Киргизчүүд Монголын улс төрийн туршлагаас будилааныг нь сурав уу

2020 оны 10 сарын 09

МАНАЙ “САДАН” ХИРГИСҮҮД

Киргиз хүмүүс монголчуудтай нүүр царай, бие бялдрын хувьд үйлийн үргүй төстэй. Үг ярианд нь хурууд гэх мэт ижил үгс тааралдана. Бас төрийн далбаандаа нарны алтан цацрагаар хүрээлсэн гэрийн тооно залсан улс. Энэ талаар киргиз сэтгүүлчдээс сонсож мэдсэн билээ. Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад 2002 онд айлчлахдаа зориуд Увс аймгийг зорин Хяргас нууранд очиж уснаас нь амсаж байв. “Киргиз гэдэг нь Хяргас гэсэн үгээс гаралтай. Манай өвөг дээдэс Хяргасын орчимд аж төрж байсан” хэмээн ноён А.Акаев энэ тухайгаа тайлбарлаж байсан. Хөдөө хээр тааралдах хиргисүүрийг киргизүүдтэй холбон ярьдаг ч зарим түүхч, археологичид няцаадаг. Хөдөө аж ахуй эрхэлдэг, цагаан идээ боловсруулж зах зээлд гаргадаг, мах ихтэй хоол зооглодог, хөдөөгүүрээ сүүтэй цай уудаг, ажил төрлийг хойш тавих дуртай гээд манай “садан” хиргисүүдэд адилхан тал их. Бас тал талаасаа Казахстан, Узбекистан, Тажикстан, БНХАУ-аар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон гэдгээрээ ижил. Киргизстан ШХАБ-ын анхны таван гишүүн орны нэг, харин Монгол Улс тус байгууллагын ажиглагч.

 

Манай баруун гарын шавь Киргиз

Хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван стан-аас /Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменстан/ Киргизс­тан ганцаараа парламентын засаглалтай болсноороо онцлог. Хатагтай Р.Отанбаева улсын Ерөнхийлөгч байсан 2010 оноос парламентын засаглал руу шилжсэн билээ.

Киргизүүд хамгийн ойр ардчилсан улс гэдгээрээ Монголоос ардчиллын туршлага судлах дуртай. Ер нь манай баруун гарын шавь гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, УИХ-ын 2012 оны сонгуулийг тэдний төлөөлөгчид ажиглаж, туршлага судлаад буцсан. Киргизийн төлөөлөгчид Монголоос ардчилсан хөдөлгөөний төлөв байдал, сонгуулийн систем, сонгууль хийдэг зарчим, олон намын тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, парламентыг хэн тараах эрхтэй, Ерөнхийлөгч, парламентын эрх үүргийн зааг ялгаа, Засгийн газраа яаж байгуулдаг, шүүх эрх мэдлийн шинэчлэл, орон нутгийн удирдлагыг сонгодог хэлбэр, авлигын эсрэг ашигладаг механизм, намуудын санхүүжилт, тусгай албадын удирдлагыг хэн хариуцдаг, ерөнхий шүүгч, ерөнхий прокурорын томилгоо, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яаж дэвшүүлдэг зэрэг олон зүйлийг манай талаас судалсан байдаг.  Бүгд Найрамдах Киргиз Улсын төлөөлөгчид Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд олонтаа зочилж, сонгогчийн бүртгэл хийх, санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн туршлагыг судлан 2015 оноос өөрийн оронд нэвтрүүлээд байгаа юм. Сая энэ туршлагаар хийсэн сонгууль будилаан тарих шиг боллоо. Одоо харж байхад Киргизчүүд Монголын туршлагаас будилааныг нь илүү сурав уу гэлтэй. Бүр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг сая бараг л давтлаа. Гэхдээ жагсагчдын талд үр дүнтэй байдалд хүрч чадлаа. Ерөнхийдөө 2005 онд болж, мөнөөх Монголд айлчилсан А.Акаевыг Төрийн тэргүүнээс буулгасан анхны хувьсгалаас хойших 15 жилийн хугацаанд гурав дахь хувьсгалын шинжтэй тэмцлээ өрнүүлээд байгаа нь энэ. Манай хоёрын улс төрийн явц байдалд ижил төстэй зүйл олон. Зургаан сая гаруйхан хүн амтай энэ улс 200 гаруй улс төрийн намтай. Олон нийтийн байгууллагууд замбараагүй олноор тоологдоно. “Хүн амаасаа олон шахам намтай” гэж тэднийхийг шоглох нь ч бий. Бишкект 2015 онд очиж байхад “Хүн болгон шахам л лидер болох хүсэлтэй, түүнээсээ болоод хүчээ тарамдуулдаг, хэтэрхий олон улс төрийн нам үүссэн” гэж Киргиз дэх Монголын консулын ажилтнууд ярьж байсан юм. Яг ийм байдал Монголд бий. Мьянмарын ардчилсан хүчний лидер, хатагтай Ан Сан Су Чи Монголд ирээд, манай төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хэтэрхий олон нам, олон нийтийн байгууллагууд ижил зорилгоор ажиллаж, хүчээ сарниулж байгаад эгдүүцэж “Дүр эсгэсэн ардчилал аюултай” хэмээн сануулж байв. Энэ байдал Киргизэд мөн адилхан харагддаг. Монголд дарга, тамга, туг гурваас өөр шалих зүйлгүй нам олон байдаг шиг Киргизийн 200 гаруй нэр төдий намаас арав гаруйхан нь сонгуульд оролцдог ажээ. Монголоос ялгаатай нь киргизүүд дарга нартаа ширүүн үедээ ширүүн. Монгол Улсад 2014 онд айлчилсан Ерөнхий сайд Д.К. Оторбаевыг томилолтын хугацаагаа хэтрүүлсэн хэмээн заргалдаж, арга хэмжээ авах шахсан удаатай.

 

Сая юу болов

Өнгөрсөн ням гараг буюу аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаал гарсныг цагдаа нар нулимс асгаруулагч, даралттай ус ашиглан хүчээр тараасныг уншигчид мэдэж байгаа. Сонгуульд 16 нам өрсөлдсөнөөс дөрөвхөн нь суудал авах босгыг давснаас гурван нам нь өнөөгийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой холбоотой хэмээн сөрөг хүчнийхэн үзжээ. Үйл явдлын улмаас 600 гаруй хүн бэртэж гэмтэн, нэг хүн амь үрэгджээ. Бишкек хотод жагсагчид сонгуулийг хүчингүй болгохыг шаардан парламентын ордон руу дайран орж, Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын албан өрөөний цонхоор цаас шидэж, парламентын цагаан ордныхоо талыг галд өргөсөн билээ. Хорионоос зарим хүнийг сулласны дотор авлигын хэргээр өнгөрсөн зун 11 жилээр таслагдан аавын хаалга татсан экс Ерөнхийлөгч Алмазбек Атанбаев, Парламентын гишүүн асан Садыр Жапаров нарын зэрэг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий­лөгч Сооронбай Жээнбеков үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа явуулж буй парламент сөрөг хүчний лидерүүдийн нэг Мыктыбек Абдылдаевыг даргаараа сонгожээ. Сонгуулийн төв комисс нь саяын сонгуулийн үр дүнг цуцалж, хоёр долоо хоногийн дотор дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээв. Дотоод хэргийн сайд нь ажилдаа морилсонгүй. Түүний танхимд сөрөг хүчний төлөөлөгч ажиллаж байгаа гэнэ. Парламент дахь сөрөг хүчний гишүүдийн шахалтаар Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын бүрэн эрхийн асуудлыг хөндөж, улс орныг Парламентын дарга тэргүүлдэг болж ч мэднэ хэмээн ажиглагчид дүгнэжээ. Гудамжны улс төр, жагсаалыг эхлүүлсэн сөрөг хүчнийхэн хариуцлагаа үл хүлээн байдлыг ойлгомжгүй болгосны улмаас энэ улс оронд хэн засаглахыг хэлэхэд бэрх байна хэмээн судлаачид хэлсэн байна. Одоогоор экс Ерөнхийлөгч А.Атанбаев болон авлигын голдуу хэргээр сууж байгаад сая хорионоос суллагдсан улстөрчдийн талынхан, хуучны танил сөрөг хүчний талыг баримтлагчид болон олон жил төр, засгийн суудлыг эзэгнэсэн “өвгөд”-ийг суудлаасаа буухыг шаардсан залуусын хөдөлгөөнийхөн гэсэн нөлөөлийн гурван хүрээлэл үүсээд байгаа бөгөөд харамсалтай нь залуучуудын хүч сулхан байгаа ажээ. Өнгөрсөн 2019 оны судалгаагаар хүн амын тавны нэг нь ядуусын тоонд багтсан агаад 1,5 сая хүн өдөрт бүтэн хагас хүрэхгүй ам.доллларын орлоготой гэсэн үзүүлэлт гарчээ. Үүний зэрэгцээ КОВИД 19-ийн халдвар эдийн засгийг нь улам хойш чангааж байна. Иймд ард олон улс орноо өөд татах эрч хүчтэй удирдагч, улстөрчдийг юу юунаас илүү хүсэмжлэх болжээ.

 

ТЭД ЮУНААС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Үймээн, бужигнаан дундуур ислам шашны харгис урсгал ороод ирэх вий гэсэн түгшүүр бас бий болжээ. Хэдийгээр киргизүүдийн дийлэнх ислам шашинтай боловч тийм ч хатуу чанд сүсэгтнүүд бус. Гэвч гивлүүргүй ч урт хар нөмрөгтэй залуу охид Бишкекийн гудамжаар алхах нь хэдэн жилийн өмнөөс харагдаж эхэлсэн. Загвар буюу мода гэсэн утгаар залуусын шохоорхлыг тиймэрхүү зүйлээр татдаг, түүгээрээ улбаалаад шашны хатуу зан үйл оруулж ирэх боломжтой далд хүчин бий гэж жийрхэх хүмүүс ч байдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө тус улсын өмнөд хэсгийн узбек үндэстэн голдуу суурьшдаг Ош, Жалалабад мужид киргиз, узбекчүүдийн хооронд мөргөлдөөн үүсч, цус асгаруулсны улмаас  онц байдал тогтоож байсан билээ. “Нойрноос морио, чөмөгнөөс хутгаа” гэгчээр удаа дараа улс төрийн үймээн самуун үүсгэдэг киргизүүд энэ зуур гаднын нөлөө орж ирүүзэй гэдгээс давхар болгоомжилж байгаа ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Salam(66.181.168.131) 2020 оны 10 сарын 09

Udahgui hotin gudamjaar hirgis gasah hujaanuud buugnurch ohid huuhdii ni uduj eregteichuudin balbadag boloh biz,

0  |  0
Top