Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулах арга хэмжээ “Blue Sky” зочид буудалд /2020.10.09/ боллоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арга хэмжээг нээн үг хэлэхдээ Төв банкны Мөнгөний бодлого тогтвортой байхыг зорьдог. Зүй нь зорилго тодорхой байхад бодлого тодорхой, тогтортой байх ёстой байдаг гэж тэрбээр онцоллоо.
Харин манай тухайд УИХ-ын гишүүд ч юм уу, олон нийтийн зүгээс Мөнгөний бодлоготой холбоотой шүүмж хэлэхдээ нөгөө л нэг өмнөх жил яригдсан асуулга нь дахиад давтагдсан байна гээд байдаг. Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр. Тиймээс зарчмын өөрчлөлт бага байдаг. Таван жилийн өмнөхөөс, нэг жилийн өмнөхөөс Төрийн мөнгөний бодлогод багахан хэмжээний л өөрчлөлт орж байдаг гэж Б.Лхагвасүрэн хэлж байна.
Төрийн Мөнгөний бодлого гурван агуулгыг барьдаг. Макро эдийн засгийн тогтвортой байдал, манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбар, хууль эрх зүйн орчин, санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж хөгжүүлэх вэ гэсэн гурван бүлэг заалтад агуулгаа багтаадаг.
Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогыг тодорхойлохын тулд тухайн жилийнхээ суурь нөхцөл байдалд тулгуурлаж тооцдог.
Цар тахалтай холбоотойгоор манай улс нэгдүгээр сарын 27-ноос хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх л шийдвэрүүд коронавирустэй холбоотой гарсан.
Мөнгөний бодлогын хороо хуулиараа 4 удаа хуралдах ёстой. Цар тахалтай холбоотойгоор ээлжит бусаар нэмж хоёр удаа хуралдаж, шийдвэр гаргаад байна.
Мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн шийдвэр гаргаж байгаа. Төсвийн алдагдал 5 хувь байсныг тодотголоор 7 хувиар нэмж, 12 хувь болгосон. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцтэй явах ёстой гэдэг үүднээс мөнгөний бодлого хатуурах ёстой. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын үүднээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрүүд гарсан. Мөнгөний бодлогын хороо 14 хоногийн зайтай хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг тус бүр нэг нэгж хувиар бууруулсан. Дараа нь есдүгээр сарын хурлаар нэг нэгж хувиар буулгаж, 8 хувьд хүргэсэн гэлээ.
Гүйцэтгэх захирлууд цар тахлын үед УДИРДАХ АРГА БАРИЛАА олцгоож байна
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг танилцуулж, эдийн засгийн төлөв байдал, ирэх сорилтуудыг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр коронавируснээс шалтгаалсан гутранги байдал дотоод, гадаад эдийн засагт аль аль талд буурч байгааг онцоллоо. Гэхдээ тодорхой бус байдал үргэлжилж байгааг сануулсан.
Мөнгөний бодлогын төсөлд төлбөрийн тэнцлийн төсөөллийг тусгахдаа Хятадын эдийн засгийн өсөлтийг өндрөөр харсан байж магадгүй. АНУ-ын эдийн засгийн төлөвийг хэвээр хадгалсан. Ерөнхийдөө улс орнууд хөл хориог сулруулаад буцаагаад чангалаад, эргээд сулруулсан байр байдалтай байна. Дэлхийн худалдаа экспорт, импорт зургаадугаар сараас сэргэсэн.
Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаагаар эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буй нь цар тахлын үед удирдах арга барилуудаа олж байгааг харуулж байна. Манай улсын уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэнэ. Зээлжих зэрэглэл буурах эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Манай улс үүссэн нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэхээс, гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалж үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн дараа дараагийн шийдвэрүүдийг гаргана гэлээ.
Тодотгоход, Энэ 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, ГВАН 770 сая ам.доллароор буурч төгрөгийн ханш сулрах дарамттай байгааг Мөнгөний бодлогын төсөлд онцолсон.
Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байх тооцоолол байна.
Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзсэн тул нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, ГШХО-ын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум24 ам.долларт хүрэхээр төсөөлсөн байгаа юм.
Харин Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр гадаад зээлийн ашиглалт өмнөх оноос буурч 1.5 тэрбум орчим ам.доллар байхаар байнa. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй хэдий ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллароор тэлж буй нь нөлөөлж байна.
Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалай “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулсан. Дэлхийн банкнаас манай улсад хийсэн эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны хүрээнд тэрбээр илтгэлээ танилцуулсан юм.
Монгол Улсын эдийн засаг яагаад өндөр хэлбэлзэлтэй байна вэ гэдгийг судалжээ. Бодлогын нөлөөллөөр дамжуулан хэлбэлзлийг хянах боломжтой байж болохыг судалгаа харуулж буйг хэлсэн.
Төсөв, мөнгө, ханшийн бодлого нь эдийн засгийн хэлбэлзлийг сааруулах ёстой. Гэтэл 2000-2019 оны хоорон дахь нөхцөл байдлыг авч үзэхэд бодлогын хүчин зүйл нь эдийн засгийн хэлбэлзлийг илүү даамжруулж байна. Мөчлөг дагасан шинжтэй байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )