КОВИД-19: Инфляцын бууралт эдийн засгийн идэвх суларсныг илтгэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Монгол Улсын эдийн засаг, нийгэмд оны эхний найман сарын байдлаар Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлж буйг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Танилцуулгаас эшлэн хүргэе.

Цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн.

Инфляцын түвшин  наймдугаар сард 2.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.8 пунктээр буурсан байна. Инфляц төв банкны зорилтот  түвшин болох найман хувиас  буурч байгаа нь эдийн засгийн идэвх суларсныг илтгэж байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар, юаньтай харьцах сарын дундаж ханш 1.7 хувиар суларч, рубльтэй харьцах сарын дундаж ханш өмнөх сараас 2.6 хувиар чангарсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 пунктээр тус тус өсжээ.

Улсын төсөвт төвлөрч буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын орлого энэ оны эхний  найман сард өмнөх оноос буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол учирсныг харуулж байна.

2020 оны эхний хагас жилд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн 76.4 мянга буюу 79.4 хувь нь худалдаа болон үйлчилгээний салбарынх байна. Худалдааны салбарын нийт борлуулалт  оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар, зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар, нийтийн хоолны салбарын орлого 5.3 хувиар тус тус буурчээ.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хуваарийг багасгаж, амралтын газар, баар, бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоосноор улсын төсөвт төвлөрөх онцгой албан татварын орлого буурахад нөлөөлсөн байна. Дотоодын архи, дарс, пивоны онцгой албан татвар энэ оны эхний хагас жилийн байдлаар 24.3 (22.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Улсын төсвийн 2020 оны нийт алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцоолсон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.2 их наяд төгрөг болж, ДНБ-ий 13.1 хувьтай тэнцэж байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн тэнцлийн алдагдал 2.6 их наяд төгрөгт хүрлээ.  Үүнд, БНХАУ-ын эдийн засгийн удаашрлын улмаас уул уурхайн түүхий эдийн эрэлт багасч, төсвийн орлогын бүрдэл саарч, харин Ковид-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотойгоор төсвийн зарлага өсөж байгаа нь нөлөөлж байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар буурахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 25.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын бууралтад нүүрс олборлолт 57.8 хувиар буурсан нөлөөлсөн. Үүнийг дагаад нүүрсний экспорт эхний найман сарын байдлаар 45.3 хувиар буурав.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний тээврийг автозамаар тээвэрлэдэг. Тэгвэл  авто тээврээр оны эхний хагас жилд 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 55.5 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top