Нийслэлийн есөн дүүргийн 40 гаруй цэгт “Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хүн амаа эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангах зорилготой энэхүү төсөл нь арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Ялалтын талбайд өнгөрөгч долоо хоногоос эхлээд “Монгол ногоо” төсөл үргэлжилж, газар, газрын хөрсөнд ургасан шинэ ногооны ургац нийслэлчүүдийн гар дээр ийнхүү хүрч байна. Үзэсгэлэнд оролцож буй тариаланчид Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг хангасан эрүүл сортын ургацыг худалдаалж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтынхан хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Гадаа салхитай, тэнгэр бүрхэг жиндүүхэн өдөр тул хүн багатай байв. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй тариаланчид салхинд дэрвэх асраа додомдож, хүйтэнд хайрагдсан ногоогоо ялгана. Зарим нь шинэ ирсэн ногоогоо өрж, шилтэй чанамалаа ч зүлгэнэ. “Сэлэнгийн ногоон өдрүүд” гэсэн ногоон хаяг шошготой асрууд Ялалтын талбайг эзэлжээ. Сэлэнгэ аймаг бол анхны атрын шан татсан, газар тариалангийн бүс нутаг.
Энэ л хугацаанд газар тариалангийн салбарт гар бие оролцож, хөлсөө дуслуулан хураасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа баялаг бүтээгчид юм. Өнгөрөгч онд атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн тариаланчид амуу буудай, алтан тариа, алим жимс, амтат ногоогоо та бидний гар дээр хүргэхээр ийнхүү зорин иржээ.
Хаврын улиралд 1800 төгрөгт хүрдэг төмсний үнэ энэ өдрүүдэд 700 төгрөг болтлоо буурчээ. Харин шуудай төмс 25 мянган төгрөг гэж байв. Сар шинийн үеэр салатанд өнгө, амт нэмдэг өргөст хэмх 13 мянган төгрөг хүрдэг бол мөн л энэ үзэсгэлэнгийн үеэр 1500 болтлоо навс хямдарсан байв. Лууван 1000-1200 төгрөг байх бөгөөд шуудай лууван авбал 28 мянган төгрөг болох аж. Харин байцаа 700 төгрөг бөгөөд шуудайгаар нь авбал 20 мянган төгрөг гэлээ. Шар манжин 1200 төгрөг, улаан манжин 1500, сонгино1500-2000, хулуу 3500, чинжүү 5000, броккли 5500, цэцэгт байцаа 1500 , монгол сармис 20 мянга, улаан лооль 7000, тарвас 2000, ногоон сонгино 2000 , хулуу нэг кг нь 1000 төгрөг гэж байлаа. Сэлэнгийн Баруун хараагаас ирсэн тариаланч эмэгтэй “Намрын үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог. Сэлэнгэчүүд борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын томоохон зах, супермаркет, худалдааны төвийн талбайд төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал борлуулж, 4-5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Тэгэхээр эдийн засагт төдий хэмжээний хөрөнгө оруулж байна гэж ойлгодог. Эгч нь хувиараа тариалан эрхэлдэг. Шинэ сортын төмс хүнсний ногоонуудаа түлхүү борлуулж байна. Залуучууд нарийн ногоо их хэрэглэдэг болжээ. Найр хуримын сар болоод ч тэр үү нарийн ногоо, даршилсан салат их эрэлттэй байна” гэлээ.
Асар бүрийн лангуун дээр шилтэй чанамал, даршилсан ногоонууд өнгө алаглана. Варены шилтэй халиар 5000, долоогоно жимсний чанамал 6000, чангаанз 7000, гишүүний чанамал 6000, зөгийн бал 25 мянга, даршилсан өргөст хэмх хэмжээнээсээ хамаараад 3500-7000, цуунд дарсан халиар 5000-10 мянга, самар 500 гр нь 4000, хөмүүл 8000, алаг салат 4000, даршилсан улаан манжин 4000, чацарганы сироп 6000, халуун чинжүү 5000, цуунд дарсан сармис 8000 төгрөг гэж байлаа. Зөгийн балны хаалтыг хоолойны ангина, хелика бактерт сайн үйлчилгээтэй гэдгийг худалдагч тайлбарлаж байгаа харагдав. Мөн цэцгийн тоосонцорыг бага багаар хүлхээд, халуун усанд найруулж уугаад байхад тархины цусан хангамж, ой ухаан, судасны нарийсалд сайн гэлээ. Зөгийн баланд дарсан нарсны боргоцой ханиаданд сайн бөгөөд өдөрт 15 граммаар гурваас таван удаа уудаг гэв. Эдгээр эмчилгээний чанартай бүтээгдэхүүн нь тус бүр 10 мянга төгрөг ажээ. Монгол оронд ургадаг жимс жимсгэнэ, өвс ургамал бүгд эмчилгээний зориулалттай, эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдгийг энэ жишээнээс харж болно. Монгол орны эрүүл хөрсөнд ургадаг, ямар ч химийн бордоогүй хүнсний ногоо ч эм. Төрөл бүрийн ногооноос сорчилж буй худалдан авагч залуухан бүсгүй “Өдөр тутмын хоолны материалаа супермаркетаас цуглуулдаг. Заримдаа Хятадаас ирсэн, муудаж удсан ногоо ч таардаг. Шинэ ногоо авах гээд зах руу явах зав олддоггүй. Цаашид ийм төвлөрсөн хүнсний ногоо, жимс жимсгэний захуудыг хороо бүрд бодлогоор бий болгомоор санагддаг. Дэлгүүрээс авдаг үнээсээ нэг дахин хямд үнээр авч байгаа болохоор сэтгэл өндөр байна” гэлээ. Манай орон 10 тэрбум төгрөгийг импортын ногоонд зарцуулдаг тооцоо бий. Сүүлийн таван жилийн хугацаанд тариаланчид хүнсний ногооны нэр төрлийг олшруулан тариалж байгаа нь сайшаалтай. Цар тахал гарсантай холбоотойгоор урд хөршөөс нийлүүлдэг импортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтсоноор монголчууд дотооддоо хүнсний ногоогоо 100 хувь хангах зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа тариаланчдаа дэмжиж Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийг хүрээнд айл бүрийн хашааг ногоотой болгохын тулд XХААХҮ-ийн яамныхан илүү дорвитой ажлууд хийх биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )