Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзултай уулзаж эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоо, сонгогчдын боловсролын сэдвээр ярилцлаа. Тэрээр мөн НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай юм.
-НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар залуухан бүсгүй ажиллаж буй нь бахархалтай санагдлаа. Хоёулаа эрхэлж байгаа ажлынхаа талаар яриагаа эхлэх үү?
-Би 2019 оны арваннэгдүгээр сард НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ бол миний үндсэн ажил. НАМЭХ бол МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага. Энэ намын 240 мянга гаруй гишүүдийн 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эдгээр эмэгтэйчүүд бүгдээрээ манай холбооны гишүүд. НАМЭХ 25 жилийн түүхтэй, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар холбоотой, бүх сум, хороонд салбар зөвлөлтэй, тэргүүлэгчидтэй үндэсний хэмжээний томоохон байгууллага юм. Манай холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ажилладаг.
Манай холбооны үндсэн гол зорилго нь эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг утгаараа жендэрийн тэгш байдлыг хангах, тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайллыг нийгэм, олон нийт, улс төрийн салбарт илүү бий болгох, гишүүн эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, чадавхижуулах, бүх салбарт дэмжих, дуу хоолойг нь хүргэх чиглэлтэй учраас үйл ажиллагаагаа тэр хүрээнд явуулдаг. МАН одоо засгийн эрхийг барьж байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН 62 суудал авсны 11 нь эмэгтэй гишүүн сонгогдлоо. Хууль тогтоох дээд байгууллагад манай эмэгтэйчүүд 11-үүлээ гарч ирсэн нь өмнөх сонгуулийн үеийн хувьтайгаа дүйхүйц хэмжээнд байж чадлаа. Ингэснээр аливаа асуудлыг бид бодлогын түвшинд шийдэх боломжтой боллоо гэсэн үг. Засгийн газарт гурван эмэгтэй сайд байна. Байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухааны яамд эмэгтэй сайдтай. Эрүүл мэнд, Сангийн яамд эмэгтэй дэд сайдтай. Газар, агентлагийн дарга эмэгтэйчүүд ч байна.
Ингэхээр бодлогын түвшинд, хууль тогтоох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо боломжийн хэмжээнд хүрсэн. Энэ бүх боломжоор дамжуулаад зөвхөн МАН-ын гишүүн эмэгтэйчүүд гэхээсээ илүү монголын эмэгтэйчүүдийн төлөө, тэр дундаа дөнгөж төрсөн нярай хүүхдээс өтгөс буурлуудаа хүртэл бүх насны эмэгтэйчүүддээ чиглэсэн, тэдний сайн сайхны төлөө манай байгууллага ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд ч эмэгтэйчүүдийн үүрэг гэр бүлдээ илүү чиглэдэг, гэр бүл бол нийгмийн үндэс суурь шүү дээ. Би энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохион байгуулж, гал тогоог хариуцдаг гэж хэлж болно.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэлээд эмзэг гэмээр сэдэв байсаар ирсэн шүү дээ...
-Одоо ч эмзэг байгаа.
-Урьдаас бэлтгэж таниулаагүйгээс гэнэт нэг эмэгтэйг гаргаж ирээд улс төрд оруулахад бэрхшээл үүсдэг. Охид, эмэгтэйчүүддээ хууль эрх зүй, улс төрийн шат дараалсан мэдлэг, боловсрол яаж олгож, цаашдаа улс төрд орох ирээдүйтэй хэсгийг нь хэрхэн нийгэмд таниулах ёстой бол?
- Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм дэх манлайллын асуудал мөнхийн сэдэв байсаар ирсэн. Энэ сэдэв цаашид ч яригдана. Өнөөдөр Монголын хүн амд нарийн яривал эмэгтэйчүүдийн эзлэх хувь 51 байна. Бүх салбарт хүйсийн энэ харьцааг харгалзаж үзэх ёстой. Тэгж байж нийгмийн бүх салбарын нарийн асуудлыг илүү олж харна. Эрчүүдийн асуудал ч жендэрийн тухай ойлголтод хамаатай. Хүйсийн тэнцвэрийг л хэлээд байгаа шүү дээ.
Эмэгтэйчүүд нийгэм, улс төрийн салбарт манлайлах боломж юун дээр очоод хязгаарлагддаг вэ гэхээр нэгдүгээрт, нийгмийн буюу сонгогчдын хандлага. Тогтож хэвшсэн хуучин үзлийг өөрчлөх ёстой. Нэн эхний алхам их амархан. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг болох. Тэгвэл бидний төлөөлөл хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд илүү олуулаа ажиллана. Хоёрдугаарт, салбар бүрд манлайлж байгаа эмэгтэйчүүд дараагийн үе болох залуу бүсгүйчүүдээ оюутан байхаас нь бэлдэх ёстой. Хүний сонирхол, хандлага оюутан болоод л, оройтлоо гэхэд төгсөөд л тодорхой болчихдог шүү дээ.
Үнэхээр нийгэм, улс төрийн салбарт ажиллая, манлайлъя гэсэн бодолтой залуу эмэгтэйчүүд, охид бол зөвлөх хүмүүстээ хандаад, өөрийгөө бэлтгээд, холбогдох байгууллагад гишүүнчлэлтэй болоод хөгжөөд явах ёстой юм шиг байгаа юм. Энэ хамгийн зөв.
-Өөрийн тань хувьд бүр багаасаа улс төр, нийгмийн идэвх сайтай, анхнаасаа бэлтгэгдсэн харагддаг. Энэ талаар ярих уу?
-Таны хэлснээр би яах аргагүй багаасаа олон нийтийн байгууллага, намын ажил хийж ирсэн. Хамгийн анх 2006 онд МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан байхдаа тэр үед МАН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Оюутны холбоо гэж байсан, одоогоор бол Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоонд гишүүнээр элсэж, Бага хурлын гишүүн нь болсноор миний улс төрийн идэвх оролцоо эхэлсэн. Оюутан байх хугацаандаа нэлээд идэвхтэй ажилласан. Их сургуулиа төгссөний дараа Улаанбаатар их сургуульд багшилж байгаад 2010 онд НАМЗХ-ны зохицуулагч, нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Одоо би НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар хийдэг.
Би одоо 33 настай. Ийм залуу эмэгтэйд МАН, НАМЭХ-ны удирдах зөвлөл итгээд холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилуулж байна. Нэг ёсондоо энэ хүмүүс намайг бэлтгээд байна шүү дээ. Би ганцаараа энд ажиллаад байх биш, үеийнхээ болоод өөрөөсөө дүү залуу эмэгтэйчүүдийг хөтөлж оруулж ирэх ёстой. Дараагийн үеэ бэлтгэх, сургах, хамтдаа сурах, хүмүүжих шаардлага бий.
-Эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэй улс төрч гэхээр амбиц хөөсөн, дарга болох гэсэн хүүхнүүд гэх явцуу ойлголт давамгайлдаг. Үүнээс шалтгаалаад эмэгтэйчүүдээ дэмжих талаар сонгогчдын хандлага ч тааруу. Гэтэл боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн асуудал, бүр эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалт гээд тэр болгон эрэгтэй улстөрчдийн анхаарлаа бүрэн хандуулж чаддаггүй олон нарийн зүйлийг эмэгтэй хүн олж хардаг. Энэ байдлыг яавал зөв ойлгуулах вэ?
-Аливаа ажлыг хийхэд мөнгө биш, сэтгэл дутсан харагддаг. Тэр дундаа эмэгтэй хүний ухаанаар, эх хүний сэтгэлээр нийгмийн бүхий л шатанд хандах шаардлагатай байна. Бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид маань хүчирхийлэлд өртсөөр л байна, сэтгэл эмзэглэм ... Энэ бүхнийг төр гол анхааралдаа авч, бодлогын түвшинд яаралтай, үр дүнтэй шийдвэр гаргах шаардлагатай. УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон 13 эмэгтэй гишүүн идэвхтэй хөөцөлдөж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэдэг маш чухал байгууллагыг байгуулсан. Өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байсан шүү дээ. Түүний жилийн төсөв нь 500 орчим сая төгрөг байсан бол одоо төсөв нь 8 орчим тэрбум төгрөгт хүрсэн.
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил рүү чиглэсэн үндэсний хэмжээний агентлагтай, бодлоготой болоод, улсын хэмжээнд, бүх сум, хороодод үйл ажиллагаа явуулдаг болж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын асуудлыг анхаарч ажиллаж байна. Эмэгтэйчүүд хууль тогтоох, төсөв хуваарилах эрх мэдэл бүхий түвшинд олноор гарснаар ямар үр ашигтай байдгийн энгийн нэг жишээ бол энэ. Одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүдээс ч хүлээлт их байна. Тэд их зүйлийг хийнэ гэдэгт итгэж байгаа. Хүлээлтэд хүрсэн хэмжээнд ажиллаж чадвал эмэгтэй улстөрчдөд итгэх итгэл цаашдаа улам нэмэгдэнэ.
-Эмэгтэй улстөрчийн гаргасан жижигхэн өө сэв олон нийтэд том алдаа болж харагддаг. Хэд дахин илүү хүч гаргаж, тэвчээртэй, боловсрол мэдлэгтэй байж сая эрчүүдтэйгээ зэрэгцэх хэмжээний үнэлэмжийг нийгмээс авдаг. Залуу бүсгүйчүүдэд ийм хэмжээний тэвчээр, тэсвэр хатуужил, эрч хүч, мэдлэг боловсрол олгохын тулд ямар ажил хийвэл зохистойг асууя?
-Нийгэм өөрөө эрэгтэй улстөрчдөд тавьдаг шалгуураасаа хэд дахин илүү хатуу шалгуурыг эмэгтэйчүүдэд тавьдаг нь үнэн. Эмэгтэй улстөрчид ч мэдлэгтэй, боловсролтой, үг ярианы соёлтой байх учиртай. Гэвч боловсрол мэдлэгээс нь урьтаад эмэгтэй улстөрч мяраалаг байж болохгүй, үргэлж өнгөлөг, цэмцгэр байх ёстой гэдэг ч юм уу. Гэтэл ямар ч ажил үүрэг эрхэлж байсан эмэгтэйчүүдийн жаргал, зовлон ижилхэн. Хийж байгаа ажил маань улстөрч, төрийн түшээ, байгууллага удирдаж байгаа дарга боловч ар гэрт гэрийн ажил, үр хүүхэд маань байж л байдаг. Ар гэрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ, үндсэн ажлаа хийнэ. Тэр болгондоо чин сэтгэлээсээ хандана. Тийм байхад бид эмэгтэйчүүдээ хайрлах ёстой. Тэдний зоригийг элдэв шалтгаанаар мохоож болохгүй. Нэг үг, нэг харц хүнд асар хүчтэй тусдаг. Тэр тусмаа эмэгтэй хүнд. Хэтэрсэн их өндөр шалгуурыг эмэгтэйчүүдэд тавихын оронд хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ. Нэг нэгнээ дэмжээч гэж хэлэх байна.
МАН-ын удирдах түвшинд ч тэр, ер нь бүх шатандаа манай намын эрчүүд эмэгтэйчүүдээ маш сайн дэмждэг. Сая УИХ-ын сонгуулийн тойрог хуваарилалт дээр ч харагдсан байх. МАН-ын дарга нэр дэвшигчдэд үүрэг болгож, эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтарч нэг баг болж сонгуульд оролцохыг даалгасан. МАН бол залуучуудаа ч дэмждэг, эмэгтэйчүүдээ ч дэмждэг, үүндээ ч амжилт нь оршдог.
Зуун жил оршин тогтнож, энэ улс орны хувь заяаг залсан, томоохон бүтээн байгуулалтууд хийсэн улс төрийн ууган хүчний хувьд ийм бодлого, зангарга байлгүй яах вэ гэж боддог.
-Орон нутгийн сонгууль дөхлөө. Хэтэрхий том улс төр ярьсан хүмүүс орон нутагт хэрэггүй байх. Энд ямар хүмүүс нэр дэвшээсэй гэж боддог вэ?
-Тун удахгүй Орон нутгийн сонгууль болох гэж байна. Иргэдийн төлөөлөл гэдэг бол иргэдтэйгээ хамгийн ойр, тэднийг илүү сайн мэдэрдэг, амьдрал мэддэг байх нь зөв. Жинхэнэ иргэн хүн л иргэдээ төлөөлөх ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүрэг дээр аж ахуйн ажил маш их байдаг. Улсаас хуваарилагдаад ирсэн төсвөө чухал хэрэгтэй, зөв, тулгамдсан зүйлд зарцуулдаг, алсын хараатай захиран зарцуулж чаддаг байх нь маш чухал. Энд эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр байх ёстой юм. Олон эмэгтэй нэр дэвшиж сонгогдоосой гэж хүсэж байна. Тэгж байж аймаг, орон нутаг, дүүрэг, нийслэлийн түвшинд гацсан олон асуудал шийдэгдэнэ.
Судлаад үзэхэд нийслэл хотыг хөгжүүлэх 340 гаруй хөгжлийн хөтөлбөр байдаг юм байна. Аливаа хотын хөгжлийг тав, арван жилээр ярихгүй. Дунджаар 40 жилээр ярина. Бэлтгэл ажил нь 4 жил өрнөнө. Ийм алсын хараатай, цэгцтэй ажиллаж байж өндөр хөгжилтэй хоттой болох хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой. Судалгаагаар хот, дүүргийн өмнө тулгамдсан асуудлуудаа тодорхой болгочихсон юм чинь гол нь шийдэх нь л чухал. Засгийн газрын үйл ажиллагаатай мөрийн хөтөлбөрөө нягт уялдуулж, хамтран нэг баг болж, хүчээ нэгтгэн ажиллаж байж бүтээн байгуулалт, зөв зохион байгуулалт хийгдэнэ гэж би Улаанбаатар хотын иргэн хүний хувьд үзэж байна.
-Нийслэлд явган хүний замгүй газар олон. Өвлийн цагт халтиргаа гулгаа үүсээд хөгжлийн бэрхшээлгүй нь бэрхшээлтэй, бэрхшээлтэй нь бүр байхгүй болохоор гамшиг үүсдэг. Нийтийн тээвэр эрт зогсдог. Гэрэлтүүлэггүй, камергүй гудамжуудаар орой харанхуйд хүүхдүүд харьдаг. Аав ээж нь ажилгүй. Энэ бүхнээс нийгмээ хүний төлөө хөгжүүлэхдээ тааруу байгаа нь анзаарагддаг. Үүнийг цэгцлэхэд иргэдийн төлөөлөгчид нэн түрүүнд юу хийх ёстой бол?
-Нийслэл хот есөн дүүрэгтэй. Энэ дундаа эмх цэгцтэй, сайн ажиллаж, асуудлуудаа шийдээд явж байгаа дүүргүүд бий. Хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийг нэрлэмээр байна. Араас нь Хан-Уул, Чингэлтэй гээд хэлж болно. Алслагдсан дүүргээс Багануур, Налайх, Багахангай сайн ажиллаж байгаа. Үнэхээр асуудалтай дүүрэг гэвэл Баянзүрх. Улаанбаатар хотын есөн дүүргээс хамгийн олон хүн амтай дүүрэг нь Баянзүрх байдаг. Гэтэл засаглал нь хамгийн тогтворгүй, байнгын бужигнаантай, хөрөнгө оруулалт маш бага татсан. Маш олон асуудал, бэрхшээлийн дунд Баянзүрх дүүргийн иргэд амьдарч байна. Гэрэлтүүлэг, камержуулалт тааруугаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, гэр бүлийн хзчирхийлэл гээд маш олон зүйл тэнд гарч ирдэг. Баянзүрх дүүрэг дөнгөж л хог хаягдал, гэрэлтүүлэг, камержуулалтаа ярьж суухад бусад дүүрэг лифтээ солих, орцны домофоны асуудал ярьж байх жишээтэй. Нэг хотод амьдарч байж дүүрэг бүрийн асуудал өөр, хөгжил нь эрс тэс байгаа нь харамсалтай.
Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөөс иргэд юу хүсдэг вэ, энэ хүмүүс юу хийх ёстой вэ гэхээр миний харж байгаагаар иргэдийнхээ амьдрах орчныг тав тухтай байлгах ёстой. Энэ бол номер нэг асуудал. Дараагаар нь хийх ёстой зүйл бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэх буюу ажлын байрыг нэмэгдүүлэх учиртай. Энэ хоёр зүйл дээр илүү төвлөрч, анхаарч ажиллах нь зөв.
Иргэдийнхээ амьдрах орчныг тав тухтай байлгах гэдэг дээр хогийн менежмент, гэрэлтүүлэг, орчны тохижилт, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчин гээд маш олон зүйл багтана. Асуудлуудаа тодорхой болгочихсон учраас зоригтой хийх л хэрэгтэй. Үүнийг л иргэд хүлээж байгаа.
Орлого нэмэгдүүлэх гэдэг дээр төр захиалагч байдаг. Хувийн хэвшил гүйцэтгэгч байдаг. Төр бол хувийн хэвшлээ дэмжих ёстой. Тиймээс хувийн хэвшлээс хэтэрхий их бичиг цаас, гарын үсэг, цаг үрсэн төвөгтэй зүйлсийг шаардахаасаа илүү тэднийг дэмжиж, ажлын гүйцэтгэлд нь анхаарах учиртай. Хүнд суртал ихсэхээр авлига, хээл хахууль, цаг алдалт, зогсонги байдал гэсэн үйл явц үүсч гардаг.
-Сонгинохайрханыг хамгийн муу үзүүлэлттэй дүүрэг гэж ихэнх тохиолдолд нэрлэдэг. Гэтэл сая сайн дүүргээр нэрлэлээ. Ямар учраас тэр вэ?
-Маш ойлгомжтой. Засаглал нь тогтвортой. Засаглал тогтвортой учраас үйл ажиллагаа тогтмол, асуудлуудаа шийдээд явж байна. Миний мэдэхээр эмэгтэйчүүдийн манлайлал Сонгинохайрхан дүүргийн засаглалд маш өндөр. Хоёр эмэгтэй орлогч даргатай. Хороо, Иргэдийн Хурлын эмэгтэй дарга олонтой. Энэ бол өөрөө тодорхой шалгуур. Эмэгтэй даргатай газар угаасаа л цэвэр цэмцгэр, ажил сайтай байдаг.
-Залуучуудын идэвх оролцоог сайжруулах талаар НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн хувьд юу хийж байна?
-Амьдрал өөрөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн алтан хэлхээн дээр оршин тогтдог. Тэднийг зааглаж, салгаж таарахгүй. Залуу үеэ дэмжиж боломж олгох, хөгжүүлэх хамгийн зөв бодлоготой нам бол МАН. Энэ утгаараа НАМЗХ-ны манлайлал энэ намд өндөр байдаг. Манай холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд сая сонгуулиар үндэсний хэмжээнд хамгийн өндөр санал авлаа. Сонгогчдын итгэлийг ингэж хүлээж байна гэдэг нь том шалгуур үзүүлэлт.
НАМЗХ залуучуудаа бэлддэг. Үүнийг товчхон тайлбарлавал залууст улс төрийн боловсрол олгох үйл явц энд явж байгаа юм. Залуус “тэнгэрээс бууж” ирээд л гэнэт нам, төрийн удирдах ажил хийхээсээ илүү НАМЗХ, НАМОХ-нд багтаж, ажлыг бүр анхан шатнаас нь хийж, олон нийтийн, намын ажилд оролцоотой байж, өөрийгөө таниулж, хөгжүүлж, гишүүдийнхээ итгэл, үнэмшлийг хүлээсний эцэст дараагийн карьерын асуудал яригдах ёстой. Үе шаттай байх ёстой юм.
Манай НАМЗХ-ны залуус УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт саналаа өгсөн. Зүгээр нэг тойрч суугаад санал өгөөгүй. Сошиал орчинд болон томоохон хэлэлцүүлгүүдийг үндэсний хэмжээнд зохион байгуулаад, залуус юу хүсэж байна вэ, юу амьдралд нь чухал байна вэ, ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна вэ гэдэг судалгаа авсан.
Ингэхэд нэг номерт тулгамдсан асуудлаар залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг нэрлэсэн. Байрны зээл авахад урьдчилгаа шаарддаг, өндөр үнэтэй байр авч чадахгүй учир боломжид нь таарсан орон сууцны нөхцөлийг залуус нэн түрүүнд шаардсан. Дараагаар нь ажлын байр. Түүний араас чөлөөт цагаа өнгөрөөх орчин, нөхцөл гэх мэт асуудлуудыг хөндсөн. Энэ болгоныг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан. Засгийн газар үе шаттайгаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд эдгээр зүйл бодит ажил хэрэг болоод явна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бид нийгмийнхээ, залуусынхаа дуу хоолой болж чадсан гэж хэлж болно.
-Төрийн албанд шинээр орж байгаа залуучуудыг нийгэмд “Цүнх баригч” гэж нэрлэж, чадамжийг нь чамлах тохиолдол бий. Чадварлаг залуусыг бэлтгэх талаар танай залуучуудын байгууллага юу хийж байгаа вэ?
-НАМЗХ, НАМОХ-ны шат шатны байгууллагад ажиллаж, бага зүйлээс гараагаа эхлэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлье. Намын дэргэдэх сургалт, судалгааны байгууллагууд ч залуучуудаа тогтмол чадавхжуулж сургадаг. Олон талаар бэлтгэдэг.
Хэн нэгнийг “Цүнх баригч” гэж хөнгөн хийсвэрээр харлуулж гутааж болохгүй. Аливаа нэг удирдах хүнд ажилд нь туслах, ажлын гүйцэтгэлд нь дэмжлэг болоод явах хүн хэрэгтэй. Тэгж тусалснаараа нөгөө “Цүнх баригч” чинь өөрөө бэлтгэгдээд, ажил хийж сураад л явж байгаа. Тэр удирдах хүн яаж ажилладаг юм, ажлаа яаж гүйцэтгэдэг юм, бичиг баримт яаж боловсруулдаг юм, тухайн салбарын онцлог нь юу юм, ямар шат дамжлагаар ажлаа явуулдаг юм, ирээдүйд карьер хөөе гэж бодож байгаа бол өөрийгөө яаж бэлтгэх ёстой юм гээд удирдлагаасаа хараад суралцаад явж байгаа залуус зөндөө бий. Тэгж яваа хүмүүсийг “Цүнх баригч” гэдэг үгээр гутаах нь буруу хандлага. Залуучууд аль ч салбарт байсан, үргэлж өөрийгөө хөгжүүлж, боловсорч, сурч хөгжих ёстой юм.
Нөгөө талаасаа хөгжих гэдэг бол зөвхөн залуучуудын ч асуудал биш. Монголын нийгмийн бүх насны хүмүүсийн хувьд чухал асуудал. Хүн нь хөгжсөн улс л хөгжинө. Хүнээ хөгжүүлээгүй бол улс хөгжихгүй. Хөгжсөн хүнтэй сум хөгжинө. Хөгжсөн хүнтэй аймаг хөгжинө. Хүмүүс нь хөгжсөн дүүрэг хөгжинө. Хөгжсөн иргэд нийслэлээ хөгжүүлнэ.
-1980-аад оноос хойш төрсөн залууст манлайлагч, лидер байх хандлага, сэтгэлгээ нэлээд ажиглагддаг...
-Хамгийн түрүүнд нэг зүйлийг залуучууд маань ойлгох хэрэгтэй. Хүн бүр дарга, лидер байх албагүй. Хүн бүхэн баян байх албагүй. Хамгийн гол нь хүн бол хүн л байх ёстой. Өөрөө юу хийж, яаж амьдрахыг хүсэж байна, түүгээрээ л амьдрах ёстой. Би ярилцлагаараа бүх залуусыг манлайлагч бол гэж хэзээ ч уриалахгүй. Дорж өнөөдөр жижигхэн гутлын цех ажиллуулаад сайхан байвал түүгээрээ амьдраг. Туяа сувилагч хийгээд болж байвал түүнийгээ хийг. Долгор багшлаад амжилттай байвал багшилж байг. Энэ л чухал. Аливаа ажлыг аль ч шатандаа, аль ч салбарт хүн хэзээ ч ганцаараа хийдэггүй. Багаар хийдэг.
Яагаад манлайлагч нар тодорч гарч ирж байна вэ гэвэл тэр хүн маш сайн багтай гэсэн үг. Тэр хүний ард атгасан гар шиг хүчтэй баг байгаа учраас манлайлагч хүчтэй байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Манлайлагч хүнд байх гол чанар юу вэ?
-Манлайлагч, удирдах түвшинд ажиллаж байгаа лидерүүдийн хувьд орчин цагт шалгуур нь их өөр болсон. Тэр юу вэ гэхээр энгийн байх ёстой. Амьдрал мэддэг байх ёстой. Хүнлэг байх ёстой. Эрийн сайндаа лидер болчихсон юм шиг, дарга болсон юм шиг хаахалзаж пээдэлздэг хүнд би хувьдаа их дургүй. Тийм хүмүүсийг нийгэм ч хүлээж авахаа больсон.
Тийм учраас амьдрал мэддэг, ажиллаж үзсэн тийм залуусыг би манлайлагч болно гэж боддог. Хүн аяндаа цаг хугацааны эрхээр чадавхижаад явна шүү дээ. Гэнэт 25 насандаа гоц болоод, 30 насандаа цойлоод явна гэж байхгүй. Манлайлагчийг цаг хугацаа бэлддэг, манлайлагч жирийн ард түмэн дундаас л төрдөг.
-Сая УИХ-ын сонгуулиар ажиглаж байхад Z гэх цоо шинэ үеийн залуус насанд хүрч, сонгогч болж орж ирж байна. “Биднийг ойлгодог хүмүүс цөөхөн. Өөр хүсэл тэмүүлэлтэй үе гарч ирснийг мэдээсэй” гэж ярьж байгаатай тааралдаж байсан. Тэднээс олон залуус сонгуулийн үеэр намд элссэн. Шинэ үеийн залуустайгаа хэрхэн ажиллах вэ?
-Та их гоё зүйл асуулаа. Үе үедээ байдаг гэдэг шиг Z үеийнхний бүр нарийн нандин зүйлийг бид бас сайн мэдэхгүй. Тэд өөрөө өөрсдийгөө илүү сайн мэднэ. Гэхдээ нийгэм, олон нийтийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдөөсөө дүү залуучууд, хүүхдүүд, оюутнуудыг мэдрэх ёстой. Үеийнхнээ мэдрэх ёстой. Дээд үеэ бас мэдэх ёстой. Үе бүрийн хэрэгцээ шаардлагыг мэддэг байх учиртай.
Анзаараад байхад одоогийн Z үеийн залуучууд бидний үеэс ч илүү их хөгжих боломжтой цаг хугацаанд амьдарч байна. Магадгүй, бидний 20 настайдаа сурсан, чаддаг байсан зүйлийг эд нар 12, 15-тайдаа хийгээд сурчихсан байгаа. Биднийг бага байхад интернэт тийм ч их нээлттэй байсангүй. Нэг цаг интернэтэд суухад 500 төгрөг төлдөг байсан. Одоо бүх газарт интернэт байна. Заавал сургуульд очиж, танхимд сууж сурах шаардлагагүй, онлайнаар сурч болж байна. Дэлхийн хаанаас ч, хэнтэй ч холбогдоод хүссэн мэдлэг, мэдээллээ авч байгаа. Илүү нээлттэй, мэдрэмжтэй залуус төрж байна.
Шинэ үеийн залууст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тэдний түвшинд өөрийгөө хөгжүүлсэн байх ёстой. Тэгж байж л тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Шинэ үеэсээ хоцрох юм бол тухайн цаг хугацаандаа лидер болж чадахгүй. Тэгэхээр одоогийн шинэ үеийн залуусаас мэдлэг, чадвараар хоцорч огт болохгүй.
Гэхдээ нөгөө талаас бидний үеийнхэнд байдаг давуу тал бол аливаа зүйлд маш тууштай, туйлбартай. Энэ зан чанараас маань бас Z үеийнхэн суралцах учиртай. Үе бүр харилцан нэг нэгнээ нөхөж байж нийгэм илүү тогтвортой байна гэж боддог.
-Ү.Оюунзулын хувьд бас гурван ч ном гаргасан зохиогч хүн. Номуудаа бичих сэдэл яаж төрсөн бэ?
-Би өөрөө ном зохиолд маш их сонирхолтой. Би номгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлээд “Долоон гарагийн тэмдэглэл” гэж анхны номоо бичсэн. Тэр ном маань уншигчдаас маш их эерэг сэтгэгдэл аваад надад улам илүү эрч хүч, урам зориг өгсөн. Тэгээд л “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” гэсэн дараагийн хоёр номоо бичсэн. Би бусдад урам, тэмүүлэл өгч чадах юм байна. Хэн нэгний амьдралыг гэрэлтүүлэх гэрэл нь байж чадах юм байна гэж мэдэрсэн учраас ном, зохиолоо бичдэг. Номууд маань цэвэр миний сонирхол. Миний өөрийн ертөнц, миний орон зай. Үүнийгээ би маш их нандигнадаг. Энэ их ажлын хажуугаар номоо үргэлжлүүлж бичих төлөвлөгөө, сонирхол надад асар их байгаа. Номтой нөхөрлөсөн хүн буруу явна гэж хэзээ ч байдаггүй. Номтой нөхөрлөсөн хүн амьдралыг илүү ойлгож мэдэрч, бас илүү алсын хараатай байж, өөрийгөө хөгжүүлж, хянаж чаддаг. Аливаа шийдвэрийг ул суурьтай гаргах чадвар суудаг юм болов уу гэж боддог.
-Зуун жилийн ойгоо угтаж МАН-ын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага ямар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Ажлын хэсгүүд гарчихсан, ажлаа төлөвлөсөн. Ковид 19-ийн үе тохиосон учраас нөхцөл байдал яаж эргэхийг одоогоор хэлэх боломжгүй. Гэхдээ тодорхой ажлууд хийж байна. Хөтөлбөр, төлөвлөгөөг нарийвчлан гаргаад намын гишүүддээ болоод олон нийтэд танилцуулах байх. МАН-ын 100 жил бол зөвхөн ганц намын ой биш, нийт Монголын ард түмний баяр, эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр юм. Үүгээрээ нийт олонд хүртээлтэй, үр өгөөжтэй ажлууд хийхээр төлөвлөөд байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
БАЛИАР АВГАЙ ШОРЛОГНЫ ГАЗАРААС 4 ЖИЛ АВИЛГАЛ АВЖ ИРГЭДИЙГ УТААГААР ХОРДУУЛСАН ПЗДАКДАА
уул нь зөв л ярьж байна эхлээд бүгд л ингэж ярьдагдаа тэгээд төрд гархаараа жинхэнээсээ сэтгэл дутана даа
Цүнх баригч, үнэндээ сайхан амьдрахын төлөө, нэр төрийн төлөө, мөнгөний төлөө л явж бгаа биз дээ, найз ойлгохын цаагуур ойлгож бгаа, бид нараас ч илүү ойлгож бгаа
Saikhan dongoddog tahia.
Чадвартай сайхан эмэгтэй, нам хөөгөөд дэмий дээ, за за ерөөсөө намгүй бол явахгүй хорвоо шүү дээ амжилт
хэ хэ юун хүн сэтгэл зүгээр л зоос хийвэл ажилладаг паркын тоглоом болж хувираад удаж бна мѳнгѳ ѳгѳѳд ч нэмэргүй хулхи чанаргүй сэтгэлгүй хүмүүс болсон
Аливаа ажилд мөрдөх гол зүйл бол стандарт. Тэр мөнгө, сэтгэл энээ тэрээ боо романтик хандлага. Бас нэг мал.