АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хаягласан илгээмжээс РИЦИН хэмээх хортой бодис илэрсэн явдал энэ сарын 19-нд тохиолдон, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/, цагдаагийнхан хамтран ажилласны эцэст уг хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйг Нью-Йорк мужийн Баффало хотод баривчилсан байна. “Нью-Йорк таймс”-д мэдээлснээр, уг эмэгтэй Канадын иргэн бөгөөд АНУ руу нэвтрэхээр оролдох үедээ хилийн шалган дээр баривчлагдан, биедээ авч явсан галт зэвсгээ хураалгажээ. Тэрээр 2019 оны гуравдугаар сард АНУ-д хууль бусаар оршин сууж байхдаа Техас-д баривчлагдан, эх орон руугаа буцаагдаж байсан аж.
Үхлийн аюултай хор
Рициний хордлогыг саармагжуулах ерөндөг байдаггүй учраас түүнийг ямар нэг байдлаар хүртсэн хүн тунгийн хэмжээнээс хамаарч 36-72 цагийн дотор үхэлд хүрэх аюултай юм. Насанд хүрсэн хүнийг хөнөөхийн тулд ердөө хагас миллиграмм буюу хатгуур зүүний толгой хэртэй бодис л хангалттай аж.
Энэхүү хорыг гаргаж авах үйлдвэрлэл энгийн байдаг учраас хэн нэгнийг хөнөөх зорилгоор ашиглах явдал элбэг тохиолддог. 2014 онд Америкийн ерөнхийлөгч асан Барак Обамад рицин хортой илгээмж явуулсан хэргээр Миссисипи мужид нэгэн эр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ. Мөн 2018 онд нэгэн тэнгисийн цэрэг асан эр Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч, адмирал Жон Ричардсон нарт рицин хор агуулдаг касторын шошнууд илгээсэн хэргээр яллагдаж байсан юм.
2001 онд Кабул дахь “Аль-Каида” террорист бүлэглэлийн баазыг бут ниргэх үед рицин хорыг бэлтгэх зааварчлагаа олдож байжээ.
Рицинийг хэрэглэсэн хамгийн алдартай тохиолдол
Рицин хорыг хэрэглэсэн хамгийн алдартай нэгэн тохиолдол бол Болгарын тэрс үзэлтэн, улстөрийн дүрвэгч, ВВС-ийн дэлхийн албаны ажилтан Георгий Марковыг хөнөөсөн явдал юм. 1978 оны есдүгээр сарын 7-нд Лондон хотноо түүнийг тусгай бүтэц бүхий шүхрээр хатган хордуулжээ. Уг шүхэрт рицин хор бүхий бичил капсулаар буудах зориулалт бүхий хийн бяцхан гар буу байрлуулсан бөгөөд тэрхүү зэвсгийг КГБ-ын лабораторид бүтээн, тухайн үеийн коммунист Болгарын тусгай албад хэрэгжүүлсэн гэж үздэг.
Шүхрээр хатгуулсны дараа Марков халууран, бие нь таагүй болсон тул маргааш нь эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч тэнд 11-ний өдөр таалал төгссөн байна. Түүний хэргийг мөрдөж байсан цагдаагийнхны мэдэгдсэнээр, үхлийн шалтгаан нь рицин хор байжээ. Задлан шинжилгээ хийх үед хорыг зөөвөрлөсөн бичил металл капсул талийгаачийн булчингаас олдсон байна. Тэрээр нас барахын өмнө болсон явдлыг өгүүлснээр, ажлаасаа таран автобусны буудал дээр хэсэг хүмүүс дундуур явж өнгөрөх үед хэн нэгний шүхэртэй мөргөлдөхөд хөл нь хүчтэй өвдөлт мэдэрсэн аж. Тухайн үед шүхэр барьж явсан хүн түүнээс уучлал хүсээд, зам хөндлөн гарч таксинд суугаад явжээ.
Марковын энэхүү оньсого мэт үхэл тухайн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж, Болгарын Аюулаас хамгаалах зөвлөлийг гэм буруутнаар тооцож байсан юм. Өөр нэгэн тэрс үзэлтэн болох Владимир Костов Парисын метронд бас ийм “тарианд” өртсөн боловч зузаан цамц өмссөнийхөө ачаар аврагдсан байна. Костов хийн гар буугаар буудах мэт хачирхалтай чимээ сонссон бөгөөд түүний нуруунаас мөн капсул олдсон аж.
Хэргийн илрүүлэлт хэрхэн шийдэгдэв
Марковын үхлээс хойш 20 жилийн дараа шинэ баримтууд гарч иржээ. КГБ-ын генерал асан Олег Калугины өгүүлснээр, тухайн үеийн Болгарын дотоод хэргийн сайд болон тус улсын удирдагч Тодор Живков нар Марковыг зайлуулахад туслаач хэмээн КГБ-ын гадаад тагнуулын даргаас гуйж байсан гэжээ.
Өөрчлөн байгуулалтын он жилүүдэд коммунист Болгарын тусгай албад Марковын хэрэгтэй холбоо бүхий баримт бичгүүдийг устгасан бөгөөд 1990 онд тус улсын Дотоод хэргийн шинэ сайд Атанас Семержиев эрх баригчдыг гэмт үйлдэлд татаж болзошгүй архивын баримтуудыг устгах зорилгоор IV-68 тогтоол гаргаж, гадаад тагнуулын дарга, генерал Владимир Тодоров, дэд сайд Стоян Савов нар Марковын хэрэгтэй холбоо бүхий хавтсуудыг өөрсдөө биечлэн устгасан байна. Тэднийг хожим Марковын аллагад оролцсон хэмээн яллахыг оролдсон хэдий ч Стоян Савов шүүх хурлаас хэд хоногийн өмнө амиа егүүтгэж, харин Владимир Тодоровыг зөвхөн албан тушаалаа урвуулан ашиглаж хавтаст хэргүүд устгасан үндэслэлээр 16 сар хорих ялаар шийтгэхэд хүрчээ.
Тухайн үед гүйцэтгэх ажиллагааг удирдаж байсан гэгдэх генерал Олег Калугиныг 1993 оны аравдугаар сард “Панорама” теле нэвтрүүлэгт оролцохоор Лондонд нисэн ирэх үед нь баривчилсан аж. Марковын аллагын хэргийн мөрдлөгийг ахалж байсан, Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн дарга Христофер Бёрд Хитроу нисэх буудал дээр Калугиныг баривчлан саатуулж, хоёр өдрийн турш түүнийг байцаажээ. Энэ үед Калугин Марковын аллагатай холбогдолтой дэлгэрэнгүй мэдүүлгийг өгөхдөө хэн, хэзээ КГБ-д хандан Марковыг зайлуулах ажилд тусламж хүсэж байсныг тодорхой өгүүлсэн байна.
1978 оны эхээр тухайн үеийн Болгарын Дотоод хэргийн сайд генерал Стоянов Лондонд амьдарч буй тэрслүүд үзэлтэн Георгий Марковыг устгах тухай Тодор Живковын биечлэн өгсөн тушаалыг гүйцэтгэхэд тусална уу хэмээн Владимир Крючковд хандсан гэнэ. Крючков дээшээ Андроповт хандахад тэрээр тушаал гарган Калугиныг тухайн гүйцэтгэх ажиллагааны удирдагчаар томилсон гэдэг ч Олег Калугин сүүлд түүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан аж.
Марковын аллагын хэргийн халуун мөрөөр англичууд ажиллаж байсан бөгөөд Скотланд-Ярдын зүгээс соцсистем нуран унасан Болгарын аюулгүйн албатай1993 онд харилцаа холбоо тогтоон, тэд хамтран идэвхтэй ажиллаж эхэлжээ. Тухайн үед “Пикадилли” хэмээх нууц нэртэй, Копенгагенд амьдардаг итали гаралтай Франческо Гулино хэмээх нэгэн сэжигтэн гарч ирэн, түүнийг шалгах явцад өмнө нь Болгарын аюулгүйн албанд ажиллаж байсан, хэд хэдэн гадаад паспорттой, Марковыг хордуулсан өдөр хоёр мянган фунтийн шилжүүлэг түүн рүү хийгдсэн, тэр өдөр Лондонд байсан зэрэг нь илэрсэн хэдий ч өөрөө илт үгүйсгэсэн тул хангалттай нотлох баримт болж чадаагүй байна.
Эцэст нь, 2013 оны есдүгээр сарын 12-нд Болгарын мөрдөн шалгах байгууллагууд Марковын аллагын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааснаа мэдэгдээд “Бид одоогоор гэмт хэрэгтнийг тогтоож чадаагүй бөгөөд хэрэв гэмт этгээд баривчлагдсан, түүний эсрэг мэдүүлэг өгөгдсөн, эсвэл эрэн сурвалжлагдаж байсан бол хөөн хэлэлцэх хугацааг хойшлуулах боломжтой байсан” хэмээн Болгарын Прокурорын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )