Хадлан тэжээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа
-Улсын хэмжээнд хадлан тэжээлийн нөөцийг хэрхэн бүрэлдүүлж байна вэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлууд жигдэрч байна уу?
-Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай 19 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолд энэ жил хадлан тэжээл бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлэхээр заасан. Тухайлбал, аймаг, сумын аюулгүй нөөцөд 61 мянган тонн өвс, 18 мянган тонн тэжээлийг бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ нөөцийг аймаг, орон нутгийн Засаг дарга нар дотооддоо зохицуулалт хийж бэлтгэнэ. Малчин иргэдийн хувьд өөрсдөө өвс тэжээлээ бэлтгэх үүрэгтэй ч сүүлийн өдрүүдэд хур тунадас элбэг байгаатай холбоотойгоор хадлангийн ажил жигдэрч чадаагүй байна.
-Яамнаас хилийн бүс нутгуудад хадлан бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллах сураг байсан?
-Хилийн бүс нутгуудад хадлан бэлтгэх ажилд анхаарч байгаа. Ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн хилийн бүс нутгуудын ойролцоо хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулна. Мөн говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлангийн талбай хуваарилах зохицуулалтыг хийж байна. Бодлогын гэрээ байгуулах ажлууд бэлтгэгдсэн. Жишээлбэл, зүүн бүсийн аймгуудаас хэдий хэмжээний талбайд хадлан бэлтгэх боломжтой байгаа тухай мэдээллийг аваад бодлогын гэрээ байгуулах бэлтгэл хангагдсан.
-Өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн дэд сайд болон холбогдох ажлын хэсэг Булган аймагт ажилласан. Хадлан тэжээл нөхцөл байдал дээрээ хэр бэлтгэгдэж байна вэ?
-Булган аймгийн Баяннуур сумын өвс бэлтгэдэг гол газар Бор булангийн хадлангийн талбайтай танилцсан. Тус 5000 га хадлангийн талбайд хадлан бэлтгэх хүсэлтээ Өвөрхангай аймгаас ирүүлсэн. Энэ ажлыг зохицуулах талаар ажилласан. Бор булангийн талбай нь Туул голын ойр орчимд байдаг учраас хур тунадас их орсонтой холбоотойгоор усанд автсан байсан. Цаашдаа хадлангийн талбай усанд автахаас сэргийлж ажлууд зохион байгуулах шаардлага шинээр үүсч байна. Булган аймгийн тухайд хилийн зурвас газрын ойролцоох газруудад хадлангийн талбайн нөөц нутгийг үзэх, зохицуулах ажлыг аймгийн удирдлагууд хийсэн байсан. Өнөөдрийн байдлаар хадлан бэлтгэхийн тулд өөр аймгаас салаа, хүн хүч оруулах зэрэгт зам давааны эвдрэлийн асуудал хүндрэлтэй байгаа. Ийм учраас Булган аймгийн орон нутгийн удирдлага энэ жил 2000 га талбайд ногоон тэжээл тариалсан. Ногоон тэжээлийг бусад санал тавьж байгаа аймгуудад хямд үнээр газар дээр нь борлуулах ажлыг зохион байгуулна гэсэн. Булган аймаг хадлангийн мэргэшсэн олон салаатай аймаг учраас өөрсдөө 1500 га талбайгаас хадлан бэлтгээд борлуулах ажлыг эрхлэх боломжтой байгаа гэсэн саналаа хэлсэн.
-Зүүн бүсийн аймгууд хадлан тэжээлээ сайн бэлтгэдэг. Энэ жил зүүн аймгуудын хадлан тэжээл ямар байна?
-Одоогоор Дорнод болон Хэнтий аймгийн Засаг даргаас албан ёсоор Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ашиглуулах боломжтой талбайн хэмжээгээ ирүүлсэн. Бид тэдгээр аймгийн нутаг дэвсгэрт хадлангийн талбай ашиглуулах зохицуулалтыг хийхээр бодлогын гэрээг бэлтгэсэн. Сүхбаатар аймгаас энэ намар “Хэдий хэмжээний талбайд хадлан бэлтгэх боломжтой вэ” гэсэн мэдээллийг албан ёсоор аваад зохицуулалтыг хийнэ. Дорнод болон Хэнтий аймгийн хадлангийн талбайн тухайд хилийн зурвас газарт байгаа учраас зам хол. Хур тунадастай байгаа учраас сайтар ярилцаж зохицуулалт хийнэ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хадлангийн талбай ашиглах саналыг говийн аймгуудаас голчлон ирүүлсэн байгаа. Сүхбаатар аймгийн тухайд харьцангуй ойрхон учраас зардал бага гарна гэсэн үндэслэлээр Сүхбаатар аймгаас талбай авъя гэсэн асуудлыг албан ёсоор ирүүлсэн. Удахгүй энэ долоо хоногт зохицуулалт хийгээд дуусна.
Сэтгэгдэл ( 0 )