Коронавирус финтекийн салбарт БОЛОМЖ дагуулж байна

2020 оны 09 сарын 04

Коронавирус нийгэм, эдийн засгийн салбарт тодорхой бус байдлуудыг үүсгэж  буй ч нөгөө талаас шинэ боломжуудыг бас бий болгож байна. Тухайлбал, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж буй олон тооны гарааны бизнесүүдэд санхүүжилт олох, үйл ажиллагаагаа жигд үргэлжлүүлэн явуулахад хүндрэл учирч буй  ч өргөн утгаар нь авч үзвэл шинэ цар тахал  нь финтекийн салбарт томоохон боломжийг бий болгож байна гэж судлаачид харж буй юм.

Тодруулбал, санхүүгийн харилцаанд биечлэн оролцох хэрэгцээг багасган, бэлэн мөнгөний хэрэглээг бууруулснаар финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эмзэг бүлэгт засгийн газрын тусламжийг хүргэх зэрэгт чухал хувь нэмэр оруулж байна.

Улс орнуудын бодлого гаргагчид технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэх болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах хоёр томоохон зорилтын дунд гацан хамгийн оновчтой зохицуулалтыг хайж олох гэж удаан хугацааг өнгөрөөж байгааг онцолжээ.

Харин Ковид-19 цар тахал нь инновац, технологийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх замаар зах зээлийн үр ашигт байдлыг сайжруулан санхүүгийн зах зээл, болон эдийн засгийн эмзэг байдлаас гарах тэнцвэрт арга замыг нэн даруй олох шаардлагатайг улс орнуудад сануулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны “Хүртээмжтэй санхүү” товхимолд дурджээ.

Сорилтыг даван туулахад тохиромжтой цор ганц арга зам гэж байхгүй. Улс орон бүрийн санхүүгийн систем, эдийн засаг, зах зээлийн суурь хүчин зүйлээс шалтгаалан нэг улсад тохирсон зохицуулалтын арга хэрэгсэл, нөгөөд тохирохгүй байх нь олон. Гэхдээ олон улсын байгууллагууд, судлаачид финтекийг зохицуулах дөрвөн төрлийн хандлагыг тодорхойлоод байна. Тэдгээр нь Хүлээх, ажиглах-Турших, суралцах-Инновацыг дэмжих, Зохицуулалтын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх гэсэн хандлагууд юм.

Бодлого гаргагчид эдгээр хандлагуудад суурилах замаар, өөрсдийн нөхцөлд тохирсон бодлогыг боловсруулах боломжтойг судлаачид хэлж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top