Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг өчигдөрхөн Төрийн тэргүүнээс гардан авсан Монголын үндэсний Харваачдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, Хүндэт мэргэн, үндэсний сурын спортын мастер, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Сэдэдийн Батхуягтай ярилцлаа.
Хүндэт мэргэн С.Батхуяг нь 1973 оноос сурын харваагаар хичээллэж 1980-аад онд спортын мастер болсон юм. Монголын Сурын холбоонд 1978 оноос тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон, 1989 оны есдүгээр сараас тус холбоо “Монголын үндэсний Сурын холбоо” (МҮСХ) гэгдэж ТББ болсон цагаас 1999 оны есдүгээр сарыг дуустал холбооны ерөнхийлөгч, 2000 оноос Хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Таныг Монголын үндэсний сур харвааны түүхэн уламжлалын нэвтэрхий толь, сурыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд хийсэн ажил арвинтай гэж шавь нар тань хэлдэг. Энэ талаараа сонирхуулах уу?
-Монгол үндэсний харвааны түүх дэндүү их юм. Энэ түүхийг судлах талаар манай холбоо нэлээд ажил хийдэг. Сурын харваа бол хүний хүмүүншилд их үүрэгтэй наадам, харваач хүн өөрөө “хүмүүншдэг”, өөрийгөө “хүн болгодог” тоглоом юм.
Нэг үгээр хэлбэл, өөрийгөө бүрэн эзэмдэж сурдаг гэсэн үг. Бүх хөдөлгөөнөө мэдэрч байж сая байгаа харваж ононо. Эрхий хуруугаараа хөвчөө гогодон (эрхийвчлэн) татаад мултлах (тайлах)-ын хувьд л гэхэд урагш явуулж тавьж байна уу, арагш дугтарч тавьж байна уу, байранд нь байлгаад тавьж байна уу гэх мэтээс сумны нисэлт шууд шалтгаалдаг. Хүний тархи бүх булчингаа удирдаж байж харвана гэсэн үг. Ямар нэгэн илүү хөдөлгөөн хийх л юм бол сум буруу тийшээ хөдлөх болно. Бас цаг агаарын байдал нөлөөлнө. Салхины чиг, хурд, халуун нартай өдөр, хур бороотой үе тус тусдаа арга техник шаардана.
Миний хувьд үндэсний сурын харвааны судлалаар жаахан ажил хийж, шинжлэх ухааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр хандсан. Монгол сурын харвааны онол, арга зүйн сэдвээр багахан юм оролдсон хүн гэх үү дээ. “Монгол үндэсний сурын харвааны онол,арга зүйн үндэс” гэсэн ном 2006 онд гаргасан. Дараа жил нь, 2007 онд “Монгол үндэсний сурын харвааны онол, арга зүйн үндсийг боловсруулсан нь” гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Шинжлэх ухааны арга зүйн хувьд 2006 онд хэвлүүлсэн номдоо харваачийн алдаа гаргадаг шалтгаануудыг тоочиж оруулсан. “Нэг сум татаад тавихын хооронд алдаа гардаг 75 шалтгаан байдаг” гэж өвгөд ярьдаг байсан. Би өөрөө судалгаандаа сум давдаг, дутдаг, хазайдаг зэрэг бүх шалтгааныг тоолж үзээд 65-аас цааш хэтрүүлж чадаагүй юм.
Алдаа гаргадаг шалтгаанууд дотор сэтгэл зүйн шалтгаан тун олон. Сум татаж байх үедээ “миний сум өмнө нь тэгсэн шүү” гэж бодох л юм бол тэр нь алдах шалтаг болно. Тэгж бодсоноос болоод сумаа чангалаад давуулчихаж мэднэ. Дутааж ч магадгүй. Харваач хүн эхлээд харвааны өөрийн гэсэн техникээ тогтоох ёстой. Техникээ тогтоож, өөрийн гэсэн техниктэй болж байж сая оноо тогтоно. Оноо гэдэг олон харваснаар ч тогтдог эд биш.
-Эрийн гурван наадам дотроос сурын онцлог ялгаа юу вэ?
-Ёс суртахууны хувьд сур бол агуу спорт. Харваач хүн бусдыг дийлэх биш, зөвхөн өөрөө өөрийгөө захирч, хянаж байж ялалт байгуулдаг. Бас бие биеэ их хайрлаж байх ёстой. Цаанаа энэ маань бусдад үлгэр дуурайлал болдог, хамтын ажиллагаагаараа бусдад сайхан нөлөө үзүүлдгээрээ бахархдаг. Сурын соёлыг цаашдаа, хойч үедээ өвлүүлж хадгалах ёстой. Хүмүүсийн харилцааны соёл, техник, технологийн соёл, багаар ажиллах соёл гээд сурын гайхамшиг их л дээ.
Сурын харвааг зүгээр нэг хүн наадахын төлөө биш, үндэсний их соёл, өв хадгалж байгаа гэдгээрээ хариуцлагатай байх ёстой юм шиг санагддаг. Ёс, зан үйл нь хүмүүншүүлэх их үүрэгтэй. Дээр нь сурын харваа их хүмүүнлэг тоглоом л доо.
-Та анх яаж сурд орж байв. Ямар мэргэжилтэй хүн билээ, та?
-Би өөрөө физикч мэргэжилтэй багш хүн. МУИС-д багшилж байсан. Анх хөнгөн атлетик, цана энэ тэрээр хичээллэж байгаад 1973 онд 30 нас хүрч байхдаа сурд орсон хүн дээ. Гүйж харайдаг спорт чинь залуу цагийн юм. Цаашаа яах вэ гэж бодож байгаад харваж үзэхээр шийдсэн. Байт сурд орохоор нэг хэсэг үзлээ. Гэтэл байт жилийн дөрвөн улиралд байнгын арга хэмжээтэй. Тэгэхээр үндсэн ажлаасаа хөндийрөх гээд байдаг. Тэгээд үндэсний сурд орсон. Үндэсний сур бол зөвхөн урин дулаан цагт, амралтаараа оролдож болох тоглоом юм гээд л орсон нь тэр.
Ингээд би “сур”, “сурган” гэдэг хоёр юмтай зууралдсаар байгаад л насыг элээж явна. “Сурган” гэдэг нь боловсрол юм.
-Анх хүн дагаж харваж байв уу, өөрөө сурсан уу?
-Хүн дагалгүй яах вэ. МУИС-д А.Жавзмаа гэж Баянхонгорын гаралтай байт харвааны багш байсан. Одоо ч бий. Тэр багш надад “Чи үндэсний сураар харва” гэж хэлсэн. Булган аймгийн Бүрэгхангай сумын Улсын мэргэн “жижиг” Самбуу гэж хүн байсан юм. Тэр хүнийг надад зааж өглөө. Хавар, тавдугаар сард байх, сурын талбайд анх очиход харвааны нээлт болох гэж байлаа. Өвгөнийг сураглаад очсон чинь байж байна аа. Өвгөн мэргэн надтай танилцаад, хоёулаа тусдаа уулзах маягтай зайдуухан гарч суугаад надад хэлсэн л дээ.
“За хүүхээ, сур гэдэг чинь уртаашаа ухаан, өргөөшөө бяр шаарддаг тоглоом шүү” гэлээ. Тэгэхэд би бас бодлоо. “Тоо, физикийн хүнд чинь ухаан дутна гэж байхгүй ээ, бяр дутаж магадгүй юм даа” гэх маягийн юм санаанд ордог юм.
Тэгсэн яг сураар хичээллээд эхлэхэд бяр биш, ухаан дутдаг юм билээ. Түүнийг мэдэрсэн. Нөгөө өвгөчүүдийн “Харваж сурдаггүй юм аа” гэдгийн учрыг ч, сур харвана гэдэг нь байнга ухаан зарж байдаг эд юм байна гэдгийг ч ухаарсан даа. Ухаан зарна гэдэг амар юм биш.
-Физикийн хөдөлгөөний хуулиуд сур харвахад хэрэг болно биз?
-Ажиглаад байхад сумны хөдөлгөөн тэр чигээрээ физик шүү дээ. Ингээд сурын онолын талын асуудлыг жаахан оролдъё гэж судалгаа хийсэн. Сумны хөдөлгөөний онолын талын зүйлийг эхэлж барьж авч тооцоолсон. Манай физикт бол тэр чинь энгийн юм л даа. Би физикээ ашиглаж сурын онолын тооцооллоо олж авсан хүн.
Сурын сургалтад боловсролынхоо туршлагыг ч ашигласан. Физик, сурган хүмүүжүүлэх ухаан хоёроор сурын харвааны онол гаргах эхийг тавьсан гэх юм уу даа. Хажуугаар нь “Сурын харвааны нэр томъёоны товч тайлбар толь” гаргалаа. Залуус хамгийн эхлээд нэр томъёогоо зөв онож нэрлэх, өвөрмөц хэллэгүүд ямар учир үндэстэйг мэдэж байх учиртай. Жишээ нь, “Ганзага ганзага” гэж урианхай сурын уухайн үг. “Ганга” гэж буриад сурын харвааны зурхайн ар, өвөр талд газарт ухаж татсан нарийн шуудууны нэр гэх жишээтэй. Толийнхоо ард англи хэл дээр сурын хэллэгүүдийн талаар тайлбар оруулах гэж бас оролдсон.
-Сур түүхэндээ хэд, хэдэн удаа хориглогдож байсан гэдэг байх аа?
-Сур баригдаж, боогдож, харааны гадна орхигдож байсан үе бий. Манжийн үед нэг тийм байдалд орж байсан байдаг. Бөөгнөрч сур харвахыг хориглосон байсан гэдэг. Зэвсэгтэй хүмүүс бөөгнөрч байвал бидэн рүү дайрах аюултай гэж болгоомжилж байсан байж мэднэ.
Түүний дараа эрчүүд урин дулаан цагаар шагай, сур хоёр хөөгөөд мал ахуй, гэр орны ажлаа алдаад байхаар нь Богд хаан зарлиг гаргаж хорьж байсан байдаг. Шагайг бол бүр хорьсон. Сурыг арай тэгээгүй, зөвхөн даншиг наадмуудын үеэр зар тарааж харваачдыг цуглуулж авч ирж харвуулж байхаар болсон. Тэгэхдээ тэдэн тооны харваач ирүүл гэж зар өгдөг байж. Сурын харвааг бүр хорьж болоогүй, болох ч үгүй байсан байх. Сүүлд 1930-аад оны үед хорьж, нум сумыг хурааж, уул хаданд тавьж байсан ч үе бий. Феодалын тоглоом, лам нарын тоглоом гээд шалтаг мундахгүй. Лам нар сур их харвадаг байж. Тэгж биеийнхээ чилээг гаргалгүй ч яахав дээ. Сайн сайн харваач лам нар байсан гэдэг юм. Гэхдээ улсын наадмын үеэр харвахыг хориогүй. Наадам бүрээр эрийн гурван наадам болдгоороо болж байсан.
-Тэгээд хэзээ нийтийн дунд эргэж сэргэсэн юм бэ?
-1940 онд “Сурын товчоо” гэж байгуулагдсан, 1950-иад оны үед эргэж сэргэсэн дээ. 1959 оноос “Сурын холбоо”, 1989 оноос “Монголын Үндэсний сурын холбоо”, тэгээд 2019 оноос “Монголын Үндэсний харваачдын холбоо” нэртэй болоод байна. Гол нь 1959 онд холбоотой болсноор сурын харваа олон нийтийн шинжийг олж, спортын зэрэг цол олгодог болсон гэж хэлж болно.
-Таныг харваж эхэлснээс хойш сурын хөгжилд ямар өөрчлөлт гарав?
-Миний сурд орж байсан 1970-аад оноос хойш дүрэм журмаас гадна харвааны техник өөрчлөгдсөн. Зүгээр, хүн харахад нум татаад сум гаргаад байдаг юм шиг боловч “харвааны техник” гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл.
Жишээ нь, татлын хувьд ярихад гурван янзын байрлалтай “татал” гэж байдаг. Хуучин их хүнд сумаар харвадаг байж. Намайг анх сурд орж байхад 72 граммаас доош сумаар харвадаггүй байсан. Түүнийг явуулахын тулд доогуур татаж ташуу өнцөг гаргаж явуулах учиртай болдог.
Хүнд сумтай байхад цээжнийхээ хөх маханд мэдэрч харвадаг байсан гэдэг. Тэр битгий хэл дээхнэ үед тэрүүхэн тэндээ үхрийн шагай нуугаад уячихсан хүн ч байсан гэдэг.
-Хөдөлгөөнөө мэдрэхийн тулд хийж байгаа юм уу?
-Үгүй, татлын хэмжээ энд байна, энэ хүртэл татаад тавина гэж хэмжээгээ мэдэрч байгаа хэрэг юм. Тийм хүн унтаж байгаад шагай нь харагдаж, баригдаж байсан ч гэж ярьдаг юм.
Сум хөнгөн болоод ирэх үед дээгүүр татаж харвах боломжтой болсон. Ер нь дээгүүр, доогуур, дунд гэсэн гурван байрлалаар татаж байсан. Одоо бүгд дээгүүр таталттай болсон. Сум хөнгөрсөн учраас байт харваа маягийн татлаар татаж байна л даа.
-Харваанд өөр өөрчлөлт орсон уу?
-Миний Сурын холбооны ерөнхийлөгч болоод хийсэн нэг өөрчлөлт бол сумны жингийн хязгаарыг байхгүй болгосон. “Нум”, “сум”, “хүн” гурав хоорондоо нийцэж байж жинхэнэ онох нөхцөл бүрдэнэ. Физикийн л үүднээс харсан бодол л доо. Жингийн хязгаарлалтыг болиулснаар 40 сумандаа 40 онодог мэргэчүүдтэй болсон. Анх Ш.Даваахүү мэргэн улсын баяр наадмаар 40 онож түрүүлсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй арга зөв гэдгийг харуулсан.
-Үндэсний сураа хөгжүүлэх талаар танай холбоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Манай холбоо анх бие дааснаасаа хойш ТББ-уудын жишгээр харваачдынхаа эрх ашгийг хамгаалах, үндэсний сурын харваагаа сурталчлах, хөгжүүлэх, харваа, тэмцээнүүдийг зохион байгуулах, орон нутагт улам дэлгэрүүлэх зэрэг ажил хийж ирлээ.
1989 оны үед Улсын наадмаар 70-80 орчим харваач харвадаг байсан. Тэгвэл өнөөдөр харваачид хэдэн мянгаар тоологдож, улсын баяр наадамд харвах хүсэлтэй харваачид талбайдаа багтахаа болиод шигшиж байж 540 харваачийг харвуулдаг боллоо. Үндэсний сурын харваа сүүлийн жилүүдэд ингэж өргөжин тэлж, хөгжиж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 онд “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” тухай зарлиг гаргасан юм. Энэ бас их нөлөөлсөн. Ингэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулсан үндэсний спортын өөр төрөл байхгүй.
-Таныг багийн харвааг хөгжүүлэхэд их зүйл хийсэн гэж үнэлдэг. Энэ талаар тань сонирхъё...
-Би холбооны ерөнхийлөгч болоод багийн харвааг хөгжүүлэх зорилттой ажилласан. “Улсын аварга баг” шалгаруулах харвааг 1993 оноос хойш тогтмол явуулдаг болоод байгаа.
Баг харваачид бол тухайн аймаг, орон нутгийн харваачдын төлөвшил, амжилтад асар их нөлөөтэй. Манай холбоо, түүний өмнөх холбоо ч ялгаагүй, сурын харвааг орон нутагт хөгжүүлэхэд их анхаардаг байсан. Бүсчилсэн харваа явуулж харваачдад зэрэг, цол өгдөг байлаа. Түүний үр дүнд аймаг болгон багтай болсон.
-Сурыг бас хамгийн шударга спорт гэдэг?
-Сур бол найраагүй спорт. Олны нүдэн дээр алдаа, оноо нь ил харагддаг. Найраагүй гэдгийн хамгийн том зүйл нь хамтын шүүлттэй байдаг. Өрсөлдөгч багууд хамт зогсож байгаад оносон, оноогүйгээ шийддэг.
Тэр бүү хэл, цуваа харваж байхад ч зурхайд зогсож байгаа хүмүүс “дутлаа”, “онолоо” гэсэн дохиог бүгд зэрэг өгдөг шүү дээ. Тийм учраас найраагүй гэдэг юм уу, үнэн зөв үнэлгээ өгдөг нь хамтын шүүлтдээ л байдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
батхуяг багш: хүн соёлтой байжээж боловсролтой, мэдлэгтэй, эрүүл саруул, хүмүүжилтэй... байх болно. соёл соёл соёл. бид нарыг энэ хэдэн нэр томъёог дараалалд оруулаад жагсаагаадах гэдэг байж билээ. зарим оюутан нэгдүгээрт боловсрол гм хариулна, батхуяг багш өөрөө нэгдүгээрт соёл гэнэ. соёл гэсээр соёлын гавъяат болжээ.
Багшдаа баяр хүргэж эрүүл энх аз жаргалыг хүсье.
Багшдаа баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! МУИС-ийн оюутан байхдаа танаар анх сурын харваа заалгаж байсан шавь тань.