У.Хүрэлсүх: Барилгын салбарын хэрэгцээг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

ТОМИЛОЛТ I  Манай сэтгүүлч ОРОН НУТГААС мэдээлж байна
 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр (2020.09.17) УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүдтэй “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” болон Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэртэй танилцав.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн тухайд, 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан түүхтэй.

1994 онд үйлдвэр ашиглалтанд орсноос үйл ажиллагаагаа өргөжүүлсээр Уул уурхайн олборлолт, боловсруулалт, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Гадаад болон дотоод худалдаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй аж.
 

Монгол Улсын металлургийн салбарт анхдагч болох тус үйлдвэр метал дагнасан жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, машин механизм, бусад төмөр болон ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох үүднээс Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд газруудыг эзэмшин, төмрийн хүдрийн 2 уурхайтай болжээ. Улмаар техник технологийн шинэчлэл хийн, нойтон аргаар хүдэр боловсруулах үйлдвэртэй болсон байна. 

Тус үйлдвэрийн удирдлагууд Ерөнхий сайдад үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсны дараа тулгамдаж буй асуудлууддаа анхаарал хандуулахыг хүсэв. Тухайлбал, төмрийн хүдрээс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах нэн шаардлагатай байгааг хэлээд хэрэв үйлдвэр ашиглалтад орвол төмрийн хүдрийн баяжмалаа экспорлох бус дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээх боломжтойг тодотгож байлаа.

Засгийн газрын зүгээс 150 мянган айлын орон сууц барих зорилт тавьсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад хүчин зүтгэж, шаардагдах ган, төмөрлөгийг дотооддын бүтээгдэхүүнээр хангахад бэлэн байгааг хэлж байв.

Концессын гэрээ болон төрийн зарим зохицуулалтыг шийдвэрлэж чадвал үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлж, 2024 онд ашиглалтад оруулах боломжтой гэдгийг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр тодотгож байв.

30 жилийн хугацаанд үргэлжлэх Концессын гэрээнд дөрвөн жилийн дотор бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар тусгасан бөгөөд үйлдвэрлэлтэй холбоотой зургаан асуудал байдгийн дөрөв нь биелсэн гэж үздэгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байлаа. Тухайлбал, 33.4 км төмөр зам, 95 км хатуу хучилттай автозам, 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалт болон хоёр уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 3 сая тонн хүдэр, 1.5 саяас доошгүй тонн баяжмал үйлдвэрлэх заалтыг хэрэгжүүлсэн байна. Биелээгүй хоёр заалт нь, хаягдал төмөр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 300 мянган тонн болгох, жилд 500 мянган тонн шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах байсан аж. 2019 оны 6-р сард салбарын яамнаас тус үйлдвэрт ажиллахдаа Концессын гэрээний биелэлтийг 75 хувьтай гэж дүгнэжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хар төмөрлөгийн үйлдвэрийг Дархан-Уул, Орхон аймаг, Дорноговь аймагт хөгжүүлэхээр заасан. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр Гангийн бүтээгдэхүүний үйлдвэрээ бүтээн байгуулж байж арматур үйлдвэрлэл орон сууцны зах зээлд өрсөлдөхүйц хямд үнэтэй болох боломжтой. Салбарын яамны зүгээс газар болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллах боломжтойг Г.Ёндон сайд хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж, экспортын бус өөрсдийн дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг томоохон бүтээн байгуулалтад ашиглах чиглэл барьж ажиллаж буйг хэлээд, тус үйлдвэрт тулгамдаж буй асуудлуудыг холбогдох яам нь анхааралдаа авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг чиглэл болгов.

Ерөнхий сайд дараа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрт ажиллав. 1983 онд байгуулагдсан Монгол Улсын анхны Цемент, шохойн тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм эдийн засгийн чухал салбарууд болох Уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэглээний 50 хувь, шохойн хэрэглээний 80 хувийг дангаар хангаж буй гэдгийг үйлдвэрийн Гүйцэтгэх захирал А.Шоовдор танилцуулж байв.

Тус үйлдвэр 750 мянган тонн чулуунцарыг хуурай аргаар үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлснээр зардал өндөртэй нойтон аргын үйлдвэрийг зогсоосон байна. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой боловч өдгөө хүчин чадлынхаа 40 хувийг ашиглан ажиллаж байна.

Үүнээс гадна Шохойн үйлдвэр нь "Эрдэнэт" үйлдвэрийн хэрэгцээнд шохойн чулуу нийлүүлдэг, Дулааны станц нь Хөтөл тосгоны 10000 гаруй иргэний дулааныг хангадаг аж.

Монгол Улсын хувьд цементийн нийт 4 үйлдвэр байдаг бөгөөд нийт 4 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч дотоодын цементийн хэрэгцээ жилд 1.7 сая байдаг бөгөөд экспортод бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломжтой байгаа юм.

ОХУ руу цементийг экспортоор гаргахад үндэсний үйлдвэрүүд нэгдэн тус улсын стандарт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж нийлүүлэх боломжтой. Тиймээс уг асуудлыг ОХУ-ын Засгийн газартай хэлэлцэн тохиролцож, гааль, тусгай зөвшөөрөл, нийлүүлэх хэмжээнд төрийн зохицуулалт хийж өгөхийг Засгийн газраас хүсч байгааг Цемент, шохойн үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан захирал А.Дэмчигжав хэлж байлаа.

Тус үйлдвэр 2014 онд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зээлийг Хөгжлийн банкнаас авахад ам.долларын ханш 1338 байсан бол өнөөдөр 2800 орчимд хүрсэн. Ханшийн зөрүүнээс шалтгаалан зээлээ төлөхөд маш хүндрэлтэй тулгарч байгаа учир уг зээлийн ханшийн зөрүүнд интервенц хийж өгөхийг мөн хүсч буйгаа хэлж байв.

Ерөнхий сайдын зүгээс дээрх асуудлуудад анхаарал хандуулж, ялангуяа экспортод гаргахад шаардагдах арга хэмжээг авахыг Засгийн газрын түвшинд судалж үзэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(185.121.69.42) 2020 оны 09 сарын 18

Тийм шүү, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Зөв бодлого байна. \nАмжилт хүсье

1  |  0
зочин (139.5.217.173) 2020 оны 09 сарын 18

үнэхээр монголд үр ашигтай ажиллаж байгаа үлйдвэрүүдийг засгийн газар дэмжих л хэрэгтэй дээ

1  |  0
Top