-ХҮҮХДИЙН 100 МЯНГЫГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРЫГ ХҮРТЭЛ ОЛГОНО-
Засгийн газраас ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ. Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг ирэх онд бууруулахын тулд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг төсөлд онцолжээ.Орлогын хувьд татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжиж, өр үйлдвэрлэх замаар төсөвт хамгийн дарамт авчирдаг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах зэргээр төсвийн орлогын боломжит эх үүсвэрээс татахаар төлөвлөсөн. Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй нь гаалийн шинэчлэл буюу экспортолж буй баялгаасаа орох орлогыг бүрэн хураах явдал.
Өнгөрсөн удаад төсөвт батлах үед ч энэ асуудлыг хэлэлцэн тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлнэ гэж тооцож буй гаалийн шинэчлэл хугацаа алдан жил дамналаа гэсэн үг. Харин зарлага талаасаа төсвийн урсгал зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн хамгааллыг эмзэг бүлэгт чиглүүлэх гэнэ. Мөн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнүүдийг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгах ажлуудын жагсаалтад музей, театр тэргүүтэй хэт үрэлгэн, хямралын үед санхүүжүүлэхэд тохиромжгүй хэмээн олон нийтээс шүүмжлэл дагуулсан олон төсөл багтсан байгаа юм. Тиймээс энэ удаад ирэх оны төсөвт тусгаад байгаа анхаарал татах зарлагуудыг тоймлон хүргэе. Зарим талаараа ирэх оны төсвийг халамжийн арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацаа болон олон нийтийн анхаарлыг татсан бүтээн байгуулалтуудын хэрэгжих хугацаа зэргээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан арга хэмжээ ч гэж үзэж болохоор юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД 30.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ирэх онд эдийн засаг, бизнесийн салбарууд болон улс төрийн тавцанд доргилт өгч магадгүй үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. Төсөвт ирэх оны сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор 30.5 тэрбум төгрөг суулгасан байна. Ийнхүү сонгуулийн төсөв 2017 оныхоос 13.4 тэрбум нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 120 орчим мянгаар нэмэгдсэн, хэсгийн хороодод ажиллах ажилчдын урамшуулалд олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой аж.
1.2 сая хүүхдэд 864 тэрбум төгрөг төсөвлөжээ
Төсөв хэлэлцэх бүрд олон нийтийн анхаарлын төвд байнгын байсаар ирсэн асуудал бол хүүхдийн мөнгөн тэтгэмж. Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал нэмэгдүүлж, 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа. Тэгвэл КОВИД-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор уг арга хэмжээг ирэх оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор тооцож, 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.
ЗӨВХӨН ТОП-10 АНГИЛАЛД БАГТСАН
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 93 их, дээд сургуулийг ирэх оноос хэрэгжүүлэх шинэчлэлийн хүрээнд чанараар нь эрэмбэлж, зөвхөн эхний 10 байранд орсон их дээд сургуульд суралцагчдад Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл, тэтгэлгийг олгохоор төлөвлөжээ. Боловсролын зээлийн санд 49.7 тэрбум төсөвлөсөн бөгөөд оюутны хөгжлийн зээлд 24.8 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн гадаадад суралцагсдын зээлд есөн тэрбум төгрөг, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэг өрхөөс гурван хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгаа бол нэг хүүхдийн тэтгэлэгт зургаан тэрбум, сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 5.9 тэрбумыг тусгасан байна.
Агаарын бохирдлын эсрэг 143.4 тэрбум төгрөг зарцуулна
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 онд 98.2 тэрбум төгрөг, 2020 онд 138.4 тэрбум тусгаж зарцуулсан. Засгийн газраас сайжруулсан түлш үйлдвэрлэх, сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 40.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Цаашид аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхүүдийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь бууруулж хөнгөлөлт үзүүлэх зорилгоор төсөвт 4.7 тэрбум төгрөг нэмж тусгасан байна. Энэ мэтээр ирэх онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 143.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үр дүнд нь агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах тооцоо гарсан байна.
1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН 1036 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Улсын хэмжээн ирэх онд нийт 1.6 их наяд төгрөгийн 1036 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс 2021 онд шинээр эхлүүлэх 368.1 тэрбум төгрөгийн 389 төсөл, арга хэмжээ, өмнөх оноос дамжин хэрэгжүүлэх 1.2 их наяд төгрөгийн 647 төсөл арга хэмжээ байна. Ирэх онд боловсрол, шинжлэх ухааны салбарын 356.7 тэрбум төгрөгийн 336, эрүүл мэндийн салбарын 75.9 тэрбум төгрөгийн 86, зам, тээврийн хөгжлийн салбарын 236.6 тэрбум төгрөгийн 106, барилга хот байгуулалтын салбарын 179.5 тэрбум төгрөгийн 168, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 31.1 тэрбум төгрөгийн 43 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр болжээ. Тухайлбал, Чингис хааны музейн барилгыг дуусгах 4.3 тэрбум төгрөг, Үндэсний урлагийн их театрын барилгад таван тэрбум, Байгалийн түүхийн музейн барилгад 20 тэрбум төгрөг гэх мэт томоохон хөрөнгө оруулалтыг дурдаж болох юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
У нас, в Украине, два тура президенских выбов обошлись бюджету 84.2 милиона $. У вас, в мМонголии планируют потратить 10.7 милиона $. Но в В Украине 35.4 милиона избирателей. Площадть територии Украины значительно меньше
Офшороо оруулж ирээчээ. Үүнээс шалтгаалж олон чухал асуудлууд шийдэгдэх гээд байна.
Ерөнхийлөгчийн сонгууль хийх мөнгийг хүртэл улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг... 30.5 тэрбум төгрөг! Ерөнхийлөгч болох хүсэлтэй хэн ч бай өөрөө сонгуулийн зардлаа гаргаж болдоггүй юм уу?! Ард түмэн харин хэнийг сонгохоо мэдье!
БИЗНЕС БОЛСОН ЧАНАРГVЙ ХУВИЙН ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МАГАДЛАН ИТГЭМЖИЛЖ ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ.
Хувийн болон төрийн бүх сургуулийг нэг стандартаар финланд улс шиг болгож өгөөч!!!!!
Зөв арга хэмжээ