Александр Лукашенко: Би ингээд явчихаж чадахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулиас хойш анх удаа томоохон ярилцлага өгчээ. Лукашенкогийн албан ёсны өргөө болох Тусгаар тогтнолын ордон руу RT-ийн ерөнхий редактор Маргарита Симоньян, “Первый канал”-ын сурвалжлагч Антон Верницкий, “Говорит Москва” радиогийн ерөнхий редактор Роман Бабаян, “Россия-1”-ийн хөтлөгч Евгений Рожков нар очин түүнтэй ярилцсан байна. Лукашенкогийн дэлгэрэнгүй ярилцлагын голлох хэсгүүдээс Би-би-си түүвэрлэн нийтэлснийг сонирхуулья.


“БИ НЭЛЭЭН УДААН ТӨР БАРЬСАН НЬ ҮНЭН, ГЭВЧ....”

Беларусь улсыг нэгэн зууны дөрөвний нэгтэй тэнцэхүйц хугацаанд захираад буй Лукашенко “энэхүү өндөр сэнтийдээ нэлээдгүй хугацаанд залраад” байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ ингэж хүлээн зөвшөөрлөө гэдэг нь Лукашенко албан тушаалаасаа буухад бэлэн гэсэн үг биш юм.

“Тийм ээ, би хэд хэдэн удаа улиран сонгогдож, энэ албыг нэлээдгүй хугацаанд  хашиж байна. Магадгүй, намайг зөвхөн телевизороор төдийгүй индүү, данхнаас ч харж болох байх. Гэвч зөвхөн би одоо Беларусийг хамгаалж чадна. Тиймээс ч би зүгээр нэг яваад өгөхийг хүсэхгүй байна. Би 26 жил Беларусийн төлөө зүтгэсэн учраас бүхий л бүтээн босгосон зүйлсээ хаяад явахыг тэвчихгүй байгаа. Тэгээд ч хэрэв намайг яваад өгвөл миний хамтрагчдыг хэрчих байлгүй!” хэмээн тэрээр Оросын сэтгүүлчдэд тайлбарлан өгүүлжээ. Гэвч чухам хэнээс Беларусийг хамгаалах гээд байгаагаа тэр тодорхой хэлсэнгүй.

Тэрээр Үндсэн хуулийн шинэчлэлтийг хийхэд бэлэн байгаагаа дурдаад, харин түүний дараа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас өмнөх сонгуулийг явуулж ч магадгүй гэж нэмэн өгүүлсэн байна. Лукашенко Үндсэн хуулийг өөрчлөх тухай өмнө нь ярьж байсан билээ. Тэрээр “засаглаж ханалаа”, одоо харин төрийн салаа мөчрүүдэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин хуваарилах үзэл санааг тусгасан тийм Үндсэн хуулийг өөрийн залгамжлагчдаа үлдээхийг хүсэж байна хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм. Энэ тухай бараг нэг жил гаруйн өмнө ярьж байсан хэдий ч одоогоор эх хуулийг өөрчлөх ажил төдийлөн шальтай урагшлаагүй бөгөөд шинэ Үндсэн хуулийн бэлтгэл ажлыг ойрын хоёр жилийн хугацаанд дуусгах боломжтой талаар Лукашенко 2020 оны зургадугаар сард дурдаж байжээ.

КОЛЕСНИКОВАГ “НОМ ЖУРМЫН ДАГУУ СААТУУЛСАН”

Мария Колесниковатай тохиолдсон нөхцөл байдлын талаар Лукашенко санал бодлоо илэрхийлсэн байна. Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Колесникова өнгөрөгч даваа гарагийн өглөө гэнэт алга болж, хаана байгаа нь мэдэгдэхгүй хонон өнжин сураггүй болсон бөгөөд харин Колесниковаг хууль бусаар хил нэвтрэх оролдлого хийснийх нь төлөө баривчилсан талаар Беларусийн төр захиргааны байгууллагууд мягмар гарагийн өглөө мэдэгдсэн юм.

Тэгвэл “Интерфакс-Украина” эх сурвалж мэдээлснээр, Колесниковаг Беларусийн нутаг дэвсгэрээс хүчээр авч явахыг оролдсон учраас тэр өөрийн гадаад паспортоо урахад хүрсэн гэжээ. “Интерфакс” эх сурвалжийн мэдээлэл сөрөг хүчний удирдагчидтай урд өмнө тохиолдож байсан олон түүхүүдээр батлагдаж байсан аж. Саяхан болсон энэхүү явдалтай адил маягаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Светлана Тихановская болон түүний хамтрагч Ольга Ковалькова нарыг тус улсаас авч явжээ. Тихановская эх орноосоо явахыг хүсээгүй тухайгаа нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд түүнд ямар ч сонголт өгөөгүй талаар түүний хамтрагчид бас тайлбарлаж байсан юм.

“Колесникова Украин руу зугтахыг хүссэн, тэнд түүний эгч амьдардаг. Манай хилчид түүнийг ном журмын дагуу саатуулан, хил хамгаалах отряд руу илгээсэн” хэмээн Лукашенко ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.

Харин Лукашенког ийнхүү мэдэгдсэний дараа Мария Колесниковагийн аав:”Миний охин Украин руу, ер нь хаашаа ч юм зугтахыг хэзээ ч хүсэж байгаагүй. Тэр ч байтугай, “Аав аа, юу ч тохиолдсон байлаа ч би Беларусьдаа байсаар байх болно” хэмээн үргэлж хэлдэг байсан. Энэ бол түүний зарчмын байр суурь байсан” хэмээн өгүүлээд, одоог хүртэл охинтойгоо холбогдож чадаагүй тухайгаа мэдээлсэн байна.

ХҮЧ ХЭРЭГЛЭХ ЯВДАЛ ГАРСАН, ГЭВЧ...

Сонгуулийн дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр оролцогчдыг харгисаар баривчилж байсан талаар ямар бодолтой байгааг сэтгүүлчид Лукашенкогоос асуужээ.

ВГТРК-ын сурвалжлагч Евгений Рожковын өгүүлснээр, Лукашенко ОМОН-чуудыг өмөөрөн: “Тэднийг буруутгаж болохгүй, тэд үл бүтэх этгээдүүдээс эх орноо хамгаалсан” гэж өгүүлсэн аж. “Жагсаалд оролцогчдыг, тэр дундаа сэтгүүлчдийг хүртэл зодож занчиж байсан талаар түүнээс асуухад тэрээр “Тухайн тохиолдлууд нь эх орноо гэсэн хэт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гарч, зарим үед хүч хэрэглэх явдал гарсан. Сэтгүүлчдийг тэр дундаа Оросын сэтгүүлчдийг цохиж балбасан явдлыг сайтар шалган, авч хэлэлцэнэ гэдгээ тэр бидэнд амласан” хэмээн Рожков өгүүлсэн байна.

Беларусьт өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагсад цагдаагийн хэсгүүд болон хорих газруудад хатуу ширүүн залхаан цээрлүүлтэд нэрвэгдэж байсан бөгөөд  тэдний нэг Би-би-си-д ярилцлага өгөхдөө: “Тэд /хүчнийхэн/ миний өмд рүү гранат хийн айлгаж, дараа нь хүрч ирээд шалдалсангүй хэмээн занчиж эхэлсэн. Тэд толгой, нүүр гээд хаа тааралдсан газраа цохиж, үүргэвчээ шүдээрээ зуун өргөж явахыг тушаасан, үүргэвч амнаас мултраад унахаар бас зодож байсан учраас одоо хамаг шүд маань гэмтэлтэй болсон” хэмээн ярьжээ.

Бас нэгэн баривчлагдсан залуу: “Бид цаг хагасын турш бетон хашааны өмнө толгойгоо гудайлган өвдөг дээрээ сөхөрч суусан, тэнд маш их чулуутай байсан учраас одоог хүртэл миний өвдөг хөх няц хэвээрээ л байгаа. Хэрэв хэн нэг нь дургүйцлээ илэрхийлбэл зодож занчиж байсан. Оросын нэг сурвалжлагчийг цохиж зодоход тэр аймшигтайгаар орилж байсан” хэмээн өгүүлсэн байна.

Иймэрхүү түүхүүдийг Окрестина гудамж дахь тусгаарлах байранд хоригдож байсан хүмүүсээс хангалттай сонсож болох аж. Тэнд саатуулагдсан хүмүүсийг суллах үед ихэнх нь бие даан явж чадахгүй, эмнэлгийн тусламж авахад хүрсэн байна.

Минскт очсон оросын сэтгүүлчид зөвхөн асуулт асуугаад зогсолгүй, өөрсдөө ч мөн ярилцлага өгчээ. Жишээ нь, “Говорит Москва” радиогийн ерөнхий редактор Роман Бабаян Беларусь дахь нөхцөл байдлын талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна. “Бид Беларусийн ерөнхийлөгчтэй уулзах үед тэрээр “Энэ бүхнийг хийгээд буй хүмүүс бол бид биш, харин танайхан гэдгийг та нар сайн ойлгох ёстой” хэмээн тов тодорхой хэлсэн. Энэ нь Орос руу чиглэсэн үг гэдэг нь тодорхой. Беларусьт цохилт хийнгээ бас Оросод ч цохилт өгч байна. Би түүнтэй санал нэг байна” хэмээн тэрээр өгүүлжээ.

“ТОМ АХ ПУТИН”

Лукашенко өмнө нь Европын орнуудын “нөлөөний” тухай ихэвчлэн ярьдаг байсан бол энэ удаад АНУ-ыг олон нийтийн сүлжээтэй хамт уг жагсаалтдаа нэмэхээр шийджээ.

“Энэ бүгд даяарчлагдан олон улсыг хамрах шинжтэй болсон. Хэрэв та нар баян Орос орон энэ бүхнийг дийлж чадна гэж бодож байгаа бол томоохон эндүүрч байна. Би олон орны ерөнхийлөгчидтэй, тэр дундаа өөрийн эртний анд /одоо түүнийг том ах гэж нэрлэж байгаа/ Путинтэй ярилцаж байсан бөгөөд үүнийг эсэргүүцэх боломжгүй гэж түүнд урьдчилан анхааруулж байсан” гэж Лукашенко онцлон өгүүлсэн байна. Эсэргүүцэх гэдэг нь түүний бодлоор, “америкчуудын бодож олсон” телеграм-сувгууд болон интернетийг хэлж байгаа аж.

“Тэнд юу болж бантагнуулж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа. Телеграм-сувгууд тэнд голлох үүрэг гүйцэтгэж байна. Тэр ч байтугай, өнөөдөр интернетийг тасаллаа гэхэд тэдгээр телеграм-сувгууд Польшоос чөлөөтэй ажиллах болно. Иймд та бүхэн анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүй. Танайд ч мөн удахгүй улстөрийн тодорхой үйл явдлууд тохиолдон, адилхан байранд ч орчихож магадгүй” хэмээн тэр оросын сэтгүүлчдэд хандаж хэлснээ, “Оросын удирдлага зохицуулалтын хамт бид ямархуу байдалд орчихоод байгааг та бүхэн мэдэж байна уу? Хэрэв өнөөдөр Беларусь сүйрлээ гэж бодоход, дараагийнх нь Орос байх болно” гэж тэрээр хатуухан анхааруулсан байна.

“ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛТЭЙ ХАРЬЦАХГҮЙ”

Сөрөг хүчний үүсгэн байгуулсан Зохицуулах зөвлөл гээчид “ямархуу хүмүүс байгааг сайн мэдэхгүй учраас” тэдэнтэй яриад байх зүйл байхгүй хэмээн Лукашенко мэдэгджээ. Гэвч 2015 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртэхэд нь баяр хүргэж байсан Светлана Алексиевич, тус улсын Соёлын сайд асан Павел Латушко гэх мэт тэргүүлэгчдийн зөвлөлийн хэдэн гишүүнийг нь тэр сайн мэднэ.

Зохицуулах зөвлөлийн зүгээс төр засгийн төлөөлөгчидтэй хэлцэл хийхээр оролдсон хэдий ч тэдний хэн нь ч харьцахгүй байгаа тухай өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байжээ. Харин бүр уг зөвлөлийг байгуулсан явдалд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд “засгийн эрхийг булаан авч, улс орны үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах” зорилгоор байгуулагдсан зөвлөл хэмээн ерөнхий прокурорын газраас мэдээлсэн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top