Ээлжит бус чуулганаар 2020 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Тодотголтой холбоотойгоор талуудын илэрхийлж буй байр суурийг харахад оромдоод өнгөрлөө, өрийн хэмжээг улам нэмлээ гэж хэлэх хүмүүс олон байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ээлжит бус чуулганаар 1.7 тэрбум ам.долларын алдагдал, өр үүсгэсэн төсөв баталлаа. Ковидтой тэмцэх нь зөв ч арвилж, хэмнэж, тэвчиж болох олон зардлаа хасаж танасангүй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “2020 оны төсвийн тодотгол УИХ-аар батлагдлаа. Коронагийн үеийн төсвийн бодлого, төсөвт тусгагдсан арга хэмжээг дэмжсэн олонхи байхад муулсан хэсэг бас байлаа. Сая тодотгон батлагдсан төсөвт юу юу туссаныг та бүгдэд хүргэе” гэсэн байна.
Сангийн сайдын тодотгосон мэдээллүүдийг хүргэе.
Төсвийг тодотгосны дараа УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дараах мэдээллийг өгсөн.
Төсвийн тодотголоор, улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас 1 төсөл арга хэмжээг хасаж, 34 төсөл арга хэмжээнд өөрчлөлт оруулснаар нийт 12 тэрбум 731.3 сая төгрөгийг 2020 онд санхүүжих дүнгээс бууруулахаар өөрчилсөн.
Харин 2020 оны төсвөөр батлагдсан боловч тодотголын төсвөөс хасагдсан 37 төсөл арга хэмжээг буцаан нэмж тусгах болон төсөлд тусгагдсан 18 төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлснээр төслийн 2020 онд санхүүжих дүнг 12 тэрбум 171 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Мөн хэрэгжих боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын 4 төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөхөөр тусгасан байгаа юм.
Өвөрхангай аймгийн суурь зардлыг 560.3 тэрбум төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн урсгал зардлыг 235 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын төсвийг 301.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын эргэн төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 536.3 сая төгрөгөөр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын урсгал зардлыг 4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогын 9 их наяд 730.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 4 их наяд 846.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар ч бизнесгүй мөртөө Ганнам дүүрэгт 3 хаустай хотгор шанага зайлаа.