Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг старт-ап гэж тодорхойлдог. Стартап компаниуд байгуулагдсанаасаа хойш 1-5 жилд үйл ажиллагаагаа 5-10 дахин өсгөж чаддаг амбиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Дэлхий нийтээр коронавирусний цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үе нь старт-ап компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж байна.
Иймд дэлхий дахинд шинээр гарч ирж байгаа старт-ап компанийн бизнес санааг танилцуулж байна.
Нидерландын Дельфтийн технологийн их сургуулийн судлаач Боб Хэндрикс мөөгний мицелийгээр авс бүтээжээ.
“Dezeen” хэвлэлд мэдээлснээр, Хэндриксийн үүсгэн байгуулсан “Loop” старт-ап компани өдгөө арван ширхэг “амьд” авс бүтээгээд байна. Зуун хувь экологийн цэвэр энэ үйлдвэрлэл цахилгаан, дулаан, эрчим хүч хэрэглэдэггүйгээр онцлог. Өвөрмөц энэ бүтээгдэхүүн бүхэлдээ мөөгний мицелиэр хийгдсэн бөгөөд дотор нь цогцсыг хурдан задрахад нөлөөлдөг хөвд ургадаг байна. Ийм төрлийн авс хөрсөнд 30-45 хоногийн дотор шингэж, цогцос нь 2-3 жилийн дотор бүрэн задардаг гэнэ. Энгийн авсанд хүний бие цогцос задрахад 10 жил шаарддаг байна.
Боб Хэндрикс шинэ технологио улам боловсронгуй болгож, хөрсөн дээр мөөг ургах боломжтой болгохоор ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр тухайн газар шарил буйг илтгэхээс гадна дурсгалын цэцгийг орлох юм.
“Амьд Үүр” хүмүүст байгальд эргэн уусах боломжийг бий болгохоос гадна хөрсийг бохирдуулах бус баяжуулах юм. Мицелий газрын тос, хуванцар, металл зэрэг хог, хаягдал материалыг байгаль орчинд ашигтай шим тэжээл болгон хувиргадаг” гэж Хэндрикс ярьжээ. Түүний хэлснээр, мицелийг Чернобыль, Роттердамын хөрсийг цэвэршүүлэхэд ашиглаж байснаас гадна газар тариаланчид өдгөө хөрсөө цэвэршүүлж, шим тэжээлийг нь нэмэгдүүлэхэд ашигладаг аж.
“Амьд Үүр” гэж нэрлэж буй авсыг Гааг болон Дельфт төвтэй “CUVO”, “De Laatste Eer” буяны ажил эрхэлдэг компаниуд туршиж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )