Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу байгуулагдаад зуны сарыг барж, намрын сарыг хугаслалаа. Хэвлэл мэдээллийн орчин, цахим сүлжээ өргөн хөгжсөн энэ үед танхимын сайдуудыг ард түмэн танихгүй байж байгаад буулгах бололтой. Гүйцэтгэх засаглалын танхимын сайд нар олонд танигдах алба байхгүй ч ядахад хийсэн ажлаа танилцуулах байх гэж харлаа, алга. Тэд учраа олохгүй өнөөдөрт ирэв үү. Огт ажил хийхгүй суугаад байна уу гэх хандлага ч нийгэмд байгаа.
Энэ Засгийн газрын дийлэнх нь улстөрчид биш, салбар салбарын шилдгүүд, салбартаа олон жил ажилласан туршлага бүхий мэргэжилтнүүд сайд болсонтой холбоотой байж болох юм. Тэдний хувьд ард түмэнд таалагдах гэж өдөр болгон цэнхэр дэлгэц, сонин, цахимын нүүр бараадах шаардлага байхгүй. Зөвхөн ажлаа хийдэг ч байж болно. Гэтэл “Давхар дээл”-тэй сайдууд өдөр болгон л олны өмнө гарч байна.
Тэд ард түмнээс сонгогдог, энэ талын туршлагатай улстөрчид учраас зайлшгүй олонд харагдахыг тэргүүн зорилгоо болгожээ. Нөгөө талаар “Дан дээл”-тнүүдэд салбарынхаа анхан шатнаас эхлэн ажилласан тэдний хувийн архив, амьдралын замналд сөрөг зүйл огт алга. Хэрвээ сөрөг зүйл байсан бол нийгэм нэгэн дүрээр мөнхөд тодруулаад шуугиж байгаа. Харин улс төрд олон жил хутгалдсан “Давхар дээл”-тнүүдэд сөрөг зүйл юу мундах билээ. УИХ-д хоёр, гурав, дөрвөн удаа сонгогдож, сайдын суудалд очих гэж хэчнээн их хор хутгаж, хэчнээн хууль зөрчсөнийг мэдэхгүй. Бүлэг фракцаар талцах, ижил нөхрөө худалдахаас эхлээд юу эс мундах вэ. Ороо бусгаа нийгэмд өөрсдийгөө өдий өндөрт авч явна гэдэг яавч "Энхийн цагаан тагтаа” байх боломжгүй. Тийм боломж энэ Монгол Улсын улс төрийн нөхцөлд байхгүй гэдгийг сайн мэднэ.
Түүнээс бус У.Хүрэлсүхийн танхимын 16 сайд нэгэн зорилго дор, нэгэн шийдвэрээр, нэгэн зүг чигт ажиллаж байгаа гэж болно. Ерөнхийдөө хуйнаас сэлэм суграхад далд орж, хуйндаа хийхэд ил гардаг 16 нөхөр энд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, танхимын тэргүүнийхээ үгийг чимээгүй даган, толгой дохиж суудаг нөхөд гэсэн үг. Энэ Засгийн газрын сайд нарын ялгааг юм юмнаас харж болно. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Шадар сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хар, өдөр болгон л олонд харагдахыг хичээж, түүний тулд шахам ажиллаж байна. Гэтэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын сайд Н.Тавинбэх, БСШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг “Давхар дээл”-тнүүдтэй харьцуулаад хар. Зөвхөн Д.Сарангэрэл, Л.Норовсүрэн нарыг харьцуулаад хар. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд ямар ч хамааралгүй. Энэ салбарт ажиллах нь бүү хэл босгоор нь цөөн алхаж байсан сэтгүүлч Д.Сарангэрэл энэ намаржин л самрын тухай ярилаа. Мэдэхгүй учраас өөр юу ч ярих билээ. Гэтэл мэдэхгүй байж үүнийгээ олны өмнө ярих ямар сонирхолтой байгааг анзаарсан байх. Гэтэл Л.Цэдэвсүрэн өдгөө хамгийн бужигнаан, хөдөлгөөнтэй салбар тэргүүлж байгаа ч олны өмнө үл харагдана. Үндэсний болон гаднын боловсрол, хөтөлбөр гэсэн хоёр замаар маргаж байгаа хэсэг хийтэй нөхөд байгаагаас бус боловсролын салбар асар тайван байна. Тэгэхээр ажил хэвийн явж байгаа хэрэг. Нөгөө талаар Л.Цэдэвсүрэн сайд боловсрол, соёлын салбарт ерээд оноос эхлэн анхан шатнаас нь Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан асар туршлагатай, салбараа нэвт мэдэж байх жишээтэй. Энэ хүнд ярья гэвэл ядахад дурсамжаас эхлээд сонирхолтой зүйл олон байгаа ч тэр огт дуугарахгүй болж л байна. Харин бүхэл бүтэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын сайд нь бодлого бус самар хэрхэн түүх зөвлөгөө өгөх хоёрын дунд асар урт зай байна, ялгаа ч их байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гэхэд Уулын инженер мэргэжилтэй, Уул уурхайн эрдэм шинжилгээний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхэлсэн цагаас хойш салбартаа бүхий л шатанд гучаад жил ажилласан байх жишээтэй. Яаж ч бодсон бөхтэй зүйрлэшгүй.
Засгийн томилгоонд Ерөнхийлөгч Х.Баттулга хуруу дүрж, хошуу дэвссэн учраас шинээр байгуулсан Соёлын сайдаар С.Чулуун гэх түүхч нөхрийг томилсон гэх мэдээлэл байдаг. Үнэн худлыг мэдэх гээд яахав. Гагцхүү шинжлэх ухааны салбарт нэр хүндгүй болсон энэ эрхэм шинээр бууриа зассан яаманд ирснээр соёлын салбар зүг чигээ олохоо болилоо гэх яриа бий. Мэргэжилтнүүдээс танхимынхаа чихийг халууцуулах нэг сайд нь энэ байх. Өнөөдрийн байдлаар сонгодог урлагийг гудамжинд гаргалаа хэмээх шүүмжлэлд өртөж байна. Төрийн нарийн бичгийн дарга нь гавьяат дуучин, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нь гавьяат дуучин гээд соёл урлагийн салбарын бодлогыг газар авахаа больсон дуучид тодорхойлно гэдэг яавч буруу зүйл. Соёлыг яамыг туурга тусгаар байгуулсан ч эхнээсээ “Мордохын хазгай” газар болчихоод байна.
Мөн нэг чих халууцуулж мэдэх сайд нь Т.Мөнхсайхан гэх. Эрүүл мэндийн салбарт асар богино хугацаанд өндөр авсан энэ нөхөрт улстөрчийн амбиц, тийм нэг уугуул чанар байна. Өдгөө салбараа мэдэхгүй будилж суугаа Д.Сарангэрэл сайдаас Эрүүл мэндийн яамыг “өвлөн” авсан гэх энэ нөхрийн үүрэг гэж алга гэх салбарынхан байна. Нэг талаараа МАН-ын анхан болон дунд шатанд ямар ч үүрэг, дүргүй явж ирсэн ч гэнэт өндөр авсанд нь энэ намын төлөө оюутан ахуй цагаасаа зүтгэсэн залуус маш дургүй байгаа. Өөрөөр хэлбэл тэр нэг ч удаагийн сонгуульд гар бие оролцсонгүй. Нэг ч удаа намын харьяаллаар ажил амьдралаараа дэнчин тавьж үзсэнгүй. Гэтэл бидний 10, 20 жил зүтгэсэн зүтгэлээр минь шат, гишгүүр хийн өндөрт заларлаа гэх яриа залуус дунд цөөнгүй бий. Хэтдээ энэ засагт сөрөг дүр болж хувирах энэ залуу яаж ч мэднэ гэх. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг дээ. Энэ Засгийн газар нэгэн өдөр зөрчилдөхөд, эрх баригчид дундаа зодолдоход хаашаа ч холбирч мэдэх энэ мэт нөхөд мэр сэр бий.
“Дан дээл”-тнүүдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэж бүсгүй бий. Статистикийн үндэсний газрын даргаар ажиллаж байхдаа дарга нарынхаа захиалгаар иргэдэд мэдээ бэлтгэн хүргэдэг байв. Тэр энэ ажлаа үргэлжлүүлж байгаа гээд бас энэ танхимд дутагдалтай сайдууд ч бий. Тэгээд ч дохио зангаагаар хөдөлдөг нөхдүүд яалтай ч билээ. “Давхар дээл”-тэй халууцаж яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувьд бусдын захиалгын хууль УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирж байгаа нь хууль зүйн салбар хэтдээ хаашаа явах вэ гэдэг нь бараг тодорхой харагдана.
Энэ мэт дутагдал байгаагаас гадна танигдахын тулд ажил хийдэг салбарын мэдлэггүй, туршлагагүй “Давхар дээл”-тнүүдээсээ эртхэн салах хэрэгтэй. Шинэ Засгийн газрын сайдуудын онцлог ялгаа гэвэл энэ байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Төрсөн өдрийн мэндчилгээнд төрийн тамга дардаг элий балай гар бүүр цаашаа
боловсролын сайданцар цаашаа шүү
Яг үнэн бичжээ.ард түмний нүдэн дээр ил байна.хурдан эднээс салах хэрэгтэй.тэхгүй бол ёрөнхий сайдын нэр төрд муугаар нөлөөлж баына.салбараа мэддэг бодлого топорхойлдог хүн хэрэгтэй.
Ажлаа хийцгээж л байгаа шуу дээ Эруул мэндийн сайд нь зев бодол санаануудыг гаргаад л явж байгаа Амжилт хусье бугдэд нь
Ene sarangerel avgai estoi haana nisej buuhaa ch medehgui ym ene hetsuu ued salbar n 0 zogsolt hiichheed heden operator kompaniud n yah uchraa olohgui gaihaj suuhad samar yriad soliorood yvah ym ennii orond tserenbat n dan deelteigee baisan bol hamaagui deer baij esvel ene avgaidaa aylal juulchlaliin salbarinn uil ajillagaanii talaar hicheel orooj zaagaad ogooch salbariihan n uneheer hevtlee
Estoi muukah gej yadajee.Mongolchud estoi muuhai humuus yumaa,hunii muu taliig ni zaabal ehelj harna
Яг үнэн.Салбараа мэддэггүй хуучин байсан яамныхаа хүмүүсээр дүүргэж байгаа сайд байнаа байна.Мөнхийн сайд байх юм шиг ааш авир гаргаж,түүний туслах,хурган дарга хүүхэнүүд нь мөнхийн энэ яамны дарга туслах хийх юм шиг ааш авир гаргаж халаа сэлгээ хийж байгаа нь хууль дүрэм журам бол хамаагүй юм шиг байгаа.Есайд үүнд анхаарч асуудлыг цэгцлэж цэг тавьж энэ даам гараад байгаа нөхдүүдийг байранд нь тавьж, дөрхөмөнд нь буцаах болоогүй юм байхдаа.
Hamgiin tyryynd Sarangerel.Nyambaatar hotiig zailuulah heregtei.dendyy gehed bagadahaar ajlaa medehgyi hooson ceejee deldsen nuhdyyd tar ne tanigdaj baina\n