Орос вакцинд ИТГЭЖ БОЛОХ УУ!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 13

Анагаахын салбарын нэр хүндтэй Lancet сэтгүүлд коронавирусээс урьдчилан сэргийлэх оросын вакцины клиник туршилтын үр дүнгийн талаар өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн билээ. Тэгвэл уг сэтгүүлийн редакцийн зүгээс вакцин зохион бүтээгчдэд хандан олон улсын эрдэмтдийн асуултуудад хариулт өгөхийг хүссэн байна.

Оросын судлаачдын тэрхүү нийтлэл Америкийн Тэмпл их сургуулийн профессор, биологич Энрико Буччи-д эргэлзээтэй олон асуултуудыг төрүүлсэн аж. Тэрээр хуурамч шинжлэх ухаантай тэмцдэгээрээ алдартай бөгөөд Денис Логуновын удирдсан шинжлэх ухааны бүтээлийн зохиогчид болон Lancet сэтгүүлийн редактор Ричард Хортон нарт хандан, алдаа гарсан байж болзошгүй талаарх өөрийн сэрэмжлүүлгийг  өмнө нь нээлттэй захидлаар илгээсэн байна.

Уг захидалд Буччигаас гадна Их Британи, Герман, Итали, АНУ, Франц, Японы эрдэмтэд болон Европын Холбооны анагаах ухаан, химийн салбарын тэргүүн Ив Оберсон нарын 25 профессор гарын үсгээ зуржээ. Логунов өнгөрөгч мягмар гарагт “Медуза”-д ярилцлага өгөхдөө, вакцины клиник туршилтын үр дүнгийн тухай нийтлэлд алдаа байхгүй, хэрэв Lancet сэтгүүлийн редакц тайлбар шаардвал асуултуудад хариулахад бэлэн байгаагаа амласан учраас оросын эрдэмтдийг тайлбар хийхийг сэтгүүлийн зүгээс ийнхүү хүссэн аж. Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төв Оросын Батлан хамгаалах яамтай хамтран боловсруулж, клиник туршилтад оруулсан “Спутник-V” вакцины эмнэл зүйн туршилтад оролцсон бүх хүмүүст коронавирусын эсрэг биет илрэн, ямар нэгэн сөрөг гаж нөлөө гараагүй талаар Lancet-д өмнө нь нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.

 

Тэнд юу бичигдэв

“Спутник-V” вакцин энэ оны зургаа, долоодугаар сард хоёр цуврал клиник туршилтыг давсан бөгөөд туршилт тус бүрд 18-60 насны эрүүл чийрэг 38 хүн оролцжээ. Тэд эхлээд вакцины эхний тунг хийлгээд, харин 21 хоногийн дараа нэмэлт тунг хийлгэсэн байна. Туршилтад оролцогчдын эрүүл мэндийг эмч нар 42 хоногийн турш ажиглахад вакцин хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа тэдний бүгдийнх нь цусанд коронавирусын эсрэг биет илэрчээ. Хамгийн элбэг тохиолдсон сөрөг нөлөө нь толгой, үе мөч нь ялимгүй өвдсөн аж.

Туршилтууд нь тохиолдлын бус байсан бөгөөд тэдгээрийг явуулах үед плацебо / Placebos нь статистикийн туршилтууд, ялангуяа эмийн шинжилгээний оролцоонд ихэвчлэн хэрэглэгддэг эмийн бус хоргүй бодис/  хэрэглэгдээгүй, өөрөөр хэлбэл, оролцогчид КОВИД-19-ийн вакцин хийлгэнэ гэдгээ бүгд мэдэж байжээ. “КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцины аюулгүй байдал, үр дүнг батлахын тулд өргөн хүрээтэй, удаан хугацааны туршилтууд явуулж, түүн дундаа плацебо-ны хэрэглээтэй харьцуулах шаардлагатай байна” хэмээн уг нийтлэлд дурдсан байна.

Вакцины гурав дахь шатны туршилтад “Янз бүрийн насны, төрөл бүрийн эрсдэлт бүлгийн”  40 мянган сайн дурын оролцогчид хамрагдана гэж нийтлэлийн зохиогчид мэдээлжээ. Оросын вакцины боловсруулалтад ханиадыг үүсгэдэг өөрчлөгдсөн аденовирусыг ашигласан аж. 

 

Оросын эрх баригчид хэрхэн хандаж байна вэ

Өнгөрөгч наймдугаар сарын 11-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын вакцин бүртгэгдэн, түүний охидын нэг нь тариулсан тухай мэдэгдэж байсан бөгөөд “эхний тарилгыг хийлгэсний дараа охины биеийн халуун 38 хэм байсан, харин дараагийн өдөр нь 37 хэм болж буурсан, хоёр дахь тарилгын дараа биеийн халуун нь бас жаахан нэмэгдсэнээ эргэж буугаад, одоогоор ямар ч гаж нөлөөний илрэл мэдэгдэхгүй, эрүүл мэнд нь их сайн байгаа” хэмээн ярьсан байна. Мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өөртөө вакцин хийлгэсэн тухай мэдэгдээд, “Халуурах болон элдэв сөрөг шинж тэмдэг надад огт илэрсэнгүй. Иймд та бүхнийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна” гэж телевизэд ярилцлага өгөхдөө уриалж байжээ. Түүний жишгээр, Москва хотын дарга Сергей Собянин, “Сибур” компанийн захирал Дмитрий Конов, “Ростех” корпорацийн тэргүүн Сергей Чемезов гэх мэт оросын олон элитүүд вакциныг иргэдийн дунд албан ёсоор эргэлтэд орохыг хүлээлгүй хийлгээд байгаа аж.

“Спутник-V” вакцинжуулалт саяхан буюу есдүгээр сарын 9-нд Оросод эхэлсэн бөгөөд эхний тарилгууд Москва хотод, дээр дурдагдсан 40 мянган сайн дурын оролцогчдод хийгдэж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн эмч, багш нар гэх мэт төрөл бүрийн эрсдэлт бүлгийн хүмүүст вакцин хийгдэх аж. Вакцины эхний хэсэг томоохон гурван эмнэлэгт хүргэгдэн, сайн дурын оролцогчид хийлгээд эхэлсэн тухай хотын дэд захирагч Анастасия Ракова мэдээлсэн байна. “Ойрын гурван сард хүүхэд олохоор төлөвлөөгүй байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцох боломжтой. Эхний тарилга одоо шууд хийгдээд, дараагийнх нь 21 хоногийн дараа хийгдэнэ. Вакцинжуулалт үнэ төлбөргүй” хэмээн тэрээр мэдэгджээ.

 

Барууны шинжээчдийн үзэл бодол

Харин барууны шинжээчдийн үзэж буйгаар, орос вакцины эмнэлзүйн туршилтын хамрах хүрээ хэт бага байгаа учраас аюулгүй байдал болон үр өгөөжийг нь батлахад хангалтгүй байна гэжээ. Мөн оросын вакциныг хэт хурдан хугацаанд яаравчлан хэрэглэж эхэлсэн нь иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнд зайлшгүй мөрдөх шаардлагатай хэм хэмжээг баримтлахгүй байгааг илтгэж байна хэмээн зарим эрдэмтэд онцлон шүүмжилж байна.

Энрико Буччигийн нээлттэй захидалд дурдагдсан асуултуудад хариулахыг оросын коронавирусын вакцин бүтээгчдэд Lancet сэтгүүлийн зүгээс уриалж, “Энэхүү нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг бид анхааралтай ажиглах болно” гэжээ. Оросын эрдэмтдийн уг нийтлэл хэвлэгдэхийн өмнө хараат бус хяналт шалгалтаар дамжин, КОВИД-19 болон вакцины салбар дахь олон улсын шинжээчдийн дүгнэлт хийгдсэн гэж Lancet сэтгүүлийн редакц мөн мэдээлсэн байна.

Профессор Энрико Буччи бол шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд 80 гаруй өгүүлэлээ хэвлүүлж байсан төдийгүй шинжлэх ухааны шударга бус судалгаануудтай эвлэршгүй тэмцэгч, "Муу эрдэмтэд" (Сattivi Scienziati) хэмээх блогийн зохиогч гэдгээрээ алдартай юм. “Би ихэнх цагаа хуурамч байж болзошгүй шинжлэх ухааны нийтлэлүүд болон тэнд дурдагдсан тоо баримтуудыг шалгаж нягтлах ажилд зарцуулдаг. Шинжлэх ухааны нэр хүндтэй хэвлэлд иймэрхүү зүйл нийтлэгдсэн нь анхны тохиолдол биш” хэмээн тэрээр BBC-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

Түүний өгүүлснээр, оросын эрдэмтдийн нийтлэл дэх давтагдсан тоо баримтууд хамгийн түрүүнд нүдэнд нь өртсөн гэнэ. Тухайлбал, сайн дурын оролцогчдын нэг бүлэг дэх есөн хүний вакцин хийлгэснээс хойшхи 21 болон 28 дахь өдрийн эсрэг биетийн үзүүлэлтүүд бүгд давхацсан байжээ. “Энэ нь, хоёр хүн ээлжлэн есөн удаа дараалан шагай хаяхад бүх үр дүн нь яг адилхан байна гэсэнтэй утга нэг юм. Гэвч үүнийг огт боломжгүй зүйл гэсэнгүй, харин маш бага магадлалтай” гэж Буччи өөрийн эргэлзээгээ тайлбарласан байна.

Профессор Буччи тэрхүү нийтлэлийг нягт нямбай судлангаа олон тооны давхацлуудыг олж илрүүлэн, тэднийг судалгааны үр дүнгүүдтэй тулган харьцуулах гэтэл олоогүй аж. “Оксфордын коронавирусны вакцины туршилтын тухай үүнтэй ижил өгүүлэл Lancet-д бас нийтлэгдэх үед түүнд хавсаргасан 128 хуудас материал дотроос хүссэн тоо баримтаа олж байсан. Гэтэл оросын эрдэмтдийн энэ өгүүлэл  бүх хавсралт материалтайгаа нийлээд ердөө 11-хэн хуудас болж байна” хэмээн профессор гайхашран өгүүлжээ.

Гэвч тэрээр оросын эрдэмтэн судлаачдыг ямар нэг байдлаар буруутгаагүй гэдгээ онцлон, магадлалын онолын үүднээс авч үзэхэд, нийтлэлд дурдагдсан тоо баримтууд төдийлөн зөв зүйтэй мэт санагдахгүй байгааг нуусангүй. “Тэдгээр давтагдсан үр дүнгүүд ямархуу замаар бий болсон талаарх тайлбарыг л бид сонсохыг хүсээд байгаа юм. Магадгүй, үүнд ямар нэгэн тайлбар байгаа л байх, гэвч түүнийг олохын тулд бидэнд эх баримтууд хэрэгтэй байгаа, түүнгүйгээр бид болзошгүй алдаануудыг шалгаж чадахгүй” гэж профессор тайлбарласан байна. “Шинжлэх ухаан бол хүмүүст итгэдэггүй, харин тоо баримтууд болон судалгаа шинжилгээгээр олж авсан үзүүлэлтүүдэд л итгэдэг” хэмээн тэрээр онцолжээ.

 

Эх сурвалж: https://www.bbc.com/russian

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top