М.Помпео ирэх байлаа...

2020 оны 10 сарын 05

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-нд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх байлаа. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Азид хийх айлчлалын хувиараа өөрчилсөн байна. ТАСС агентлаг “Майкл Помпео энэ сарын 4-6-нд Токиод Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийнэ. Өмнө нь түүнийг 4-8-нд Японоос гадна Монгол, БНСУ-д айлчилна гэж мэдээлж байсан юм. Гэхдээ тэр аравдугаар сард ахин Азид ирнэ гэж Төрийн департамент мэдээлсэн байна” гэж мэдэгджээ. Тэгэхээр түүний айлчлал хойшлогдсон бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп коронавирусний халдвар авсантай ч уялдаатай болов уу. Ямартаа ч М.Помпеон айлчлал хойшилсон энэ цаг дор Монгол-АНУ-ын харилцааны сонирхолтой хуудсуудыг тэртээгээс наашлуулан сөхөж үзье. 

Нэгэн зууны тэртээд холын Америк дэргэд байв

Хэдийгээр Монгол Улс, АНУ-ын хооронд дөнгөж 1987 онд дипломат харилцаа тогтоож, 1988, 1989 онд харилцан ЭСЯ-даа нээсэн ч аль тэртээ Богд хаант Монгол Улсын үед АНУ-тай харилцахаар хичээж асан түүх бий. Орос, Манж чин улсын захиргаанд байсан Хятад хоёрын дунд хавчуулаастай байсан ч тэдгээр орноор дамжуулж Америк, Японтой харилцахаар бичиг, захидал явуулахыг оролдсоор байжээ. Тэр цаг үед америкчууд Монголын нутгаар аялж, алтны орд хайж, үлэг гүрвэлийн мөр мөшгиж, эртний хүний улбааг хөөж, ноос, ноолуур, тарваганы арьсны худалдаа ч эрхэлж байв. Бүр төмөр зам тавих судалгаа хийж байсан гэдэг билээ. Улаанбаатар хотод “Американ дэнж” нэртэй газар байдаг нь тэнд Америкийн пүүс, хоршоод байрлаж байсны гэрч юм. Америкийн “The Mongolian Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” зэрэг аж ахуйн нэгж Монголд байсны зарим нь чухамхүү Американ дэнж дээр ажиллаж байж. Хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч болсон Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зуур Нийслэл Хүрээнд ирж VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан тухайгаа дурдатгал номдоо бичсэн ажээ. Херберт Хүүвэр тэр үед алт хайж явсан уул уурхайн инженер хүн байжээ. Холын Америк ийнхүү нэгэн зууны тэртээд манай улстай ойр байлаа. 

Айраг шуугихад айсан дэд Ерөнхийлөгч

1944 оны зун цаг. Дэлхийн II дайны галын дундуур АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэллс Монголд иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт дэд Ерөнхийлөгчөө ЗХУ, Хятадын байдлыг ойроос тандуулахын зэрэгцээ тэдний дунд хавчуулагдсан Гадаад Монгол хэмээх улс ямархан байгааг мэдэхээр явуулсан нь энэ. Аляск, Сибирь, Узбекийн Ташкент, Шинжаан, Хятадаар дамжсаар дэд Ерөнхийлөгч Монголд ирсэн аж. Түүнийг маршал Х.Чойбалсан өөрийн биеэр угтан авчээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уэллс Монгол дахь нөхцөл байдал, шашин шүтэх эрх чөлөө байгаа эсэх, дайнд ямар нөлөөтэй оролцож байгаа, ард иргэдийн аж байдал гээд бүхий л зүйлийг богино хугацаанд тандахыг хичээжээ. Түүний айлчлалын үеэр нэгэн хөгжилтэй зүйл тохиолдсон гэдэг. Дэд Ерөнхийлөгчид Яармагийн дэнжид гэр барьж өгчээ. Ид зун. Долоодугаар сарын эхэн. Гэрийн хаяаг шууж, түүгээр салхи сэвэлзээд зочдод таатай сайхан. Гагцхүү үл мэдэг исгэлэн үнэр ханхална. Эрүүл салхинд цохиулсан зочид нам унтаж байтал нэгэн сэжигтэй зүйл шуугижээ. “Тагнах чагнах төхөөрөмж байрлуулснаас зайлахгүй” хэмээн ихэд эмээсэн тэд түүнээс хойш нойрсож чадахаа больж. Өглөө болж. Гаднаас орж ирсэн монголчууд гийчдийн амар мэндийг мэдэн, гэрийн хананаас зүүлттэй ширэн хөхүүрээс айраг аягалж, зочдынхоо өмнө сөгнөж, өөрсдөө ч уув гэнэ. Мөнөөх исгэлэн үнэр тэр ундаанаас гарч байгааг америк зочид олж мэджээ. Харин шуугисан зүйлийн учрыг үл олов гэнэ. Гэтэл монголчуудыг гарч явсны дараа анзаарахад хананд зүүсэн хөхүүрээс сэжигтэй зүйл дуулдаж байгааг мэдэж, хутгаж үзэхэд дотор нь юу ч байсангүй, харин тэрхүү ундаа өөрөө шуугидаг болохыг ойлгоод өөрсдийгөө шоолон инээлдсэн гэдэг.

Монгол “Гуравдагч хөрш” болсон нь хийгээд Кувейтэд Ирак довтолсноос айлчлал тасалдав

Монгол Улс ардчилалд хөл тавьсны дараа АНУ-ын талаас Улаанбаатарт хөл тавьсан анхны томоохон гийчин нь Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер байв. Тэрээр 1990 оны наймдугаар сард айлчилж, тэрхүү айлчлалынхаа үеэр “АНУ Монгол Улсад гуравдагч хөрш байж чадна” хэмээн хэлсэн байдаг. Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд ийнхүү гуравдагч хөршийн анхдагчдын нэг болж АНУ орж ирсэн түүхтэй. Тухайн үед хоёр тал дипломат харилцаа тогтоогоод гуравхан жил болж байв. Гэтэл Жеймс Бейкер Улаанбаатарт хүрэлцэн ирээд байсантай зэрэгцэн Ирак улс Кувейтэд довтолж, богино хугацаанд эзлэн авсныг уншигчид лавтай санаж байгаа. Үүнээс үүдэн ноён Бейкер айлчлалаа товчилж яаран буцсан билээ. Харин дараа жил нь Жеймс Бейкер даагаа нэхэж, Монгол Улсад дахин айлчилж байсан юм. Бүхэл бүтэн 70 гаруй жил дагасан ЗХУ задарч, дотор талдаа бужигнаж, хаалттай байсан БНХАУ тийш дөнгөж хилээ нээж, Монголын гадна талд ирээдүй бүрхэг байх үед ингэж АНУ, Япон, ХБНГУ зэрэг орон тэрхүү хөшгийг ярж гэгээ оруулсан нь туйлын үнэн. Үүнээс хойш төрөл бүрийн салбарт харилцаа гүнзгийрч, манай энхийг сахиулагчид НҮБ-ын далбаан дор АНУ зэрэг орны дайчидтай мөр зэрэгцэн энхийн төлөө зүтгэж, монгол цэргийн нэрийг дэлхийд гаргасаар явна. 

Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших Америкийн талын анхны том айлчлал

Ноён М.Помпео ирэх гэж буй нь Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тог­­тоос­ноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд хийгдэж буй анхны айлч­лал гэдгээрээ онцлог. Уг харил­цааг 2019 онд Монгол Улсын Ерөн­хийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тогтоосон билээ. Уламжлал ёсоор М.Помпео манай төр, засгийн тэргүүнүүдэд бараалхаж уулзалт, хэлэлцээ хийх учиртай. Албан ёсны мэдээллээс үзвэл айлчлалын үеэр Монгол, Америкийн Стратегийн түнш­лэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлж­лүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх болом­жуудыг эрэлхийлж ярилцахын хамт олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох ажээ. Хоёр талын хамгийн анхны өндөр түвшний айлчлал гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1990, анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш нар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урил­гаар 2005 онд Монголд айл­чил­­сан билээ. Дэд Ерөнхийлөгч Ж.Байден 2011 онд Монголд ирж байв. Өндөр хэмжээний айлч­­лал тогтмолжиж, Монголын талаас үе үеийн бүх Ерөнхийлөгч, нэлээд олон Ерөнхий сайд АНУ-д айл­чилсан байдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нараас Жеймс Бейкер 1990, 1991 онд, хатаг­тай Мадлен Олбрайт 1998, хатаг­тай Кондализа Райс 2005 онд буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр, хатагтай Хилари Клинтон 2012, Жон Керри 2016 онд тус тус Монгол Улсад айлчилсан билээ. Ийм эртний улбаатай Мон­гол-Америкийн харилцааны түү­хийг зузаалахаар Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео энэ сард ирэх юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medlegt dusal nemer(192.82.69.244) 2020 оны 10 сарын 05

Shine erunhiilugch bii boloh bolgon usad urij avaachdag ni uchirtai shd! Tagnaj nasatai medreliig ni holboj mergen uhaaniig ni mangartuuldag bhgui yu!

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 05

zondoo l irj tagnaj giigyylsen um auch baihgui l um baina

1  |  0
Top