Лондоны металлын бирж дээр зэсийн фьючерс үнэ тонн нь 6,757.65 ам.доллар байна. Баасан гарагийн өглөө 6668.5 ам.долларт арилжиж байсантай харьцуулахад 80 гаруй ам.доллароор өсжээ.
Монгол Улсын экспортын гол нэрийн барааны нэг зэсийн ханш дэлхийн зах зээл ийнхүү өсөж буй нь цар тахлын улмаас эдийн засаг хүндхэн байгаа энэ үед таатай мэдээ юм.
Монгол Улс энэ онд уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөллийг төсөвт тусгасан. Тонн зэсийн зах зээлийн ханшийг 5991 ам.доллар байна хэмээн тооцож, орлогоо тооцсон.
Тэгвэл өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд төсвийн орлогод тонн зэс тутмаас 766 ам.долларын ашиг очихоор байна. Төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнээс илүү гарсан мөнгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх ёстой байдаг. Гэхдээ төсвийн алдагдал 5 их наядыг шүргэх хэмжээнд очсон энэ үед эрх баригчид хурааж, хадгалах гэхээсээ алдагдлаа бууруулах чиглэлд ашиглаж таарна.
Экспортын сааралт төсвийн орлогын бүрдэлтийг хойш татаж буй энэ үед улаан металлын ханшийн өсөлт хэдийчинээ хадгалагдана, төдийчинээ бидэнд хэрэгтэй.
Зэсийн ханш өсөлттэй байгаа нь БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар идэвхжиж, дэлхийн улс орнууд хөл хориогоо сулруулан, түүхий эдийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь нөөцийг бууруулсантай голлон холбогдож байгаа юм.
Сануулахад, энэ оны тавдугаар сард тонн зэсийн дундаж ханш 5100-5200 ам.доллар байсан бол наймдугаар сарын гурав дахь арав хоногийн эхэнд 6511.5 ам.доллар байв.
Тэгэхээр зэсийн ханш сүүлийн дөрвөн сарын хугацаанд 1600-гаад ам.доллароор өсжээ.
Гэхдээ коронавирусний эрсдэл өндөр хэвээрээ байгаа энэ үед улс орнуудын тэрдундаа БНХАУ-ын эрэлт буурах аюул бийг санахад илүүдэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )