Төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээнүүд нь дотоод эрэлт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж байгаа ч цар тахлын нөлөөгөөр гадаад болон дотоод эрэлт огцом суларч эдийн засгийн өсөлт энэ онд агшихаар байна. Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдах хандлага хэвээр байна гэж Төв банкнаас гаргасан инфляцын есдүгээр сарын тайланд дурджээ.
Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэхээргүй байна. Инфляц улсын хэмжээнд 2020 оны долоодугаар сард 3.4 хувь, Улаанбаатар хотод 3.2 хувьд хүрч сүүлийн саруудад тогвортой байлаа.
Эрэлтийн талаас Төв банк, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэх хэдий ч цар тахлын нөлөө давамгайлж, эрэлтийн шалтгаантай инфляц саарч байна. Түүнчлэн, шатахууны үнэ инфляцыг бууруулах чиглэлд нөлөөлж, мах, хүнсний ногооны үнэ улирлын хандлагаа даган буурч байгаагаас нийлүүлэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэхээргүй байна.
Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл инфляц 2020 оны үлдсэн хугацаанд cуурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх ч нам түвшинд хадгалагдаж, 2021 оноос алгуур нэмэгдэн Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлттэй байна.
Цар тахал үргэлжилж, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл богино хугацаанд өөрчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт 2020 оны эхний хагаст огцом саарч, сүүлийн хагаст алгуур сэргэн 2021 онд сэргэлт үргэлжилнэ. Энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт төсөөллөөс доогуур гүйцэтгэлтэй гарлаа.
Коронавирусний нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил суларч ХАА, мэдээлэл холбооны салбараас бусад салбарууд агшсан нь нөлөөлөв. Харин эхний хагас жилд 29.4 хувиар огцом агшсан уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэх төлөвтэй байна. Үүнд дэлхийн зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөж, нүүрсний тээвэрлэлтийн хорио цээрийн арга хэмжээ суларсантай холбоотойгоор экспорт нэмэгдэж байгаа нь нөлөөлөхөөр байна. Оны үлдсэн хугацаанд хорио цээрийн арга хэмжээ зөөлөрч, уул уурхайн салбар идэвхжих, төсвийн зардал нэмэгдэх нөлөөгөөр уул уурхайн бус салбар алгуур сэргэлт эхлэх хүлээлттэй байна.
Ирэх онд гадаад эрэлт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт үргэлжлэхээр байна.
Эдийн засгийн цаашдын төлөв хэрхэн өөрчлөгдөх нь коронавирусийг хяналтандаа оруулахаас хамаарч байгаа бөгөөд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Үүнээс гадна зарим орнуудын хооронд үүссэн худалдааны зөрчилдөөн, геополитикийн асуудлууд тодорхой бус байдлыг нэмэгдүүлж буй дараагийн нэг хүчин зүйл болж байна.
Нөгөө талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын цар хүрээ, төсвийн орлого тасалдаж, төсвийн хөрөнгө оруулалтын зардал танагдах эрсдэл, дотоодын томоохон төслүүдийн хэрэгжилт зэрэг нь төсөөллийн тодорхой бус байдлыг үүсгэж байна.
Сүүлийн таван улирал дараалан саарсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2020 оны хоёрдугаар улирлаас нэмэгдэх хандлагатай болов. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сул, зах зээлийн эрсдэл нэмэгдэж байгаа нь ирэх саруудад зээлийн өсөлтийг хязгаарлахаар байна. Харин М2 мөнгөний жилийн өсөлт 2020 оны долоодугаар сард 5.8 хувь болж нэмэгдэхэд төсвийн алдагдлыг Засгийн газар банкны систем дэх нөөцөөсөө санхүүжүүлж байгаа нь нөлөөлөв.
Ковид-19-ийн тархалт үргэлжилж дэлхийн эдийн засгийн 2020 оны өсөлт өмнөх төсөөллөөс буурах хандлагатай боллоо. БНХАУ-д цар тахалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал сайжирсан ч, АНУ, Орос, Евро бүс зэрэг томоохон эдийн засгийн өсөлтийн шинэ төсөөлөл өмнөхөөсөө муудлаа. Энэ нь БНХАУ-ын гадаад эрэлтийг бууруулж эдийн засгийн сэргэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн БНХАУ, АНУ-ын харилцаа муудаж тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна.
Цаашид цар тахлыг хяналтандаа оруулах, тархалтын эрсдэл буурахаас гадаад эрэлтийн төлөв хамаарахаар байгааг тайланд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )