ЖДҮ-д төсөв хуваарилахгүй байж АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫГ бууруулна гэж ярих хэрэггүй

2020 оны 10 сарын 02

Гадаад эрэлт өндөр үед нүүрс, зэсийн экспортын орлогодоо пологтохоо шахдаг Монгол Улс цар тахлын энэ үед эдийн засгийн бүтцийн гажуудлынхаа горыг бүр ч илүү  үзэж буйг таван их наядыг шүргэсэн төсвийн алдагдлаас ойлгож, харж болно.

Нөгөө талаас Монгол Улс түүхий эдийн экспортын эдийн засаг дахь өндөр нөлөөллийг нөхөх хэмжээний дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж бүтцийн дорвитой өөрчлөлт хийх ёстойг лавшруулан сануулж байгаа хэрэг л дээ.

Ялангуяа эдийн засгийн гол салбар болох гадаад зах зээлээс хамаарсан уул уурхай уналттай байгаа энэ үед эдийн засгийн дотоод урсгалаа дэмжих нь чухал байна.

Цар тахлаас шалтгаалан иргэдийн худалдан авалт буурсан, орлого хумигдсан үзүүлэлттэй байгаа хэдий ч эрэлтийг өсгөх, идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь боломжит гарц гэдгийг гаднын улс орнуудын жишээнээс харж болно.

Энэ цаг үед Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих бодлогоо илүү чамбайруулж, илүү бодитой болгох шаардлагатай байна.

Гэтэл 2021 оны Улсын төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд нэг ч төгрөг төсөвлөөгүй байгаа нь ойлгоход бэрх зүйл юм.

Сануулахад, энэ оны Улсын төсөвт ч ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн нэг ч төгрөг тусгагдаагүй.  Энэ нь 2018 оны аравдугаар сараас эхэлсэн ЖДҮ-ийн “бүүм”-тэй холбоотой байсан гэхэд болох байх. ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэлтнүүд л авдаг гэсэн ойлголт нийгэмд тархсан учраас сонгуулийн өмнө эрх баригчид зориуд ЖДҮ санд мөнгө хуваарилаагүй гэж ойлгогддог.

Гэтэл 2021 оны төсөвт дахиад л ЖДҮ-ийн салбарыг гаргуунд нь хаяж байгаа нь тун болчимгүй хэрэг юм. ЖДҮ-ийн салбар алийн болгон улс төрчдийн туйлбаргүй бодлогод хэрчүүлэх юм бэ. Улс төрчид нь сангийн мөнгийг ББСБ-уудаараа дамжуулан угааж нэг энэ салбарыг хэрчинэ. Өөрсдөө авч чадахгүй болчихоороо санд нь нэг ч төгрөг хялайлгахаа больж нэг хорлоно.

Ийм баймааргүй байна. Ялангуяа эдийн засагтаа  дотроос нь идэвхжүүлэлт хийх ёстой ийм цаг үед бүр ч ийм харалган баймааргүй байна.

2020 оны төсвийн хуулиар Монголын ЖДҮ эрхчлэгчид 0 төгрөгтэй хоцорсны дараа АНУ-ын Засгийн газар Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төслийг эхлүүлэх болсноо зарласан билээ.

Таван жилийн хугацаатай хэрэгжих төслийн хүрээнд 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая ам.доллароор манай ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төсөл. Тодруулбал, төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангана гэдгээ мэдэгдсэн юм.

Тиймээс ч  “Монголын улстөрчид ЖДҮ-чдээс мөнгө харамласны дараа АНУ 15 сая ам.доллар өгөхөөр боллоо” хэмээн бид мэдээлж байв.

Нэг ёсондоо манай ЖДҮ-чдийг бэлтгэх чиглэлд гаднынхан мөнгө төгрөг өгөөд байхад манай эрх баригчид өөрсдөө мөнгө харамлаад байгаа юм.

Уг нь энэ салбарыг хөгжүүлэх эрх зүйн  орчныг УИХ 2019 оны зургаадугаар сард баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиараа бүрдүүлсэн гэж ойлгож байгаа.

Улстөрчид энэ салбарын санхүүжилтэд хуруу гараа дүрэхгүй байх хэмжээний зохицуулалтыг тусгасан гэдгийг салбарынхан тайлбарлаж байгаа. Энэ нь сайн хэрэг.

Гэхдээ төсвөөс  хөрөнгө мөнгө гаргаж дэмжихгүйгээр хуурай хуулиар 100 хувь зохицуулалт хийх боломж одоогоор байхгүй.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг харвал өнөөдрийн байдлаар 300-гаад аж ахуйн нэгж 140 тэрбум төгрөгийг төлж барагдуулах ёстой байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дунд эхнээсээ  төлөхгүй гэдийсэн нь цөөнгүй байгаа. Тиймээс Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, төлж барагдуулахгүй байгаа тохиолдолд нийтэд зарлана гэсэн мэдээлэл байгаа юм.

Зээлээ төлөхгүй гэдийх нэг хэсэг байхад санхүүжилт ус агаар шиг шаардсан, амьдрах чадвартай төслүүд ч байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. 2019 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн байсан.

Энэ оны улсын төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээлийн  эргэн төлөлтөөс 54 тэрбум төгрөг төвлөрүүлж, зээлд олгоно гэж тусган, баталсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд буюу улсад 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой учраас эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлээд үлдсэнийг нь зээлд гаргана гэхээр нөхцөл байдал амаргүй байгааг өдгөө Жижиг, дунд үйлдвэрийн газрыг удирдаж буй Я.Эрдэнэсайхан дарга тухайн үед хэлж байсан.

Тэгвэл энэ онд Хөгжлийн банк руу 1.6 тэрбум төгрөг шилжүүлсэн, оны сүүл гэхэд эргэн төлөлтөөс нийтдээ 20-иод тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа аж. Төсвийн хуулиар баталсан 54 тэрбумаас 2.5 дахин бага мөнгө гэсэн үг.

Харин ЖДҮ-ийн зээл авахаар энэ жил  хүсэлтээ гаргасан 1579 аж ахуйн нэгжийн төслүүдэд 238 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх мөнгөний хэмжээ ЖДҮ-чдийн төслүүдэд шаардлагатай санхүүжилтээс 11 дахин бага байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газраас цар тахлын нөлөөлөл, шинэ эрсдэл өндөр байгаа энэ үед нөхцөл байдалд дасан зохицож, урагшлах боломж бүхий эрүүл ахуй, ноос, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг сонгох чиглэл барьж ажиллаж буй юм билээ.

Нэг ёсондоо дампуурахгүй, тэсэж үлдэх боломж өндөр төслүүдийг сонгоно гэсэн үг. Хариуцсан газрын зүгээс бодлогоор ийм  зохицуулалт хийж байхад мөнгө олгох эсэхийг шийдвэрлэдэг бусад газрууд бас бодлоготой ажилламаар юм.

Бусад улс орнуудын тухайд цар тахлыг шокийн байдалтай хүлээн авсан ч бодлого, шийдвэр гаргалт нь маневр сайтай, илүү хурдан байгааг тодотгох нь илүүц болохгүй байх.

Японы Засгийн газар гэхэд  эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд 1.1 их наяд ам.долларын шинэ багцыг тавдугаар сарын эхээр баталсан.

Энэ санхүүжилтээр жижиг дунд бизнесүүдийг дэмжих, Ковид-19-ийн улмаас бэлэн мөнгөний дутагдалд орсон компаниудад дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн салбар, орон нутагт дэмжлэг олгох ажлуудыг үе шаттай хийсэн.

Италийн Засгийн газраас мөн л тавдугаар сард эдийн засгийг дэмжих 55 тэрбум еврогийн төсөв баталсан. Санхүүжилтийн дийлэнхийг дампуурлын ирмэгт тулсан бизнесүүдийг эргэлтийн хөрөнгөөр хангахад зориулсан. Бусад улс орнуудын тухайд цаг алдахгүй байхад анхаарч байна.

Харин Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн есөн сарын хугацаанд эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг бууруулахын тулд дорвитой алхам хийсэнгүй гэж дүгнэх эдийн засагчид олон байгаа юм. Сонгуульд зориулсан зардлуудыг  хэдэн арван тэрбумаар нь хуульчлан баталчихдаг хэрнээ ЖДҮ-ийн салбарт дахиад л нэг ч төгрөг төсөвлөхгүй байгаа нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй юм.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй ЖДҮ-ийн салбарт мөнгө хуваарилахгүй хэрнээ ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж ярьдаг Засгийн газар, УИХ манайхаас өөр орон байхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top