Коронавирусгүй ертөнцөд амьдарч байгаа мэт авирлаж байв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний ойр тойрныхон амны хаалт бараг зүүхгүй байсан нь цар тахлын ямар ч аюул байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр байв. Харин өнгөрөгч баасан гарагийн өглөө Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудсанд өвчилсөн тухайгаа зарласны дараа Цагаан ордонд тодорхойгүй байдал үүссэн бөгөөд Төрийн тэргүүн коронавирусээр халдварласан нь оношлогдож, түүний талынхны тайван байдал ч өөрчлөгдсөн байна. Ерөнхийлөгчийн туслахууд болон Цагаан ордны ажилтнууд өнгөн дээрээ хэвийн мэт харагдахыг хамаг хүчээрээ чармайж байсан хэдий ч ерөнхий уур амьсгал нь машид түгшүүртэй, санаа зовинол айдсаар дүүрэн эмх замбараагүй байдалд дөхөж очжээ. Дональд Трамп АНУ-ын эрүүл мэндийн салбар дахь хямралын талаар өөдрөг үзлийг удаан хугацаагаар хадгалан, тиймэрхүү байдалтайгаар цар тахлыг хялбархан давчих мэт сэтгэгдлийг төрүүлж байв. Тэрээр “цар тахлыг хяналтад авч чадлаа” хэмээн саяхан мэдэгдсэн хэдий ч АНУ-д коронавируст халдвар оноштойгоор 200 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ.
Өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулагдсан хандивын нэгэн арга хэмжээн дээр Трамп үг хэлэхдээ “Цар тахлын төгсгөл аль хэдийн харагдаад эхэлсэн” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн өнгөрөгч долоо хоногт явагдсан халз мэтгэлцээний үеэр өөрийн өрсөлдөгч Жо Байденыг амны хаалтнаас салахгүй байна хэмээн тохуурхан дооглож байсан аж.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Ерөнхийлөгч өөрөө төдийгүй түүний туслах, зөвлөхүүд ч коронавирусын талаар хайхрамжгүй мэдэгдлүүдийг удаа дараа хийж байлаа. Цагаан ордны ажилтнуудын ихэнх нь амны хаалт бараг зүүхгүй, үдийн хоолны үеэр хоорондын зайгаа баримтлахгүй, зарим арга хэмжээний үеэр хэдэн зуун зочид урин оролцуулж байжээ.
“Улс төрийн газар хөдлөлт”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээр халдварласан тухай мэдээ цэлмэг тэнгэрт аянга буух мэт цочролыг төрүүлжээ. Одоо тэгэхээр ерөнхийлөгчийн сонгууль яах вэ?, Трампыг яаж эмчлэх бол?, Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Жо Байден бас халдвар туссан юм биш биз? гэх мэт олон асуултууд нийгэмд үүссэн байна. Цагаан ордны албан ёсны мэдээлэл АНУ-ын Зүүн эргийн цагаар шөнийн нэг цаг орчимд хийгдсэн хэдий ч америкчуудын ихэнх нь болсон явдлын тухай өглөө л олж мэджээ. ВВС-ийн Хойд Америкийн сурвалжлагч Энтони Зуркер энэхүү үйл явдлыг “улстөрийн газар хөдлөлт” хэмээн нэрлэсэн байна.
Ямар ч үр дүн гарч мэдэхүйц, маш эгзэгтэй сонгуулиас ганцхан сарын өмнө дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн буюу АНУ-ын Ерөнхийлөгч ноцтой өвчилсөн явдал шинэ бодит байдлыг үүсгэжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргааны зүгээс төрийн тэргүүнтэй ямар нэгэн байдлаар харьцсан хүмүүсийг Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шалгаж байгаа бөгөөд энэ нь аюулгүй байдлын хуурамч мэдрэмжийг албан хаагчдад төрүүлэх найдваргүй хэрэгсэл хэмээн шинжээчид анхааруулж байна.
“Эх орончдод барьсан гэнэтийн бэлэг”
Коронавируст халдварын эмчилгээ хийлгэж буй Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч ням гарагт эмнэлгээсээ түр гарч, Уолтер Ридийн нэрэмжит эмнэлгийн дэргэд цугларсан өөрийн дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна. Трампыг суулгасан хуягт хар машин хүмүүс цугларсан гудамж дундуур алгуурхан явж өнгөрчээ. Түүнээс хэдхэн хормын өмнө Трамп өөрийн Твиттер хуудсанд “Энд цугларсан эх орончдодоо гэнэтийн бэлэг барих болно” хэмээн бичсэн аж. Цагаан ордны зүгээс мэдээлснээр, энэхүү богино хугацаат аялал нь ерөнхийлөгч болон түүний ойр тойрныхонд аюулгүй хэмээн үзсэн эмч нарын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн гэжээ.
Трампын энэхүү гэнэтийн алхам олон нийтийн зүгээс таагүй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд “205 мянга гаруй америкчууд амь насаа алдчихаад байна. Бидэнд фото зургийн цуглуулга биш, харин жинхэнэ удирдлага хэрэгтэй байна” гэж Конгресс дахь ардчиллын олонхийн төлөөлөгч Хаким Жеффрис өгүүлсэн байна.
Мөн Трампын хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн нэгэн эмч түүний энэхүү үйлдлийг хүмүүсийн амь насыг аюул заналд учруулж буй улстөрийн байж боломжгүй шоу хэмээн өөрийн твиттер хуудсанд шүүмжилсэн аж. “Ерөнхийлөгчийн энэхүү ямар ч хэрэгцээгүй “аяллын” үед машин дотор байсан бүх хүмүүс 14 хоног тусгаарлагдах ёстой. Эдгээр хүмүүс өвчилж, тэр ч байтугай үхэж ч болзошгүй. Улстөрийн жүжиг үзүүлэхийн төлөө Трамп тэдэнд амь насаараа дэнчин тавихыг тушаасан явдал бол байж боломгүй тэнэглэл” хэмээн доктор Жеймс Филлипс бичжээ.
Стероидаар эмчилж байна
Ерөнхийлөгч Дональд Трампыг хэрхэн эмчилж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өнгөрөгч ням гарагт тодорхой болсон билээ. Түүнийг эмчилж буй эмч Шон Конлигийн өгүүлснээр, Трамп-д стероид дексаметазон бичиж өгсөн бөгөөд түүнийг хүнд шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд амьсгалын хүндрэлд орохоос сэргийлэн өгдөг юм байна.
Сүүлийн өдрүүдэд Трампын цусан дахь хүчилтөрөгч хоёр ч удаа хүчтэй унасан учраас түүнд дексаметазон өгч, нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхээр болжээ. Төдийлөн үнэтэй бус атлаа хүртээмж сайтай дексаметазон бэлдмэл нь коронавирусээр оношлогдсон хүнд хэлбэрийн өвчтөнүүдийн амь насыг аврахад тусалж чадна хэмээн британийн эрдэмтэд нотолсон юм. Судлаачдын тэмдэглэснээр, дексаметазоныг курс эмчилгээнд оруулснаар уушгины хиймэл амьсгалтай өвчтөнүүдийн 33 хувь, цусыг хүчилтөрөгчөөр баяжуулах эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн 20 хувь нь амь насаа алдах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэжээ. Ерөнхийлөгч Трампыг даваа гарагт эмнэлгээс гарган, Цагаан ордонд эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Конли эмч өгүүлсэн байна.
Дэд ерөнхийлөгч Майк Пенс болон түүний гэргий Карен нар өнгөрөгч ням гарагт давтан шинжилгээ хийлгэхэд өвчлөл илрээгүй аж. Пенс сонгуулийн кампанит ажлыг зогсоогоогүй бөгөөд хэрэв Дональд Трампын эрүүл мэндийн байдал эрс муудсан тохиолдолд ерөнхийлөгчийн бүрэн эрх Пенс-д шилжих юм. Гэвч одоогоор Трамп бүрэн эрхээ шилжүүлэх хүсэлгүй байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ. Хэрэв Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч хоёулаа хүндээр өвчилсөн тохиолдолд улс орныг Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга, ардчилагч, Трамп болон түүний бодлогыг хурцаар шүүмжлэгч Нэнси Пелоси удирдах бөгөөд иймэрхүү тохиолдол түүхэнд огт гарч байгаагүй аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )