СУРВАЛЖИЛГА: Талхны үнэ 2000 төгрөгт хүрчээ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Олны хөлд дарагдсан “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Ахуйн хэрэглээний бараа, хувцас хунар, хүнсний бараа гээд бүх зүйлээр төрөлжсөн тус төвийг иргэд тасралтгүй зорино. Улс орны эдийн засаг хумигдаж, өрхийн орлогоо танасан иргэд өдөрт 4000-5000 төгрөгийн гурилан бүтээгдэхүүн авахаас илүү, үнэ хямд учир талхыг л авч байна.

Тэгвэл бидний очсон худалдааны төвд байрлах “Талх чихэр” компанийн талхнууд 100-150 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, иргэдийн хамгийн их худалдаж авдаг “Мишээл” зүссэн талх 1650 төгрөг байсан бол есдүгээр сар гарснаас хойш 1800 төгрөг болж нэмэгджээ. Мөн олон үрт, бүхэл үрийн талх зэрэг нь 100 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Гэвч “Атар” талхны үнэ нэмэгдээгүй 1200 төгрөг хэвээрээ байгааг худалдагчид хэллээ.

Харин “Өгөөж чихэр боов” компани бөөний цэг дээрээ өөрийн гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй бөгөөд “Мишээл” зүссэн талхыг 1900 төгрөгөөр худалдаалж байлаа. Цаашлаад “Атар Өргөө” компанийн талх хамгийн хямд буюу 1650 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин орон сууцны дэлгүүрүүдээр явж судалгаа хийхэд талхны үнэ төрөл бүрдээ нэмэгдсэн бөгөөд “Мишээл” талхыг 2000 төгрөгөөр зарж байгаа дэлгүүр ч байлаа.

Хоёр талх авсан иргэн 4000 төгрөг төлөхдөө гайхах, бухимдах нь илт. Тэрбээр “Инфляц нэмэгдэж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ” гэж бухимдангуй өгүүллээ. Тэгвэл гурилын үнэ нэмэгдээгүй ч талхны үнэ нэмэгдсэн байна. Гурилын үнэ одоогийн байдлаар хүнсний захуудаар нэг килограмм тутамдаа 1500 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Бид талхны үнийн нэмэгдлийн талаар Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөөх газраас тодруулах гэсэн боловч хойшлуулан, тайлбар өгөхийг хүссэнгүй. Мөн үнийн нэмэгдэлтэй холбогдуулан энэ жилийн ургацын төлөвлөгөөний биелэлтийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбатаас тодруулахад “Урьдчилсан балансаас харахад улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой байна” гэж хэллээ. Тодруулбал, ургацын урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа авах бөгөөд үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой юм байна. Өнгөрсөн долоодугаар сар, наймдугаар саруудад хур тунадас их орсон  тул таримлын болц оройтох, талбай дахь хогийн ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгааг албаны мэдээлэлд онцолсон юм. Сурвалжилганы төгсгөлд талхны үнэ нэмэгдсэн талаарх иргэдийн байр суурийг сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Х.Магнайдорж: Үнийг буулгана гэж ярихгүй байгааг гайхаж байна

-Юмны үнэ ингэж их өсөж байгаа нь багаасаа эхэлж байгаа юм. Талх үйлдвэрлэгчид юм уу, талх зарж байгаа хүмүүс нэмж байгаа байх. Нийлж ярьж байгаад одоо нэмчихье гээд л нэмдэг. Үнийг буулгана гэж ярихгүй байгаа нь хамгийн аюултай.

 

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дэнсмаа: Талхаа авч дийлэхгүйд хүрлээ

-Би жирийн тэтгэврийн хөгшин. Улсад 41 жил ажиллачихаад авсан тэтгэврээрээ талхны мөнгөө дийлэхгүйд хүрээд байна. Талхны үнэ гэлтгүй ер нь юмны үнэ өсөөд л байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэн С.Төгссайхан: Үнийг бууруулахад зохицуулалт хийнэ гэж найдаж байна

-Талх, мах зэрэг өдөр тутмын хэрэгцээнүүд чинь стратегийн бүтээгдэхүүн учир төр үнийг нь барих тал дээр ажиллаж байх ёстой. Иргэдийг өлсгөхгүйн тулд зохицуулалт хийж байх ёстой. Цаашид энэ үнийн хөөрөгдөлтөд зохицуулалт хийнэ гэж найдаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Бүрэнжаргал: 100, 200 төгрөг ч амьдралд хэрэгтэй

-Талх хүмүүсийн гол хэрэглээ учир үнэ нэмж болохгүй. Телевизээр гарч байгаа зарим айлыг харахаар талхны мөнгө ч үгүй хүмүүс зөндөө харагддаг. Тэдгээр хүмүүст л 100, 200 төгрөгөөр нэмэгдсэн гэлтгүй маш их хүндрэл учрах байх.

А.ЗОЛЗАЯА

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 07

Ene baliar baashig baashig boovnuudaa bolih heregtei,mash ih tos sahartai zugeer zuursan guril,het tostoi tulenhii barimalshig malin tejeel geltei,baga nasni huuhed suud gedes ni uvduj guilgeheer,bas mash ih codtoi dan sodoor usugsun baigaa ,barag l holormin gesen himiin bodis,

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 07

Bur baihgui bokchood bn oldohgui

0  |  0
Иргэн(59.153.115.21) 2020 оны 09 сарын 05

улаан буудайгаар 100 хувь гэдэг ч худлаа. Энэ нөхдүүдийн үгэнд итгэх аргагүй. Эцэст нь ард түмэн л хохирон

0  |  0
зочин(112.72.15.198) 2020 оны 09 сарын 05

ихэнхи үйлдвэрийн боовний амт их муу бн ихэнхи нь бөөн транс тостой транс тосоор гурилаа зуурсан бн

1  |  0
зочин(122.201.23.226) 2020 оны 09 сарын 04

Шатахуун 40 хувиар буурсан гэтэл эсрэгээр талх нь өсөөд ббайдаг

0  |  0
svv hhk(59.153.112.177) 2020 оны 09 сарын 04

svvnii vne bas nemsen b.aleeshdee.namar bolohoor aajimaar nemchih yjm

1  |  0
Top