“Сонгуулийн өмнөх санал асуулгын үр дүнгээр Байден илүүрхэж байна”, “Трамп хоорондын зөрүүгээ багасгасаар байна”....Эдгээрт итгэж болох уу, ялангуяа өнгөрөгч сонгуулийн сургамжаас харахад.
2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэрхэн явагдаж буйг анхааралтай ажиглаж байсан зарим хүмүүс "The New York Times"-ийн хуудсыг урьдчилсан таамаглалаар байн байн шинэчилж байв. Тулгуур мужуудын дүн мэдээ хараахан гараагүй байхад урьдчилсан санал тооллогын үед Хиллари Клинтон 80 хувиар итгэлтэй ялна хэмээн олон нийтийн санал асуулгууд илтгэж байсан бол тухайн үед Трампын ялах магадлал ердөө 20-хон хувьд тооцогдож байлаа. Гэвч олон нийтийн санал асуулга зохион байгуулагчдын хийсэн урьдчилсан таамаглал хэчнээн ихээр зөрсөнийг санацгаая. Санал хураалтын өдөр оройхон тийшээ Клинтоны давуу байдал илтээр багасаж, оройн 20 цаг гэхэд Трамп ялах магадлал 95 хувьтай болсон билээ. Үүнээс харахад, санал асуулгын дүнд итгэж боломгүй мэт!
Алдаа гарчихсан уу, эсвэл үгүй юу
Хиллари Клинтон 2-3 хувь пунктээр илүү ялалт байгуулна хэмээн тухайн үед социологичид таамаг дэвшүүлж байлаа. Энд харин тэд алдаагүй юм: Хиллари Клинтон сонгогчдоос авсан саналынхаа тоогоор Трампаас даруй хоёр хувиар илүүрхсэн хэдий ч Трамп сонгогчдын төлөөллийн саналын илүүгээр ялалт байгуулсан билээ. Үүнд АНУ-ын сонгуулийн системийн онцлог бас нөлөөлсөн гэж болно. Сонгуулийн дуулиан шуугиан намжсаны дараахан социологичид юун дээр алдсанаа нягтлахаар шийджээ. Ингээд хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт, зарим хүмүүс, ялангуяа боловсрол багатай сонгогчид олон нийтийн санал асуулгад оролцохоос татгалзаж байсан явдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, санал асуулгад оролцсон олон хүмүүс шударгаар хариулаагүй, өөрөөр хэлбэл, “Алдартай бус” нэр дэвшигчид саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа гадны хүнд мэдэгдэхийг хүсээгүй. Иймэрхүү хувилбар “Брэдлигийн нөлөө” хэмээн нэрлэгддэг нэгэн тохиолдолтой төстэй байна. 1982 онд хар арьст-ардчилагч Том Брэдли Калифорни мужийн захирагчийн сонгуульд бүх санал асуулгаар илүүрхэж явсан хэдий ч бүгд найрамдахч өрсөлдөгчдөө ялагдахад хүрсэн юм. Үүний шалтгаан их энгийн байв: санал асуулгад оролцсон олон хүмүүс хар арьст нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ бусдад мэдэгдэхээс ичсэн аж.
Гуравдугаарт, хүн амын ямар давхаргынхан сонгуулийн хэсгийн хороод руу идэвхтэйгээр очиж саналаа өгөх боломжтойг социологичид нарийн тодорхойлж чадалгүй алдаа гаргасан. Гэвч хэн саналаа өгөхийг хүсэж байгаа, хэн нь хүсэхгүй байгаа гэдгийг урьдчилан таамаглахад бэрхшээлтэй. Сонгуулийн өдөр тухайн сонгогч биеэ хэрхэн авч явахыг урьдчилан таамаглаж болохуйц төрөл бүрийн загварууд социологичдод байдаг хэдий ч бодит байдал дээр өчүүхэн бага ялгаа хэчнээн томоор үр дүнг өөрчлөх боломжтойг харуулсаар байна.
Юу нь “тиймэрхүү” явагдчихав
Трампын сонгогчид чухам хэнд саналаа өгөхөөр төлөвлөсөн гэдгээ тухайн үед мэдэгдэхийг хүсээгүй аж. Үүнийг энгийн болон интернет санал асуулгын дүнг харьцуулах замаар хялбархан шалгаж чаджээ. Өөрийн бодит хүслийг мэдэгдэхээс ичингүйрсэн зарим хүмүүс интернет санал асуулгад дуртайяа хариулж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Politico болон Morning Consult энэхүү онолыг шалгахын тулд туршилт явуулахад ямар нэгэн нотолгоо олдоогүй хэдий ч сонгогчдын багаахан хэсэг болох дээд боловсролтой, өндөр орлоготой хүмүүс онлайн санал асуулгад оролцохыг илүүтэй эрхэмлэж байгааг тодруулж чадсан аж. Эдгээр нь саналын бага хувийг бүрдүүлэх учраас сонгуулийн үр дүнд төдийлөн нөлөөлөх боломжгүй юм. Йелийн Их сургууль мөн адил судалгаа явуулахад үр дүн нь дээрхтэй ижил гарсан байна. Хиллари Клинтон санал асуулгад “тасархай” илүүрхэж байсан атлаа ялагдсан явдал гурван үндсэн хүчин зүйлээр тайлбарлагдаж байгааг социологичид тодруулжээ.
Нэгдүгээрт, сонгуулийн кампанит ажил дуустал хэнд саналаа өгөхөө шийдэж чадаагүй сонгогчдын тодорхой хэсэг сүүлийн мөчид Трамп-д саналаа өгөхөөр шийдсэн. “Эргэлзээтэй сонгогчид” эцсийн агшинд аль тал руу хэлбийхийг урьдчилан мэдэх арга одоогоор алга байна. Хоёрдугаарт, Трампын талынхны санал өгөлтийн идэвх таамаглаж байснаас өндөр гарсан. Гуравдугаарт, АНУ-ын баруун өмнөд болон зүүн эргийн бүс нутагт Трампын дэмжлэг санал асуулгын дүнгээс илүү хүчтэй байсан. Учир нь санал асуулгыг зохион байгуулж байсан нөхдүүд оролцогчдын боловсролын түвшинд төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас иймэрхүү эсрэг үр дүн гарах нөхцөл бүрджээ.
Ер нь боловсрол сайтай сонгогчид санал асуулгад оролцоход бэлэн байдаг бөгөөд АНУ дахь бүх нийтийн энгийн санал асуулгад оролцогчдын 45 хувь нь хамгийн багадаа бакалаврын зэрэгтэй байдаг аж. 2016 онд ялангуяа дээд боловсролтой сонгогчид Хиллари Клинтоныг идэвхтэй дэмжин, санал асуулгад өргөнөөр оролцож байжээ. Харин боловсролын түвшин багатай хүмүүс санал асуулгад оролцдоггүйн улмаас хэнд саналаа өгөхийг хүсэж байгаа нь мэдэгдэлгүй өнгөрсөн байна.
САНАЛ АСУУЛГУУД ХЭРХЭН ЯВАГДАЖ, ЯАЖ ДҮНГЭЭ ГАРГАДАГ ВЭ
Санал асуулгыг явуулах хоёр үндсэн арга байна: утсаар болон онлайнаар. Эхний аргыг удаан хугацааны туршид “алтан стандарт” хэмээн социологичид үзэж байлаа. Гэвч ямар хүмүүс рүү утасдах хэрэгтэйг хэрхэн тодорхойлох вэ.
Бүртгэлтэй бүх сонгогчдын нэрс болон тэдэнтэй холбоо барих мэдээлэл муж бүрд байдаг бөгөөд тэдгээр мэдээлэл нь санал асуулга явуулахад ихэвчлэн ашиглагддаг. Тиймээс нас, боловсрол гэх мэт янз бүрийн үзүүлэлт дээр үндэслэн ямар аргаар санал асуулга авах сонголтоо хийнэ. Харин орчин үед онлайнаар асуулга авах явдал өргөжсөөр байгаа хэдий ч түүнтэй холбоотой асуудлууд бас гарч иржээ. И-мэйл хаягийн нэгдсэн мэдээлэл байдаггүй нь ажлыг хүндрүүлж байна. Компаниуд санал асуулга явуулах үедээ эхлээд энгийн шууданг ашиглан хүмүүст захидал илгээж, онлайн санал асуулгад оролцуулах хүсэлт тавьдаг. Энэ аргыг Ассошиэйтед пресс болон Pew Research түгээмэл ашигладаг аж. Мөн хэн нэгэн хүн санал асуулгад оролцохоор шийдэн сурталчилгааны эсвэл өөр ямар нэгэн холбоос дээр тохиолдлоор дарах маягаар онлайн асуулга явагддаг. Энэ үед тухайн хүн өөрийн мэдээллээ бөглөдөг бөгөөд энэ нь мэдээллийн баазад хадгалагдсанаар санал асуулгад оролцох урилга түүн рүү үе үе илгээдэг болно.
Иймэрхүү аргууд үр дүнтэйд тооцогддог хэдий ч хүлээн авсан үр дүнгээ яаж тайлбарлах талаар тодорхой журам мөрдөх шаардлагатай юм. Ингэж чадахгүй бол санал асуулгууд төдийлөн үр дүнд хүрэхгүй.
Дараагийн нэг чухал асуудал нь, үнэн зөв үр дүнг хүлээн авахын тулд хэдий хэмжээний хүмүүсийг санал асуулгад хамруулах вэ. Pew Research-ийн ахлах арга зүйч Эндрю Мерсерийн тэмдэглэснээр, олон тооны сонгогчид санал асуулгад оролцсоноор амжилтад хүрнэ гэсэн үг биш аж. “Санал асуулгад оролцогчдын тоо их атлаа үр дүн багатай, урьдчилан бэлтгэгдсэн ч байж болох магадлалтай” хэмээн тэрээр өгүүлсэн байна. Сонгууль явагдахаас хэдэн сарын өмнөөс “Байден Трампаас илүүрхэж яваагаа нэмэгдүүллээ”, эсвэл “Трамп Байденаас хоцорч яваагаа багасгасныг санал асуулга харууллаа” гэх мэтийн гарчигтай мэдээнүүд хөвөрч, уншигчдыг төөрөгдөлд оруулж байгаа. Иймд санал асуулгын үр дүнд итгэж болох эсэхийг мэдэхийн тулд ямар компани явуулж байгааг сайн судлах хэрэгтэй хэмээн шинжээчид зөвлөж байна.
Одоо юу болох бол
Энэ оны зургаадугаар сарын эхээр нийтлэгдсэн санал асуулгын үр дүнгээр Жо Байден одоогийн ерөнхийлөгчөөс 12 хувиар илүү байсан хэдий ч өнгөрөгч гурван сарын хугацаанд Дональд Трамп хоорондын зайгаа ойртуулж чадсан байна.
USA Today болон Саффолка Их сургуулийн хамтран явуулсан сүүлийн асуулгаар Байден Трампаас ердөө долоон хувиар илүү байгаа нь тогтоогджээ. Одоогоор сонгогчдын 50 хувь Байдены төлөө, 43 хувь нь Трамп-д саналаа өгөх магадлалтай байгаа хэдий ч асуулгад оролцогчдын долоон хувь нь хэнийг дэмжиж байгаа нь одоохондоо тодорхойгүй байгаа аж. 2016 оны сонгуулийн туршлагаас харахад, иймэрхүү тодорхой бус сонгогчид л сонгуулийн хувь заяа хаашаа эргэхийг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлдөг гэж болно.
Мөн одоогоор “Савлуур мужууд”-д онцгой анхаарал хандуулж байна. Өнгөрсөн түүхээс харахад, эдгээр мужуудад ардчилагчид ч, бүгд найрамдахчууд ч тогтмол ялалгүй, байнга солигддог байжээ. Эдний нэг болох Аризона гэхэд 11 сонгогчдын төлөөллийн саналтай бөгөөд энд одоогоор Жо Байден Трампаас гурав хувь пунктээр илүү явж байна.
Гэвч тус бүс нутаг дахь ардчиллын удирдагчдын нэг болох Ларри Бодайн тоон үзүүлэлтэд төдийлөн итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. “Санал асуулга бол хуурамч зэрэглээ юм. 2016 оны сонгуулиас хойш би санал асуулгын дүнд итгэхгүй байхаар шийдсэн. Тиймээс санал асуулгын үр дүнд бус, харин миний коллегууд-ардчилагчид юутай газар дээрээ тулгараад байгаад нь анхаарлаа хандуулах болно. Би ардчиллын талынхантайгаа байнга харьцаж байгаа бөгөөд одоо тэдний хэн нь ч санал асуулгын тухай ярихгүй байгаа. Их зүйлийг “амладаг” санал асуулгууд бол зөвхөн аюулгүй байдлыг хуурамчаар мэдрэх үр дүнг харуулдаг” хэмээн тэрээр шүүмжилсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )