“Уул уурхай ба Оюун ухаан” хэлэлцүүлэг өнөөдөр /2020.10.06/ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев нээн үг хэллээ.
Тэрбээр Монгол Улсын эдийн засаг түүхэн хугацаанд ямар байсан бэ гэдгийг тайланд тоон зургаар үнэлж гаргасныг онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, төрөлжилт, эдийн засгийн өсөлтийн чанар, бүтээмжийн талаас хэлэлцэнэ гэдгийг хэлсэн. Мөн Монгол Улс уурхайгаас олсон орлогоо иргэддээ яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг асуудал чухал байгааг хэлсэн.
Уул уурхайн орлогоо зарцуулахдаа эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн ашиг сонирхолд тулгуурласан нь давуу талаа сул тал болгож байгааг тайланд онцолсон байгаа юм. Эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, нэг хувийг ирээдүйдээ зориулсан. Уул уурхайгаа барьцаалж өнөөдрийн өндөр хэрэглээгээ санхүүжүүлж байгаад мөн шүүмжлэлтэй хандаж байна.
Сануулахад, Дэлхийн банкнаас өнгөрсөн есдүгээр сард “Уул уурхай ба Оюун ухаан” тайланг гаргасан. Шинэ тайланд Монгол Улсын хөгжил дэвшлийн цаашдын зураглалтай холбоотой агуулгыг хөндсөн юм.
Тайланг боловсруулахад тэргүүлэн ажилласан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану хэлэхдээ “2017-2019 онд макро эдийн засгийн менежмент дорвитой сайжирсныг илтгэх олон үзүүлэлтүүд байгаа нь сайшаалтай бөгөөд энэ нь шинэ Засгийн газарт эдгээр шинэчлэлийг үргэлжлүүлэх таатай боломжийг олгож байна. Өнгөрсөн хугацаанд төсөвтэй холбоотой чухал ач холбогдолтой эерэг өөрчлөлтүүд гарсан нь реформ шинэчлэлийг шинээр нэвтрүүлснээс илүүтэй төсвийн бодлогоо хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлсэнээс голлон хамаарсан. Үүнээс харахад улс төрийн хүсэл зориг, манлайлал байвал энэ мэт эерэг өөрчлөлтүүдийг мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад салбарт ч гаргах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймд шинэ Засгийн газар бодлогын шинжтэй реформ, шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, хүрсэн ахиц дэвшлээсээ ухрахгүй байх нь туйлын чухал юм” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )