Улс төрийн сэтгүүлч явсан Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу маргааш ирнэ

2020 оны 10 сарын 08

Гадаад хэргийн сайд нарын даллага

Монгол Улс ойрдоо гаднын том орнуудын Гадаад хэргийн сайд нарын даллагатай байна. Тэдний буухиаг тун удахгүй Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу залгана. Уг салхийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хагалсан билээ. Өвөрмонголд үүссэн монгол хэл, бичгийн асуудлаас болж түүнийг иргэд жагсаал цуглаантай угтсан ч төлөвлөсөн ажлуудаа амжуулаад нутаг буцсан. Хэдийгээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ван И сайдын айлчлалын дараа коронагийн халдвараас сэргийлэх 21 хоногийн тусгаарлалтад орох байсан ч үүнийг үл харгалзан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монголын сайдыг урьж Москва хотод айлчлуулав. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Н.Энхтайван, С.Лавров нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор хугацаагүй байгуулсан уг гэрээ хүчин төгөлдөр болсон.

Түүнээс нэг жилийн өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар тус гэрээнд гарын үсэг зурж, хоёр улсын парламент соёрхон баталж байв.

Энэхүү айлчлалын араас АНУ-ын Гадаад хэргийн сайд Майкл Помпео Монголд ирэх байсан боловч Токиод болсон хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод буцахаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар холбогдон очиж амжихгүй болсондоо хүлцэл өчсөн билээ. Ингэхдээ Азийн орнуудаар дахин айлчлал хийхдээ Монголд ирэхээ ч амлалаа.

Дэлхийн том гүрнүүд болох БНХАУ, ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын дараа мөн л хүчирхэг улс болох Японы Гадаад хэргийн сайд буухиаг залгана гэдэг нь Монгол Улс дэлхийн бодлого тодорхойлогчдын хувьд чухал орон болохыг харуулж буй. Хамгийн гол нь Монгол Улсын газар зүйн байршил, хоёр их гүрний дунд ардчилсан замаар замнаж хүчний тэнцвэрийг хадгалж буй, байгалийн баялаг, онгон тансаг газар орон, өвөрмөц ёс уламжлал, тэр бүү хэл цар тахлыг дотоодоо алдаагүй зэрэг нь гаднын орнуудын сонирхлыг татсаар байгаагийн гэрч юм. Японы сайд өөр бусад оронд хийх айлчлалыг хавсруулалгүйгээр зөвхөн Монголд ирнэ гэдэг нь чухал ач холбогдол агуулж буйг гэрчилж байгаа хэрэг биз ээ.

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицугийн айлчлалын үеэр хоёр талын хооронд яриа, хэлэлцээ болж, төр, засгийн удирдлагуудад бараалхах зэрэг дипломат үйл ажиллагаанууд болно.

Улс төрийн сэтгүүлчээс номын зохиогч хүртэл

Үүнийг үл өгүүлэн Мотэги Тошимицу сайдын талаарх сонирхолтой баримтуудаас хүргэе. Тэрээр Асикага хотод төрж, 1978 онд Токиогийн их сургуулийн эдийн засгийн факультетийг дүүргэжээ. Үүнээс таван жилийн дараа АНУ-д Харвардын их сургуулийн Ж.Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ. Түүний их сургуулиа дүүргээд ажлын гараагаа эхэлсэн газар нь “Марубени” худалдааны компани.

Харвард төгсөж ирээд тэрээр “Yomiuri Shimbun” сонинд улс төрийн сэтгүүлч болж, тэндээсээ 1992 он хүртэл “McKinsey & Company”-д зөвлөхөөр ажиллажээ.

Тэрээр спортоор хичээллэж, ном унших, аялах дуртай. “Японы дипломат боломжууд”, “Ялагчийн сонголт: аж үйлдвэрийн шинэ хувьсгал”, “Японы эдийн засгийг сэргээхэд өгөх сүүлийн хариу” зэрэг хэд хэдэн номын зохиогч юм.

Олон танхимд нүүртэй сайд

Мотэги Тошимицу нь гадаад бодлого, эдийн засаг, татвар, санхүү, хүний нөөц, худалдаа, аж үйлдвэр гээд олон салбарыг тэргүүлж явсан, аль ч салбарт гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ эн тэнцүү өрөгт тоглож чаддагаараа онцгой хүн юм. Түүгээрээ ч олны танил болж, Засгийн газрууд солигдож, танхимууд сэлгэж байвч сайдын ажлаасаа төдийлөн буулгүй явсаар иржээ. Монголчууд аль ч төрд ажилтай, албатай яваа нэгнийг “Олон төрд нүүртэй хүн” гэдэг. Тэгвэл ноён Мотэги Тошимицу чухам тийм “Олон танхимд нүүртэй сайд” ажээ.

Ноён Мотэги Тошимицу 1993 оноос улс төрд хөл тавьж, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн болж есөн удаа улиран сонгогдсон байдаг. Энэ үедээ 1995 онд Либерал ардчилсан намын гишүүнээр элсжээ. Түүний улс төрийн шатаар өгсөх карьер 2002 оноос эхэлж, Ерөнхий сайд Ж.Коизумийн танхимд Гадаад хэргийн дэд сайд болж, дараа жилээс нь мөн танхимд Окинава болон хойд мужуудыг хариуцаж, Шинжлэх ухаан, техникийн бодлого, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн сайдын алба хашив.

Тэрээр Ерөнхий сайд Ясуо Фукудогийн танхимд санхүүгийн туслалцаа, захиргааны шинэчлэл эрхэлсэн төрийн сайд, 2012 онд Шинзо Абэгийн бүрдүүлсэн хоёр дахь танхимд эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, 2017 оноос Шинзо Абэгийн гурав дахь танхимд Эдийн засаг, татвар, Хүний нөөцийн бодлого, Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайдаар, 2018 оны намраас Шинзо Абэгийн дөрөв дэх танхимд Эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн сайд, Япон-АНУ-ын хооронд тогтоосон нийгмийн хангамж, худалдааны хэлэлцээрийг шинэчлэх асуудал хариуцсан сайд, 2019 оны арваннэгдүгээр сараас Гадаад харилцааны сайдаар томилогдож, саяхан Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа бууж, танхимын бүрэлдэхүүн огцорсны дараа шинэ Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн танхимд Гадаад хэргийн сайдаар улиран ажиллаж байгаа билээ.

Тэрээр саяхан НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад дэлхийн олон орны төр, засгийн томчуудан хамт үг хэлсэн өндөр хэмжээний улстөрч юм.

Ийнхүү олон улсын тавцанд нэр хүндтэй Японы Гадаад хэргийн сайд, чамбай улстөрч Мотэги Тошимицу Монгол Улсад айлчилж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар ярилцах гэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top