Багшдаа хадаг яндаг барьж шавь ордог байсан монголчууд харьцангуй баруунжиж, өргөлөө цэцгийн баглаагаар орлуулдаг заншил нэгэнт тогтжээ. Багшийн эрдмээр ухаан тэлж буй хүүхдүүдийн хариу төлбөр мэт болтлоо хэвшсэн энэ өглөг даамжирсаар хорт зуршил болох шинжтэй. Эцэг эхчүүдийн сэтгэлгээ ч ганц баглаа анхилуун үнэрт цэцэгнээс халиад идэх юм, эд юмс болон хувьсаж байна. Ер нь сурагчид багшдаа цэцэг өгөх ёстой гэж заасан хууль байхгүй. Гэсэн хэдий ч хүн байтугай амьтан хүртэл үр хүүхдээ гэдэг хойно эцэг эхчүүд “Хүүхдэд минь хатуу хандчих вий” гэдэг далд сэтгэлгээгээр хүний хүүхдүүдтэй хүүхдээ уралдуулан багшид нь гарын бэлэг болох цэцэг тэргүүтнийг дайдаг биз.
Нөгөө талаар “чимээгүй” авлига болсон цэцэг хавар төгсөхөд нь үнэт зүйл болж хувирч багш нарыг муу занд сургасан явдал боловсролын системд даамжраад буй. Нэг хэсэг нь өгөөд, нөгөө хэсэг нь аваад сурчихаж. Гэтэл багшдаа цэцэг барьж буй бужигнасан сурагчдын ард түүнийг харж бүлтгэнэж суугаа олон хүүхэд байдаг. Цэцэггүй очсон тул багшийнхаа нүдэнд тусалгүй, тэгсхийгээд л хичээл нь өндөрлөдөг тохиолдол цөөнгүй. Дараагийн өдрөөсөө л цэцэгтэй ирсэн, цэцэггүй ирсэн гэдгээр нь ялгаварлаад эхэлдэг ухамсар муутай багш ч цөөнгүй. Хичээлийн шинэ жилтэй хамт дэлгэрээд гандах өнгөт цэцэгсийн сүүдэртэй тал нь энэ. Ялангуяа хүүхдийн хүнтэй харьцах харилцаа сургуулийн босго алхсан цагаас нь эхлэн эд материалаар хэмжигдэж байгаа нь харамсалтай. Монгол хүүхдийн боловсрол ингэж эхэлдэг.
А.Золзаяа
Сэтгэгдэл ( 1 )
Хуульчилж бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй.