Уулын Карабах дахь Армений цэргийн байршлуудад Азербайжаны нисгэгчгүй төхөөрөмжүүд цохилт өгч буй видео бичлэгүүд цацагдаж байгаа нь тус бүс нутагт үргэлжилж буй зөрчил мөргөлдөөн шинээр хурцдаж байгааг илтгэх бодит үзүүлэн болсоор байна.
Азербайжаны Батлан хамгаалах яамны зүгээс тагнуулч-дронуудын авсан гэрэл зургууд, нисгэгчгүй төхөөрөмжүүдийн камераас авсан видео болон “дрон-камикадзе” дамжуулсан бичлэгүүдийг түгээж байгаа аж. “Дрон-камикадзе” гэдэг нь сөнөөгч нисгэгчгүй төхөөрөмж бөгөөд өөрийн зорилтот байг буудалгүйгээр, харин дээрээс нь унаж дэлбэрэх маягаар устгадаг “амиа золиослогч-дрон” юм.
Сүүлийн хэдэн жил Баку, Ереван аль аль нь зэвсэглэл худалдан авахад нэлээдгүй их хөрөнгө зарцуулсан бөгөөд Азербайжан нь Армениас ялимгүй ихийг зарлагадахдаа нисгэгчгүй төхөөрөмжийн системд онцгойлон анхаарчээ.
“Байрактар”
Уулын Карабах дахь өнөөгийн хурцадмал байдлын үед Туркийн сөнөөгч Bayraktar TB2 хэмээх нисгэгчгүй төхөөрөмж ихэд алдаршиж байна. Карабах дахь зорилтот байнуудад цохилт өгч буй видео бичлэгүүдийг Азербайжаны цэргийнхэн түгээж байгаагийн ихэнх нь энэхүү төхөөрөмжөөр бичигдсэн аж.
Туркийн Baykar компани хэдэн жилийн өмнө энэ дроныг зохион бүтээсэн бөгөөд операторын тусламжтайгаар, эсвэл бие даан үйлдэл хийх чадвартай уг төхөөрөмжийг тагнуул тандалт хийх болон эсрэг талын байнд цохилт өгөхөд ашиглах боломжтой юм. Туркийн Roketsan Roket Sanayii ve Ticaret A.S.компанийн үйлдвэрлэсэн лазерын удирдлага бүхий MAM (Mini Akıllı Mühimmat - "Ухаалаг мини-сум") тэсрэх бөмбөгийг энэ төхөөрөмжөөр зөөвөрлөж байна.
ТВ2 дроны зах зээл дээр жинхэнэ “од” болж, Турк улс түүнийг 2020 оны хоёрдугаар сард Сирид “Хаврын бамбай” ажиллагаа явуулах үедээ ашиглаж байжээ. Мөн үүнээс өмнө Ливид Хафтарын армийн эсрэг Bayraktar TB2-ыг хэрэглэж байсан аж. Эдгээр дроныг Турк улс Украинд худалдаж байсан, мөн Сербийн зүгээс энэхүү төхөөрөмжийг сонирхоод эхэлсэн тухай Туркийн мэдээллийн Анадолу агентлаг саяхан мэдээлжээ.
Армений хуягт техникүүдийг сөнөөж буй олон бичлэгийг Bayraktar TB2-ын камераар хийсэн нь тогтоогдоод байгаа хэдий ч эдгээр нисгэгчгүй төхөөрөмжүүд нь Азербайжаны армийн зэвсэглэлд үнэхээр байдаг гэсэн нотолгоо биш хэмээн шинжээчид үзэж байна. Азербайжаны талд Туркийн ямар нэгэн сөнөөгч нисгэгчгүй төхөөрөмжүүд байгаа талаар ерөнхийлөгч Ильхам Алиев саяхан мэдэгдсэн бөгөөд иймэрхүү дронуудыг авахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Закир Гасанов энэ оны зургаадугаар сард мэдээлж байсан юм.
Хэл ам дагуулсан дрон
Туркийн нисгэгчгүй төхөөрөмжүүдийг худалдан авсан, хэрэглэж байгаа тухай албан ёсны мэдээлэл өнөөг хүртэл байхгүй байгаа нь гуравдагч орны технологийг ашиглах асуудалтай холбоотой байх магадлалтай аж. Туркийн дронуудыг Карабах дахь тулаанд ашиглаж байж болзошгүй гэх сэрдлэгийн улмаас Канадын зүгээс Турк улсад нийлүүлдэг нисгэгчгүй төхөөрөмжийн сэлбэг эд ангиудын экспортоо зогсоох тухай өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн байна.
“Канадын экспортын хяналт шалгалтын хатуу дэг журам болон бүс нутагт үргэлжилсээр буй байлдааны ажиллагааны улмаас цаашдын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх цаг гаргахын тулд би Турк руу экспорт хийхтэй холбоотой зөвшөөрлийг олгохоо зогсоосон” хэмээн Канадын Гадаад хэргийн сайд Франсуа-Филипп Шампань мэдэгджээ.
Канадын Project Ploughshares төрийн бус байгууллагын баталж буйгаар, Карабах дахь нисгэгчгүй төхөөрөмжүүдийн цохилтыг дүрсэлсэн зургуудыг авахдаа L3Harris Technologies Inc. хэмээх Канадын салбар компанийн тоног төхөөрөмжийг ашигласан байна гэжээ. Үүний хариуд Туркийн Батлан хамгаалах яамны зүгээс мэдээлэл хийхдээ, НАТО-ын эвсэлд оролцогч орнуудын эв нэгдлийг зөрчсөнд Канадыг буруутгаж, “Армений эзлэн түрэмгийлэл дор 30 жилийн турш оршиж буй өөрийн газар нутгаа чөлөөлөхийн төлөө Азербайжаны хийж байгаа эрх тэгш тэмцэлд хэрэглэгдэх цэргийн зориулалтын зарим бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг зогсоох тухай Канадын мэдэгдэл нь хоёрдмол стандартын тод илрэл болж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Нисгэгчгүй төхөөрөмжүүдийн Арми
Азербайжаны арми өөр бусад загварын дронуудыг ч мөн ихээр хэрэглэж байна. Америкийн Бард-коллежийн байлдааны нисгэгчгүй төхөөрөмжүүдийн судалгааны төвийн баримтаас харахад, өнгөрөх жил Азербайжаны армийн зэвсэглэлд Израилын тагнуул-эргүүлийн Heron TP нисгэгчгүй онгоц хоёр ширхэг, Hermes 4507 арван ширхэг, Sky Striker байлдааны дрон 100 ширхэг, Harop 50 ширхэг байсан гэжээ. Түүнээс гадна, тагнуулч-дрон Aerostar, "камикадзе" Orbiter1K болон Orbiter-3, мөн алсын тусгалт Hermes 900 эргийн хамгаалалтын албанд хоёр ширхэг байсан аж.
Лондонгийн Кингс-Коллежийн цэргийн судалгааны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн шинжээч Роб Ли ВВС-д ярилцлага өгөхдөө, Карабах дахь өнөөгийн хурцадмал зөрчил мөргөлдөөний үед пуужинт-бөмбөг бүхий сөнөөгч дронууд ашиглаж байгаа явдал урд өмнөхөөс ялгарах гол онцлог юм хэмээн тусгайлан дүгнэсэн байна.
Арменд ийм төхөөрөмжүүд бий юу
“Армен улс сүүлийн жилүүдэд дроны наймаа хийгээгүй бөгөөд энэ нь магадгүй, Азербайжаны нисгэгчгүй төхөөрөмжүүдийн учруулах аюулыг дутуу үнэлсэнтэй холбоотой байх” хэмээн нэгэн шинжээч өгүүлжээ. Тэрээр “Нисгэгчгүй төхөөрөмжийн наймааны талаар ямар нэгэн төлөвлөгөө дуулдаагүй. Оростой энэ талын гэрээ хэлцэл хийгдээгүй. Уг нь Хятадаас ч юм уу, Иранаас худалдаж авах хэрэгтэй байсан юм. Гэвч энд бас их мөнгөний асуудал яригдах нь мэдээж. Хэрэв Оросоос авахаар бол хөнгөлөлттэй зээлээр боломжтой, харин Хятадтай наймаалцахад нэлээн хүндрэлтэй байж магадгүй. Арменчууд өөрийн нисгэгчгүй төхөөрөмжүүдийн талаар ярьж байгаа боловч одоогоор тэдгээр нь харагдахгүй байна” хэмээн уг шинжээч дурдсан байна.
Армен улс “Крунк” /оросоор “Журавль”-Тогоруу/ хэмээх нэгдүгээр /хөнгөн/ ангиллын тагнуулын нисгэгчгүй төхөөрөмж үйлдвэрлэсэн бөгөөд Уулын Карабах-д хэд байгаа нь тодорхойгүй байна. Армен ойрын зайн “Тор” зенит-пуужингийн комплекс Оросоос худалдаж авсан, түүнийг нисгэгчгүй төхөөрөмжүүдийн эсрэг үр дүнтэй ашиглаж болох хэдий ч одоогоор Карабах-д хэрэглэж буй нь ажиглагдаагүй. Харин “Оса”, “Стрела” хэмээх зөвлөлтийн үйлдвэрийн зенит-пуужингийн комплекс Уулын Карабах улсад байдаг бөгөөд тэдний тусламжтайгаар Азербайжаны хэд хэдэн нисгэгчгүй төхөөрөмжийг устгаж чаджээ.
Дронуудаас хэрхэн хамгаалах вэ
Шинжээч Роб Ли “Азербайжаны нисгэгчгүй төхөөрөмжүүдийн цохилтоос Армены тал нэлээдгүй хохирол амсаад байгаа хэдий ч хэн нэгнийх нь ялалт, ялагдлыг дүгнэхэд хэтэрхий эрт юм. Тэгээд ч ТВ2 дангаараа энэхүү мөргөлдөөнд ялж чадахгүй” гэж өгүүлсэн байна.
Цэргийн шинжээч Виктор Мураховский “Дронууд дайны талбарт шинэ төрлийн зэвсэглэл болж, тэднийг идэвхтэй хэрэглэж байгаа хэдий ч тэднээс хамгаалах арга хэрэгслүүд бас аль хэдийн гараад ирчихсэн байгаа. Карабах одоогоор орчин үеийн хамгаалах төхөөрөмжүүд худалдан авах бэл бэнчин муутай учраас газар доорх хоргодох байр, нуувч-халхавчийг олноор бэлдээд, өөрийн цэрэг зэвсэг, техникийн байршлуудаа сайтар нууж чадвал нисгэгчгүй төхөөрөмжүүдээс хамгаалах бүрэн боломжтой” хэмээн зөвлөжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
mongoliin ene heden hulgaich nar hulgailj idseer btal orchin ueiin tsereg baildaanii tehnology sansart garaad yavchlaa, hujaagiin iim turliin 10 hedhen dron orj ireed mongoliin armiig unsen tovrogo bolgono shd, teheer, odoonoos batlan hamgaalah salbartaa hurungu haymaar bn, huuchnii heden tank aka buu hergguie, iimerhuu dron yum humnuudaas avah hergtei..
монголд хэрэгтэй технологи шүү \n
Казахстан бас Туркээс дрон худалдаж авч бга сураг б.а лээ