Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар дураараа зарцуулах эрхтэй боллоо гэж та хэлээд байна. Илүү тодорхой мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгө Засгийн газрын, төрийн мөнгө биш, даатгал төлж буй иргэдийн мөнгө. Даатгалын сан дахь мөнгөнд хүрэхийн тулд иргэдээс асуух ёстой. Иргэд шударга хөдөлмөрөөрөө олсон цалингаасаа сар бүр даатгалын санд хуулийн дагуу суутгуулахдаа ирээдүйдээ хэрэглэнэ гэж итгэж, найддаг. Гэтэл сая ээлжит бус чуулганаар улсын төсвийн хүндрэлийн асуудлыг хэлэлцэх үеэр төсвийн цоорхойг нөхөх зорилгоор Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг Төрийн санд нэгтгэхээр шийдвэрлэлээ. Хуучин бол эдгээр сангууд нэг дор байсан. Тухайн үед холилдож хутгалдаад, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан олигтой хуримтлалгүй байсан. Тиймээс тус тусад нь сан болгож шийдвэрлэж байсан. Гэтэл сая дахиад эргүүлээд нэгтгэчихлээ.
Үүнийг ямар нэг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээр хэлэлцүүлэлгүйгээр шууд шийдчихэж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл та бидний ирээдүйдээ хадгалж буй “хадгаламжийн” мөнгийг, эрүүл мэндийн даатгалын мөнгийг Төрийн сан руу нэгтгэхдээ юу ч асуусангүй. Төрийн сан бол байнгын олон урсгал зардал гарч байдаг сан. Сангийн яам эрхийг нь мэдэж, захиран зарцуулдаг. Тэгэхээр Сангийн яам өөрийнхөө дэргэд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг шууд нэгтгээд, захиран зарцуулах эрхийг нь нээгээд өгчихлөө.
Төрөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар баримтлах бодлогын хүрээнд бол сангуудын хараат бус, бие даасан байдлыг хөгжүүлэх, Засгийн газар, төрөөс, улстөрчдөөс хол байлгаж, зөв удирдаж, менежмент хийж, засаглалыг нь сайжруулна гэсэн зорилт бий. Гэтэл одоо тэр зорилтоосоо ухраад, Төрийн санд нэгтгэж байна гэдэг нь буцаад 1990-ээд оны үеийн нөхцөл байдал руугаа очиж байна.
-Эдгээр сангаас иргэдэд хүрэх, хүртэх санхүүжилт ил тод, хүртээмжтэй болно л гэж Засгийн газар тайлбарлаад байгаа шүү дээ?
-Эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна, хөрөнгө мөнгөнд хяналт тавина гээд байгаа. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан бол иргэдийн хамгийн эмзэг асуудлуудтай шууд холбоотой сангууд. Сангуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгохын тулд хийх ажил олон бий. Гэтэл зөвхөн санхүүжилтийг нэгтгэчихье гэдэг байдлаар хандаж, шийдвэр гаргаад байна. Уг нь тэтгэврийн реформ, эрүүл мэндийн даатгалын реформыг хийхдээ мөнгийг нь хэрхэн бүрдүүлэх вэ. Хэрхэн яаж засаглах вэ, захиран зарцуулах вэ. Хяналтыг хэрхэн тавих гэдгийг цогцоор нь харах ёстой.
Өмнө нь Эрүүл мэндийн даатгалыг ЭМЯ-ны харьяанд өгч байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ гаргаж байгаа байгууллагад энэ мөнгөө захиран зарцуул гэдэг эрхийг нь өгч байсан. Тэгэхэд хяналтын систем нь хэрхэн яаж алдагдаж байсныг бид бүхэн мэднэ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч улстөрчид эдгээр зөвлөлүүдээр дамжин иргэдийн даатгалын хөрөнгө рүү халдаж ирсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд улстөрчдийн танил тал хүрээ нь ордог. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гэхэд УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуай байна. “Эрдэнэт” үйлдвэрийн УЗ-ийн гишүүн, Төрийн өмчийн хорооны төлөөлөл хэр нь даатгуулагчийг төлөөлөөд зөвлөлд орчихож байгаа юм. Уг нь тэнцвэрийг хангах үүднээс төр бол засаг талаас орно. Ажил олгогчид даатгалыг төлөлцөж байгаагийн хувьд нэг талаас нь орно. Цалингаасаа суутгуулж, үйлчилгээ авах гээд байгаа ажилтнууд түлхүү орох ёстой. Гэтэл даатгуулагч иргэдийн төлөөлөл нь байдаггүй. Үндэсний зөвлөлөөс эмийн үнийг тогтоож, нэмж байхад иргэд дуу хоолойгоо нэмэрлэх боломж байдаггүй. Уг асуудлаар иргэд маш их бидэнд ханддаг. Ахмад настай хүмүүс, насаараа даралтны эм, зүрхний эм уух, хавдрын эм уух заалттай хүмүүс олон бий. Тэд сар бүрийн 1-нд эмийн сангийн гадаа үйл тамаа үзэж зогсдог шүү дээ.
-Хөнгөлөлттэй эм авахын тулд үүсдэг урт дараалал арваннэгдүгээр сараас эхлээд шийдэгдэнэ гэж салбарын сайд нь хэлсэн байсан...
-Бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эм авч болно гэж байна л даа. Энэ нэг алхам байх. Гэхдээ эмнийх нь хөнгөлөлтийг нэмэгдүүлэхгүйгээр шийдэл болох уу. Санхүүжилтийг нь тарааж байршуулахаар иргэдийн дараалал арай багасах байх. Гол нь хүртээмж нь муу хэвээрээ л байна шүү дээ. Мөн байнга эм уух шаардлагатай, бие муутай, гэрээсээ өөрөө гараад яваад байж чаддаггүй, асран хамгаалагч цөөтэй, муутай хүмүүсийн эмийг гэрт нь хүргэж өгдөг болох ёстой. Гаднын орнуудад тийм л байдаг. Иргэд нь эмийн сангаа сонгоод. Эмийн сан нь шуудангаар хүргүүлдэг. Манайд Улаанбаатарт гэхэд “Монгол шуудан” өдөрт хоёр удаа шуудан авдаг. Нэгдсэн журмаар нэг машин тойроод нэг хэсэг хороодын иргэдэд эм хүргэх үйлчилгээг үзүүлж болно. Гадуур хүн хайж яваа маш олон таксиг ч энэ үйлчилгээнд хамруулж болно шүү дээ.
Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төрийнх биш ИРГЭДИЙНХ
-Монгол Улсад төсөв гэдэг юм улстөрчдийн дур зоргоор бэлтгэгддэг, боодог мөнгөний багц болсон гэдгийг олон жил л ярьж байна. Таны хэлээд байгаачлан дээрх сангуудын хөрөнгө мөнгийг дураараа ашиглаж буй нь үүний тод жишээ л дээ...
-Тиймээ. Сая бол төсвийн цоорхойг нөхөхийн тулд л гал унтраах арга хэрэглэлээ гэж харж байна. Хэдий хүнд байсан ч Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан руу гар дүрэх хэрэггүй байсан юм. Тэртээ тэргүй биеэ дааж авч явж чадахгүй, санхүүжилт дутуу байгаа. Засгийн газар өөрөө Нийгмийн даатгалын санд 10 орчим их наяд төгрөгийн өртэй шүү дээ. Бидний төлж буй мөнгө хоосон тоо л яваад байгаа. Гэтэл өртэй газар нь өөрийнхөө эрх мэдэлд аваад байгаа нь харамсалтай. Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын сангийн зөвлөл үе үеийн эрх барьж байсан хүмүүсийн тоглоом болж байсан. Сангийн мөнгийг аль банканд байршуулах вэ гэдгийг тэнд шийддэг. Бодвол даатгалын мөнгийг барьж байгаа хүмүүсийг банкны захирал лоббиддог байх л даа. Эхнээсээ авлигын асуудалд ороод явж байна шүү дээ. Банкны дүрмийн санг хэд дахин нугалсан хэмжээний мөнгийг сангаас аваад хийчихсэн байгааг та бид мэдэж байгаа. Улстөрчид давуу эрхээ ашиглан, даатгалын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрсдийн хүмүүсээ суулгаж, харцаараа хөдөлгөж байдгийн гор юм. Хуучин бол зөвлөлд МҮЭХ, МАОЭХ-ноос гурав, гурван төлөөлөгч байсныг нэг, нэг болгож, хяналтыг нь багасгасан. Бараг тэр хүмүүсгүй ч хурлаа хийгээд шийдээд явчихдаг. Бүр гадаадад амьдардаг хүнийг зөвлөлдөө оруулчихсан байгаа юм. Нөгөө хүн нь Монголд байхгүй учраас гэдэг шалтгаанаар даатгуулагчдыг төлөөлж байр сууриа илэрхийлдэггүй. Тэгэхээр тэнд засгийн дуу хоолой үйлчилж байна. Нөгөө лоббид байгаа хүмүүс нь сангийн мөнгийг хаана байршуулахаа, аль эмний үнийг бууруулах, өсгөхөө шийдэж байна. Монголд эмийн сүлжээг дамнасан бүхэл бүтэн бизнесийн сүлжээ байна гэж би хардаж байгаа. Хуурамч стори бичээд даатгалын сангаас мөнгө луйварддаг хэрэг илэрч байсан. Илэрсэн нь л нэг эмнэлэг болохоос хувь, хувьсгалын ихэнх эмнэлэг тийм байсан. Одоо хуурамч эмийн бичиг бичиж өгч, даатгалын сангаас мөнгө хулгайлдаг сүлжээ байгаа гэж би хардаж байгаа.
Иргэд хувийн эмнэлэгт мөнгө төлөх гэж нийгмийн даатгал төлөөгүй. Улсын эмнэлэг үнэхээр дараалал ихтэй, ачаалалтай байгаа бол хажууд нь байгаа хувийн эмнэлэгт адилхан мөнгийг нь өгдөг байх хэрэгтэй. Хувийн эмнэлэгт очингуут даатгалаар үйлчлэхгүй гээд суучихдаг. Иргэд аргаа бардаг. Хувийн эмнэлгийн өндөр төлбөрийн үүдэнд очоод унадаг.
Даатгал төлсөн иргэн 10 хоног эмнэлэгт хэвтэх ёстой гээд журам гаргасан байдаг. Тийм журам манайхаас өөр хаана ч байдаггүй. Хүн бүрэн эмчилгээ авах эрхтэй. Гэтэл манайд тэр өдөр хоногийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөл тогтоодог. Эмнэлэгт эм тариа шахдаг, бүхэл бүтэн бизнесийн сүлжээ өргөжиж өнөөдрийг хүрсний ард эрх мэдэлтэй хүмүүс л байгаа. Эмнэлгийн дарга болохын тулд манай улстөрчид үхэлдэн хатдаг. Сүүлийн жилүүдэд дотоодоосоо эмч нар нь гарч ажиллаад арай гайгүй болж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ л өнөөдөр эрүүл мэндийн байгууллагад төрийн үйлчилгээг дамнасан хүнд суртал байсаар байна. Би эрүүл мэндийн салбарын эгэл жирийн ажилчид, эмч, мэргэжилтнүүдийг хэлээгүй шүү. Удирдлага, санхүүгийн эрх мэдлийг барьж байгаа хүмүүс чанаргүй эм тариа, чанаргүй тоног төхөөрөмж хэрэгслээр иргэдэд үйлчилснээр салбарынхаа нэр хүндийг, хүмүүсийнхээ хөдөлмөрийг харлуулж байна. Нэг л жишээ хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 80 мянган төгрөгөөр тооцож, бодож олгодог бүс зах дээр 20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд асар их нугалаа бий.
-Нийгмийн даатгалын тогтолцоонд реформ хийх ёстойг эдийн засагчид нийлж нэгдэж хэлээд л байгаа.
-Удаан ингэж явж болохгүй ээ. УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлж байгаа. Тэгсэн мөртлөө энэ даатгалын сан яагаад Төрийн санд нэгдэх ёстой вэ гээд дуугарч байгаа гишүүн байхгүй юм байна шүү дээ.
Капитал банканд байршуулсан байсан 234 тэрбум төгрөгөөс ерөөсөө барагдаагүй байгаа гэж би сонссон. Хүү алдангийг нь тооцоод үзэхээр 50 тэрбум болж байна. Гэтэл эмийн хөнгөлөлтөд жилдээ 3-4 тэрбум төгрөг өгдөг шүү дээ. Банканд байршуулаад алдсан мөнгөний хүү нь 50 тэрбум гээд тооцохоор хэчнээн жилийн эмийн хөнгөлөлтийг шийдэх мөнгө вэ. Хэдэн эмнэлэг барьж болох мөнгө вэ. Гэтэл хавдар тусчихсан хүмүүс гадуур дүүрэн байна. Зардал мөнгө гуйгаад, зарим нь өвчинтэйгөө эвлэрч, цөхөрсөн байна. Монгол Улсын иргэд нийгмийн даатгалд, эрүүл мэндийн даатгалд хамгийн их мөнгө төлдөг хэр нь урьдчилан сэргийлэх үзлэг гэж байхгүй. Төрийн үйлчилгээ нь ийм муу. Хүн нас барахаар ашгүй нэг нас барлаа гээд мөнгийг нь улс аваад үлддэг.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны зүгээс Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулна. Төрийн санд нэгтгэлээ гээд дураар нь дургиулахгүй ээ.
Аль ч нам, эвсэл сөрөг хүчин байхдаа гоё юм ярьдаг. Засаг аваад ирэхээр аль нь ч ялгаагүй байна шүү дээ. Хэт их эрх мэдэлдээ дулдуйдаж, өнөө маргаашаа аргацааж өнөөдрийг хүрлээ. Дахиад хэлье, Нийгхийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол төрийн мөнгө биш. Уучлаарай. Иргэд ирээдүйдээ хэрэглэхээр сар бүр цалингаасаа мөнгөө суутгуулж байгаа учраас сангуудад хяналт тавих эрхтэй. Одоо ингээд Төрийн санд орчихоор хүү төлөгдөхгүй байх вий. Хэрвээ байршуулж байгаа бол арилжааны банканд байршуулж байгаагаас доошгүй хүүтэй хадгалах ёстой гэсэн шаардлага тавигдах ёстой.
Банкууд найдваргүй байна гэж ярьж байна. Тэгвэл эрсдэлгүй байлгах хяналтыг Монголбанк, Засгийн газар, УИХ, Санхүүгийн зохицуулах хороо хийх ёстой. Хяналтын системээ ажиллуулах хэрэгтэй. Капитал банкны 234 тэрбум төгрөгийг барагдуулах ёстой. Монголбанкны эрх хүлээн авагч нэг жил сунгаж, буруу шийдвэр гаргасан учраас хариуцлага хүлээх ёстой. Коронавируснээс болж иргэд ажилгүй болж, иргэд эмээ авах мөнгөгүй байна гэж ярьцгааж байна. Гэтэл Капитал банканд ажилгүйдлийн даатгалын сангийн 40 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын 110 тэрбум төгрөг байсан шүү дээ. Тэр мөнгийг яаралтай барагдуулж иргэддээ шаардлагатай байгаа төрийн үйлчилгээг үзүүлэх нь төрийн хийх ёстой ажил шүү дээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hyrelbaatar ard tymnii hurungiig samarch hatad duuslaaa.ene hynees daraa ne yuch olj avahgyi bolno shyydee.odoo bushuuhan zailuulah yumsan