Киргизийн бослого Засгаа сольсноор өндөрлөх үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН ҮР ДҮН

Төв Азийн харьцангуй ардчилагч улсаар тооцогддог Киргизэд өнгөрөгч ням гарагт парламентын сонгууль явагдаж, нэг танхимт хууль тогтоох байгууллагын 120 гишүүний суудлын төлөө 16 намын нэр дэвшигчид өрсөлдсөн байна. Ингээд санал хураалтын үр дүнгээр "Биримдик" ("Единство"), "Мекеним Кыргызстан" ("Моя родина - Кыргызстан"), "Кыргызстан", "Бутун Кыргызстан" гэсэн дөрвөн нам тэргүүлсэн бөгөөд нийт сонгогчдын 56 хувь нь л саналаа өгчээ. Киргизийн Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдлээс харахад, тус улсын парламентад дөрвөн намын төлөөлөл сонгогдож, тэднээс гурав нь одоогийн эрх баригч улстөрчидтэй нягт холбоотой бөгөөд хүчтэй гэгддэг сөрөг хүчнийхнээс аль нь ч долоон хувийн босго шалгуурыг давж чадаагүй аж.  

Харин “Ата-Мекен” намын удирдагчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа бусад намуудтай нэгдэн сөрөг хүчний эвсэл байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол экс-Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын “нөөц нам” гэгддэг Социал-демократчууд нэн даруй жагсаал цуглаан зохион байгуулах тухай зарлан, төв талбай руу гарцгаасан байна.

Өнөөгийн парламентад зургаан бүлэг байдаг хэдий ч улстөрийн олон ургальч үзлийг харгалзалгүйгээр гишүүдийн ихэнх нь өөрийн намын харьяаллаа солих замаар Ерөнхийлөгчийг дэмжсээр иржээ. Харин Киргизийн ардчилалд ирээдүй байгаа эсэх, эсвэл тус орны улстөрийн систем Казахстан болон Орос тал руу хэлбийх хөдөлгөөн цаашид үргэлжлэх эсэхийг сонгуулийн эцсийн үр дүн шийдэх ёстой аж.

 

Босогчид парламентын байрыг эзлэв

Парламентын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан босогчид парламент болон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн байрыг эзлэн, Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев, Ерөнхий сайд асан Сапар Исаков, Жантор Сатыбалдиев нарыг хорихоос суллан гаргажээ. Эдгээр хүмүүс нь авлига хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан Сооронбай Жээнбековын засаглалын үед хорих ялаар шийтгэгдсэн аж. Сонгуульд оролцсон 16 намаас 12 нь санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, Ардын Засгийн газар байгуулахад бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тэдгээр намуудын удирдагчид сөрөг хүчний эвсэлд нэгдэцгээн, тайван замаар жагсаал цуглаан хийж эхэлсэн хэдий ч төдхөн Засгийн ордон руугаа дайрах хэмжээний болтлоо өргөжсөн байна. Хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резин сум ашиглан босогчдыг өдөр нь талбайгаас хөөн тараасан боловч хэдэн цагийн дараа босогчид бүр олуулаа болон эргэж ирээд Ерөнхийлөгч болон парламентын байрны нэг хаалгыг шөнөөр онгойлгон дотогшоо нэвтэрч чаджээ. Тэд Дотоод хэргийн яамны хэд  хэдэн машиныг шатааж, түргэн тусламжийн дөрвөн тэрэг рүү халдсан аж.

Өглөөгүүр Засгийн ордны хэд хэдэн давхарт түймэр гарч эхэлсний дараа гал сөнөөгчид болон эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч зарим хүмүүсийн тусламжтайгаар галыг унтраасан байна. Босогчид тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг албан тушаалаас нь огцруулж, шинэ Үндсэн хуультай болохыг шаардаж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн зүгээс “Хэд хэдэн улс төрийн хүчнүүд засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдож байна хэмээн мэдэгдээд, түүний тушаалын дагуу хүчнийхэн жагсагчид руу буудахгүй байгааг сануулжээ.

 

Хоригдлуудыг сулласан нь

Жагсагчдын нэлээд хэсэг нь Үндэсний аюулгүй байдлын байр руу очиж, экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Ерөнхий сайд асан Сапар Исаков, Жантор Сатыбалдиев нарыг шоронгоос сулласан байна. Босогчид ачааны тэргээр хаалгыг зад дайран, тусгай албаны нутаг дэвсгэр рүү нэвтрэн орсон аж. Дайралт хийгчдийг цагдаагийнхан бараг эсэргүүцээгүй бөгөөд “Бид ард түмэнтэйгээ хамт” хэмээн өгүүлсээр албан хаагчид гараа өргөн байрнаасаа гарч иржээ. Түүнээс гадна, парламентын гишүүн асан Садыр Жапаровыг тэнсэн харгалзах нөхцөлтэйгөөр сулласан байна. Энэхүү экс гишүүн нь алт олборлогч “Кумтор” уурхайн асуудалд орон нутгийн иргэдийн ашиг сонирхлыг тооцох, төсөл дэх улсын хувьцааг 70 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих үедээ хүн барьцаалсан хэргээр буруутгагдан шийтгэгдсэн аж.

Ерөнхийлөгч намуудын удирдлагатай уулзана

Өнөөгийн энэхүү босогчдын тэмцэл нь тусгаар тогтносон Киргиз Улсын түүхэнд гурав дахь удаагаа тохиолдож байгаа бөгөөд өмнө нь 2005, 2010 онд мөн ингэж бужигнаж байгаад засгаа сольсноор өндөрлөж байлаа. Тус улсын Ерөнхийлөгч Жээнбеков намууд сонгуулийн сурталчилгаанд ижилхэн нөхцөл байдалтайгаар оролцсон гэдгийг онцлоод, харин саналаа худалдах явдал асуудал дагуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр “Иймэрхүү сөрөг үзэгдлийг уг үндсээр нь устгахын тулд хүн амын эдийн засгийн нөхцөл байдлыг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Бид энэ асуудалд онцгой анхааран ажиллаж байна. Энэ бол бидний хувьд гол бодлого, зорилго юм” хэмээн өгүүлжээ. Статистикийн сүүлийн үеийн үзүүлэлтээс харахад, 1,6 сая киргизчүүд буюу хүн амын 27 хувь нь үгээгүй ядуу амьдарч байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Жээнбеков парламентын сонгуульд оролцсон 16 намын удирдагчидтай мягмар гарагт уулзахаар товлоод байгаа аж.

 

ЖАГСАГЧИД УУ, ЭСВЭЛ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ҮҮ

Засгийн ордныг дайрах оролдлогыг хорлон сүйтгэгчид үйлдсэн хэмээн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Сөрөг хүчний гол төлөөлөгчдийн нэг, “Ата-Мекен” намын удирдагч Жанар Акаев жагсаал цуглааны үеэр хөлдөө шархадсан бөгөөд “Бид хүмүүсийг орхиж явалгүй, эцсээ хүртэл зогсох болно. Дахин санал хураалт явагдах ёстой. Үе дамжсан систем болон чадамжгүй энэ парламент тарах хэрэгтэй. Хүмүүс ээ бүү тарцгаа, бид та бүхний өмнө зогсох болно” хэмээн тэрээр өмнөхөн нь уриалж байсан аж.

“Ийм олон хүн цугларна гэж би төсөөлөөгүй байсан. Саяхан сонгууль бус, харин жүжиг тоглоод өнгөрлөө. Иймэрхүү зүй бус үзэгдэл хүмүүсийг залхааж байна. Сонгуулийн дүнг зарласнаас хойш би гэртээ тайван сууж чадахгүй байгаа” гэж жагсагчдын нэг болох Айбек өгүүлсэн байна. Сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараахан ялагдсан намуудын удирдагчид сөрөг хүчний эвсэлд нэгдэцгээн, Бишкек болон тус улсын хоёр дахь том хот болох Ош, баруун зүгт орших Нарын хотод эсэргүүцлийн жагсаалд оролцохыг өөрсдийн талынхандаа уриалжээ. Киргиз Улсад нийтдээ зургаан сая хүн оршин суудаг бөгөөд тэднээс нэг сая орчим нь ОХУ-д ажиллаж амьдарч байна. Сонгуулийн насны 3,5 сая хүний 56 хувь нь энэ удаад саналаа өгч, ерөнхий дүн мэдээ болон сонгогдсон гишүүдийн нэрс хоёр долоо хоногийн дотор эцэслэн батламжлагдах аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top