 2020 оны 09 сарын 01

Бидний мах цусны тасархай өвөрлөгч монголчууддаа дэмжье.

6  |  0
МОНГОЛ(182.160.35.236) 2020 оны 09 сарын 01

ТВ- гийн хятад сериал мөн хятад хэлний хичээлийг зогсооё !!!!!!!!!!!

6  |  0
МОНГОЛ(182.160.35.236) 2020 оны 08 сарын 31

ТВ- гийн хятад сериал мөн хятад хэлний хичээлийг зогсооё !!!!!!!!!!!

4  |  0
баярлалаа(64.119.16.238) 2020 оны 08 сарын 31

тА НР ЯЛСАН БАЙНА. МОНГОЛ хэлийг эх хэлээр үлдээжээ

2  |  0
Z(202.9.46.222) 2020 оны 09 сарын 01

Өвөр монголчуудаа дэмжиж байна

9  |  0
Top