“Хаалттай тэнгэр”-ээс үүдэлтэй ХЯМРАЛЫН ЦАР ХЭМЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Энэ оны гуравдугаар сарын 27-нд Оросын эрх баригчид бусад орнуудтай агаарын тээврээ хязгаарлан, бараг “тэнгэрээ хаасан” билээ. Тэр цагаас хойш Орост зөвхөн бизнес-жет болон хилийн чанадад гацсан оросуудаа авчрах тусгай үүргийн нислэгүүд л үйлдэгдсэн байна.

Орос орон хязгаарлагдмал агаарын хилийн нөхцөлд амьдарч эхэлснээс хойш даруй хагас жил өнгөрчээ. Зун хэд хэдэн оронтой агаарын харилцаагаа дахин сэргээсэн хэдий ч Орос руу ирж, явах асуудал өнөөг хүртэл хүндрэлтэй хэвээр байна. ВВС-ийн Оросын алба “хаалттай тэнгэрээс” үүдэлтэй хямралын цар хэмжээг тодорхойлжээ.

Есдүгээр сарын 25-нд Оросын нисэхийн удирдлагын зүгээс энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарыг дуустал үйлдэгдсэн зорчигч тээвэрлэлтийн тоон баримтуудыг нийтэлсэн байна. Энэ хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч эргэлт 52,7 хувиар буурч, зорчигчдын тоо 49,1 хувь багасжээ.

Статистик мэдээллээс харахад, аялал жуулчлалын нислэг голлон үйлддэг нисэх компаниуд хямралд илүүтэй өртсөн байна. Жишээ нь, Pegas Fly компанийн зорчигч эргэлт 72,7 хувиар унасан бол Азур-Эйр - 69,6 хувь, Royal Flight - 68 хувь  тус тус буурсан байна. Харин дотооддоо орон нутгийн нислэг гүйцэтгэдэг компаниуд харьцангуй багаахан хэмжээний хохирол амсжээ. Ростовын “Платов” нисэх буудал дээр байрладаг “Азимут” компани SSJ-100 онгоцоор нислэг үйлдэн, зорчигч эргэлт нь ердөө 8,4 хувь буурсан бол S7-14 хувь,  "Победа" - 21,8 хувь тус тус багассан байна.

Оросын томоохон нисэх компани болох “Аэрофлот” зарим олон улсын нислэгээ үйлдсэн хэвээр байсан ч зорчигч эргэлт нь 59,1 хувь унажээ. Эдгээр үзүүлэлтүүд нь зорчигч тээвэрлэлтийн хязгаарлалтаас үүдэлтэй хямралын цар хэмжээг харуулж байна. Одоогоор энэ асуудал бүрэн дуусаагүй байгаа. Түүнээс гадна, энэ намрын эхээр Орос болон бусад орнуудад коронавирусний шинэ давалгаа дэгдээд эхэлсэн учраас ахин хязгаарлалтын нөхцөлд шилжих магадлалтай юм.

 

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЧАНГАРУУЛЖ, СУЛЛАСАН НЬ

 

Хагас жилийн өмнө Оросын Засгийн газар КОВИД-19 цар тахалтай тэмцэхээр олон радикал арга хэмжээнүүд авсны нэг нь иргэний агаарын нисэх хүчний зорчигч тээвэрлэлтийг зогсоосон явдал. Оросын нисэх компаниуд “зөөвөрлөх” ажлын горимд шилжиж, хилийн чанадад гацсан орос иргэдээ тусгай үүргийн нислэгээр авчирч байлаа.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-нд тогтмол “зөөвөрлөлтийн” нислэгүүд цуцлагдаж, “Госуслуги” төрийн цахим системийн тусламжтайгаар үүргийн нислэгүүдийн систем ажилласаар байсан нь хилийн чанадад гацсан жуулчдын дунд эхлээд сандрал үүсгэсэн аж. Харилцаа холбооны сайд Максут Шадаев эх орондоо буцахыг хүсэж буй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргахад өөрөө биечлэн оролцжээ.

Харин энэ есдүгээр сард зарим улс орнуудтай агаарын харилцаагаа сэргээснээр уг горим цуцлагдсан хэдий ч Орос улс ихэнх орнууд руу одоогоор нислэг хийж эхлээгүй байна. Албан мэдээллээс харахад, хаалттай горимын хугацаанд нийт 580 тусгай үүргийн нислэг хийгдэн, 92 мянган зорчигчдыг зөөвөрлөжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын эхээр Их Британи, Турк, Танзанитай олон улсын агаарын тээврээ сэргээснээр хорио цээрийн хатуу дэглэмийн эхний сулралт эхэлсэн юм. Оросын нисэх хүчний албан ёсны сайтад мэдээлснээр, есдүгээр сарын 27 буюу агаарын тээврийг зогсоосноос хойш хагас жилийн дараа гэхэд, Оросын компаниуд Египет, Арабын нэгдсэн Эмирт, Мальдив, Их Британи, Турк, Швейцарь, Өмнөд Солонгос, Казахстан, Киргиз, Белорусь зэрэг хэдхэн орон руу нислэг үйлдэхээр болжээ.

Эдгээр орнууд руу Москва, Санкт-Петербург, Дон дахь Ростов, Казань, Калининград, Новосибирск хотуудаас нисэж байна. Түүнээс гадна, Орос, Грек улсууд  аравдугаар сарын 1-нээс агаарын тээврээ сэргээх тухай хэлцлүүд хийгдэж байгаа гэнэ. Эдгээр нь албан ёсны мэдээлэл бөгөөд яг бодит байдал дээр ажил хэрэг өөрөөр явагдаж байгаа аж.

 

Онгоцууд хаашаа нисэж байна вэ

Үнэн хэрэгтээ “Аэрофлот” нисэх компани одоогоор өмнөх саруудын адил Оросын хувьд “хаалттай” улс орнууд руу нислэг үйлдэж байна. Учир нь, ачааны, шуудангийн, хүмүүнлэгийн чиглэлээрх нислэгүүд хорио цээрт хамрагдаагүй, мөн Засгийн газрын тусгай үүргийн дагуу нислэг явагдаж байгаа юм. Одоогоор үүргийн нислэгийн тоог багасгасан учраас Орос руу буцаж байгаа ачааны онгоцуудаар бусад орноос ирэх боломжтой байгаа аж.

Aviasales, Skyscanner гэх мэт тасалбар борлуулалтын үйлчилгээний зүгээс мэдээлснээр, “Аэрофлот” компани Вена, Милан, Парис, Барселон, Франкфурт, Амстердам, Нью-Йорк, Лос-Анжелес хотууд руу нислэг үйлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-нээс Чехийн нийслэл рүү тогтмол нислэг хийхээр төлөвлөж байна.

Эдгээр нислэгийн тасалбарууд “Аэрофлот”-ын албан ёсны вебсайт дээр болон бусад газарт худалдаалагдаж, иргэншлийн паспорт, оршин суух эрхийн хэлбэр, удаан хугацааны виз болон бусад зөвшөөрөл бүхий иргэд дээрх хотууд руу нисэх боломжтой байгаа юм. Дэлхийн зарим хотууд руу хийж буй шууд нислэгийг зөвхөн Оросын компаниуд гүйцэтгэх шаардлагагүй тул жишээ нь, Тайландаас Москва руу Quatar авиакомпанийн онгоцоор шууд нисэн ирэх боломжтой аж.

Тайланд улс есдүгээр сарын 26-нд “Визтэй амралт” дууссаныг зарлан, визээ сунгуулаагүй гадаад иргэдийг баривчлан хүчээр гаргахаар болжээ. Гадаад улс орнуудаас иргэдээ зөөвөрлөн авчрах ажиллагааг “Госуслуги” үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлж байгаа боловч нислэгийн тухай хүмүүс бүр тулсан хойно нь мэдэж байна. Гадаадаас гаргах системийг яаруу хугацаанд бүтээсэн учраас байн байн доголдол үүсэн, гадны нисэх буудлуудаас хөөрөхөд зарим асуудлууд тулгараад байгаа аж.

ГАДААД ИРГЭД ОРОС РУУ ХЭРХЭН НЭВТРЭХ ВЭ

Хилийн чанадаас Орос руу ирэх хүмүүст зориулсан дүрэм журам хорио цээрийн эхэн үед тогтоогдсон байдлаар өнөөг хүртэл үйлчилж байна. Орос руу ирэх өөрийн орны иргэд нислэгээс гурав хоногийн өмнө коронавируст халдварын шинжилгээнд заавал хамрагдан, мэдүүлэг бөглөх ёстой. Харин гадаад зорчигчид онгоцонд суухаас гурав хоногийн өмнө хийлгэсэн коронавирусний сөрөг оношлогооны баримтаа хил дээр мэдүүлэх үүрэгтэй юм. Гэвч гадаадын хүссэн бүхнийг Орос руу нэвтрүүлэх боломжгүй байгаа аж. Зөвхөн Турк, Их Британи, Арабын нэгдсэн Эмирт, Египет, Мальдив, Швейцарь, Танзани, Өмнөд Солонгосын иргэдийг Орос руу нэвтрэхийг зөвшөөрөөд байна.

Түүнээс гадна, тусгай хэрэгцээт мэргэжилтнүүд, дипломатууд, орос гэр бүлтэй гадны иргэд, зарим тамирчид Орос руу орж болох бөгөөд тэдний бүх жагсаалтыг Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны вебсайтад нийтэлсэн аж. Иймэрхүү хязгаарлалтын хатуу арга хэмжээг Оросын Засгийн газар хэрэгжүүлж байгаа нь гадны бизнес, ялангуяа эдийн засагт хүчтэй саад болж байгаа хэрнээ  коронавирустэй тэмцэхэд төдийлөн тус болохгүй байгаа талаар Америкийн худалдааны танхимын хөрөнгө оруулалтын бага хурал дээр тус байгууллагын тэргүүн Алексис Родзянко өгүүлжээ.

 

Цаашид яах вэ

“Зорчигч тээвэрлэлтийг зогсоосон явдал оросын авиа компаниудын хувьд жинхэнэ гамшиг болсон” хэмээн нисэхийн салбарын шинжээч, “Инфомост-Консалтинг”-ийн ерөнхий захирал Борис Рыбак дурдсан байна. Түүний өгүүлснээр, энэхүү хямрал нь Орос болон дэлхийн бусад орнууд дахь агаарын тээврийг доройтолд оруулж, авиа компаниудыг дампуурал руу хөтөлж болзошгүй аж. Тэрээр зорчигч тээврийн хувьд дэлхий даяар “тэнгэрээ хаах” ямар ч зайлшгүй шаардлага байгаагүйг цохон тэмдэглэжээ.  “Цар тахлын тэрхүү сандрал, түүн дээр үндэслэн олон улсын агаарын тээврээ хаасан явдал дэлхийн улс орнуудын засгийн газруудын томоохон алдаа болсон гэж би бодож байна. Тэгээд ч хамгийн гол нь, өнөөг хүртэл ямар ч тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай” гэж шинжээч өгүүлсэн байна.

Түүний ярьснаар, агаарын тээврээ хаасны улмаас үүссэн хямрал дор хаяж 2-3 жил үргэлжлэх бөгөөд авиа компаниудыг аврах хамгийн үр дүнтэй арга бол Засгийн газрын зүгээс шууд дэмжлэг үзүүлэх явдал гэжээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top